“Манай хүүхдүүд Хүүхдийн мөнгө авдаггүй”
Эдийн засаг хямарсан, алдагдалтай төсөв батлагдсан гэх шалгаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх үеэр хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг парламентийн гишүүд гаргасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг олгохдоо тодорхой шалгуурыг тавьж, тэрхүү шалгуурт тэнцсэн айлын хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болоод байсан юм. Хөргөгч, зурагт, угаалгын машинтай "чинээлэг” гэр бүлд төрж өссөн хүүхдүүд Хүүхдийн мөнгийг авах эрхгүй болоод байсан гэхэд болно. Харин сонгуулийн шоу юу үнэхээр ч хүүхдүүдээ гэнэт өрөвдсөн үү Төрийн тэргүүн хүүхдийн мөнгийг олгох тухай чиглэлийг Засгийн газрын тэргүүн болоод УИХ-ын даргад өгсөн гэнэ. Энэ тухайгаа ч өөрийн цахим хуудаснаа мэдээлж олны сайшаалыг хүлээсэн гэхэд болно. 900 орчим тэрбум орчим төгрөгийн алдагдалтай баталчихаад байгаад 2016 оны төсөвт хүүхдийн мөнгийг олгох бэл бэнчин байгаа эсэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тодруулахад "Хүүхдийн мөнгөнд шалгуур тавиад 1-20 гэсэн шалгуур тавиад байгаа. Ийм шалгуур хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ хүүхдийн мөнгөө авдаггүй эсвэл шаардлагатай зүйлээ хангаагүй хүнд хүүхдийн мөнгө өгдөггүй. Бүх хүүхдэд мөнгө өгдөг ч үлддэг. Тэр үлдсэн мөнгө нь төсөвтөө үлдээд хэрэгтэй зүйлд нь царцуулагддаг. Одоогийн судалгаагаар 18 нас хүрсэн нийт хүүхдийн 86 хувь нь мөнгөө авч байгаа. 14 хувь нь авдаггүй гэсэн судалгаа бий. Жишээ нь, би өөрийнхөө насанд хүрээгүй хоёр хүүхдийн мөнгийг авдаггүй. Асардаг хүүхдүүдийнхээ мөнгийг аваад, хадгалаад явдаг. Хүүхдэдээ хуримтлал үүсгэх ёстой гэж боддог. Өөрөө очоод бүртгүүлээд баримт бичгээ үзүүлээд авья байгаа бол та авах боломжтой. Үүн дээр ямар нэгэн шаардлага тавих нь илүү. Иргэнд нь л эрхийг нь өгчихье. Өөрөө очоод авах боломжийг нь олгоё. УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай зөвшилцсөн. Хүмүүс одоо ингэх байсан юм бол анхнаасаа яах гэж хүүхдийн мөнгийг болиулсан юм бэ гэж байгаа. Төсөвтэй холбоотойгоор УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоолоо өөрчлөх асуудал байгаа. Ер нь Засгийн газар энэ асуудлаа дотроо яриад, шийдүүлье гэж байгаа. Би хувьдаа шийдчих байх гэж бодож байгаа” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ