Колумбийн Ерөнхийлөгч “Ертөнцийн мисс”-ийн тэмцээнийг үзээд шоконд оржээ
"Ертөнцийн мисс” тэмцээний ялагчийг зарлах мөчид Филиппинийг төлөөлөн оролцсон гоо бүсгүй тэргүүн титмийг хүртсэн бол Колумбийн мисс хоёрдугаар байрт шалгарсан. Гэвч тэмцээнийг хөтлөн явуулсан АНУ-ын инээдмийн жүжигчин Стив Харве тэргүүн титмийн эзнийг Колумбийг төлөөлөн оролцсон Ариадна Гутиеррез хэмээн зарласан юм. Нэвтрүүлгийн хөтөлбөр бичсэн картыг уншихдаа тэрбээр ийнхүү алдаа гаргасан аж.
Улмаар Колумбийн мисс туйлын их баярлан нүдэндээ нулимстайгаар гарч титмээ хүртэн үзэгчидтэйгээ мэндчилж байсан боловч хэдхэн минутын дараа алдаа гарлаа хэмээн зарласан гэнэ.
Хөтлөгч "Үнэхээр уучлаарай. Колумбийн мисс хоёрдугаарт шалгарсан. 2015 оны Ертөнцийн миссээр Филиппиний гоо бүсгүй тодорсон” гэж хөтлөгчийг хэлэхэд хөгжим дахин эгшиглэж, Филиппиний гоо бүсгүй Пиа Алонзо Вурткбач дээр гэрэл тусчээ. Харин алдаа гарсан гэдгээ зарласны дараа Пиа Алонзо бүсгүй юу болоод байгааг гайхсан аястай зогссон аж. Харин гайхшаа барсан үзэгчдийн өмнө хөтлөгч Харве "Миний буруу. Гэхдээ хөтөлбөрт ингэж бичсэн байсан” гэх тайлбарыг хийсэн байна.
Тэгвэл энэ тэмцээний дараа Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос энэ удаагийн тэмцээнийг үзээд шоконд орсон тухайгаа ярьжээ. Тэрбээр шууд нэвтрүүлгийг гэр бүлийнхээ хамтаар үзсэн байна. Улмаар улсыг нь төлөөлөн оролцсон гоо бүсгүй миссийн титмийг хүртэхэд туйлын их баярласан хэдий ч, хэсэг хормын дараа алдаа гэж зарлан Филиппиний мисст шилжүүлэхэд шоконд орсон хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр "Миний хувьд манай мисс Ертөнцийн миссийн титмийг хүртэж чадсан. Түүнд миссийн титмийг гардуулаагүй гэж үү. Үүнийг зураг гэрчилнэ. Тиймээс миний хувьд улсыг төлөөлөн оролцсон мисс маань энэ оны Ертөнцийн мисс болж чадсан” гэсэн байна.