Б.Тэгшжаргал: Ухаангүй иргэнийг авчрах замд зүрх нь зогсож сандаргасан

0

Нийслэлийн түргэн тусламж 103-ынхан түүхэндээ анх удаагаа хил дамнасан алсын дуудлаганд Бээжин хот руу явж, Монголынхоо ухаангүй байсан иргэнийг эсэн мэнд авчирсан мэдээлэл нийгэмд эерэг сэтгэгдлийг төрүүлээд байгаа билээ. Анх удаагаа ийм дуудлаганд явсан НТТ-ийн сургалтын менежир, гэмтэл, мэс заслын эмч Б.Тэгшжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн түргэн тусламж 103-ынхан анх удаагаа хил дамнасан алсын дуудлаганд явсан гэдэг нь сонирхолтой бас бахархалтай санагдаад байна. Энэ талаар яриагаа эхлэе?
-Яг Бээжин хот ороогүй юмаа. Цаанаас нөгөө өвчтэй хүнийг хил дээр авчраад наанаас нь бид нар 103-ынхаа машинтай хилээр гарч, ухаангүй аппараттай байгаа хүнээ авсан юм. Үндсэндээ замын голдоо уулзалдая гэж яриад явсан юм. Манайхыг хил гаргадаггүй юм. Гэтэл 103-ын машин Хятадын хил рүү нэвтэрч ороод тэндээс өвчтэй хүн тээвэрлэж эх оронд нь авчирна гэдэг хүмүүст сонирхолтой санагдсан байхыг үгүйсгэхгүй юм.
-Тухайн хүн ямар өвчтэй гэсэн оноштойгоор урд хөршид очиж хагалгаанд орсон юм бэ. Ар гэрийнхэн нь танай төвд хүсэлт гаргасан юм уу?
-Тэр хүн тархины хавдартай гэсэн оноштой. Тэгээд хагалгаанд орох шаардлагатай болоод Бээжин хотод очиж хагалгаандаа орсон. Харамсалтай нь хагалгааны үеэр хүндрэл гараад ерөнхийдээ хагалгаа амжилтгүй болсон юм билээ. Тухайн үед ар гэрийнхэнд нь хэлээгүй гэсэн. Хагалгаанд оруулсан нөгөө хүнийг 10-аад хоног амьсгалын аппараттай байсан. Энэ хооронд яг юу болсныг ар гэрийнхэн нь мэдэхгүй, дэмий санаа зовж эхэлсэн юм билээ. Удалгүй хүүгийнхээ үнэн байдлыг Хятадын элчингээр дамжуулж мэдсэн гэсэн. Яг үнэндээ тэднийх "Хагалгаа амжилтгүй болсон. Хүнээ аваарай” гэсэн байдлаар хандсан гэсэн юм билээ. Гэтэл хилээр нас барсан хүнийг битгий хэл хүний тасарсан эд эрхтэнийг ч гаргах хориотой байдаг. Хэрвээ амьсгал хураасан хүнийг хүнийг тэр нутагт чандарлах зан үйл бий. Тиймээс ар гэрийнхэн нь цогцсыг хүлээж авахгүйн тулд цаг алдалгүй хоёр улсынхаа Элчин яам руу, мөн ГХЯ-руу уйгагүй явж, хандсаны эцэст өвчтэй хүнээ авах эрхтэй болсон юм билээ. Хятадын тал ч хилээр гаргахыг зөвшөөрөөд манай талаас ЯТТ-ийн машин оруулахаар болсон доо. Хамгийн гол нь онгоцоор хүнд өвчтэй хүнийг тээвэрлэдэг бол анх удаа машинаар хүнд өвчтэй хүн тээвэрлэж авчирсан тохиолдол байгаагүй, бас манай эмч нар ийм дуудлаганд явж үзээгүй юмаа. Ар гэрийнхэний хүсэлтээр манай төвөөс, яамдууд болон Элчингүүд хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр хилээр гарч өвчтэй, ухаангүй байсан хүнийг авчирлаа.
-Ухаангүй хүн юмуу, эсвэл бурхан болчихсон хүнийг авчирсан юмуу. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг явсан юм бэ?
-Тэр хүний хувьд хамгийн эцсийн хүсэлт нь хилээр гарахын тулд амьсгалтай байх хэрэгтэй. Тархи нь бүрэн үхжиж, мэдрэлийн эс нь сэргэнэ гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ тухайн бие оргиназмын хувьд хүчилтөрөгч, амьсгалыг аппаратын тусламжтайгаар амьсгалыг нь дэмжээд ирэхээр зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой болно гэсэн үг. Хэдий тэр хүн ухаангүй ч гэлээ зүрх нь цохилж байгаа хүнийг оруулж ирээд эцэг эх, ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг нь биелүүлсэн. Бид биеийн байдлыг нь тогтвортой чигээр авчраад ХСҮТ-д хүлээлгэж өгсөн. Бид багаараа явсан. Тухайлбал, машины жолооч, эмч, сувилагч гээд явсан. Ар гэрийнхэн нь биднийг дагаж өөр машинтай хамт явсан.
-Хол замд ямар нэгэн хүндрэл гарсан уу. Тэр хүн хэзээ хагалгаанд орохоор Бээжин хотод очсон юм бол?
-Хүндрэл гаралгүй яах вэ. Замд явж байхад зүрх нь зогсох үе байсан. Гэхдээ манай машин бүрэн тоноглогдсон байдаг утгаараа газар дээрх үзүүлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлээд аваад ирсэн дээ. Өвчтөний хувьд 33 настай эрэгтэй хүн байсан. Хэзээ очсон хугацааг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хагалгаанд ороод 10 гаруй хоног ухаангүй байдалтай байгаад яаралтайгаар тэндээс авчрахаар болсон юм билээ.
-Баг бүрдүүлж алсын дуудлаганд явсан юмуу, эсвэл таныг сонгоод явуулсан хэрэг үү?
-Яаралтай дуудлага хүлээж аваад явах шаардлагатай гээд би явсан. Ерөнхийдөө манай бүх эмч нар ингэж алсын дуудлаганд явах чадвартай гэж дээр хэлсэн дээ. Энэ дуудлаганд намайг сонгоод явуулсан. Ер нь бол бүх эмч нарт яаралтай түргэн тусламж үзүүлэх чадвар байгаа.
-Таны хувьд ийм хүнд дуудлаганд явж байсан тохиолдол бий. НТТ-д эмчээр ажиллаад хэчнээн жил болж байна вэ?
-Энэ төвд эмчээр ажиллаад долоон жил болж байна. Алсын дуудлаганд явдаг, дээрээс нь яаралтай түргэн тусламжийн сургалт зохион байгуулж, багшилдаг. Саяынх шиг ийм хүнд дуудлаганд явж байгаагүй ээ. Ерөнхийдөө гэмтлийн шалтгаантай нуруу нугасны гэмтэл авсан юмуу, эсвэл автын ослоор осолдсон гэх ч юмуу иймэрхүү дуудлаганд явж байсан. Саяын дуудлага бол ухаангүй, тархи нь бүрэн үхэжсэн, аппаратаар амьсгал дэмжигдэж явж байгаа хүний хувьд тэр тусмаа 103-ын машинаар тээвэрлээд явна гэдэг үнэндээ хүнд эрсдэлтэй алхам л даа. Гэхдээ боломжийн түвшинд хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хийж, ухаангүй иргэнийг ар гэрийнхэнд нь авчирч, хүлээлгэж өгсөнд баяртай байлгүй яах вэ.
-Таны хувьд өнгөрсөн хугацаанд эрсдэлтэй алхам хийх, мэргэжлийн алдаа гаргасан тохиолдол бий юу?
-Янз бүрийн дуудлаганд явна. Тухайн дуудлагын онцлог ямар байна гэдгээс ихээхэн шалтгаална. Ганц хүн дээр очих дуудлага бол нэг өөр. Гэтэл нэг дор олноороо осолдсон дуудлага дээр очих бас нэг өөр. Хамгийн гол нь зөв дуудлага мэдээлэл авах нь чухал. Ямар эмч, хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг очих уу гэдгээ манайхан төлөвлөнө. Заримдаа манай иргэд мэдээлэлээ буруу өгдөг. Жишээлбэл, "машин осолдоод нэг хүн ухаангүй байна” гэх мэт. Тэгээд тэр дуудлагыг аваад хэргийн газарт очтол тухайн машин дотор 5-6 хүн бэртэж гэмтсэн байх, эсвэл хоёр машин мөргөлдөөд осолдогчийн тоо хоёр дахин нэмэгдсэн дуудлага ч байх жишээний. Тэгэхээр нэг машинтай очсон эмч, сувилагч, эм тариа гээд хангалтгүй, хүрэлцэхгүй тохиолдол бий. Иймэрхүү дуудлагууд эрсдэлтэй байдаг. Миний хувьд мэргэжлийн хувьд эрсдэлтэй алхам хийж, алдаа гаргасан тохиолдол байхгүй. Ер нь манай эмч нар алдаа гаргахааргүй чадварлаг боловсон хүчнүүд. Дуудлагын хувьд бэртэж гэмтсэн хүндээ зөв арга хэмжээ авчихвал хүндрэл эрсдэл гардаггүй юм.
-Яаралтай түргэн тусламжийн төвийн ачаалал хэр байдаг вэ. Өдөрт дунджаар хэчнээн дуудлага хүлээж авдаг вэ?
-Ачаалал их. Хүн амын нягтаршил харилцан адилгүй. Дээрээс нь жилээс жилд хүн амын тоо өсч, суурьших иргэд Нийслэлд нэмэгдсэн, оршин суугчдын хувьд тодорхой тогтсон хаяггүй хүмүүс ч олон болж байна. Шилжилт хөдөлгөөн их байгаа энэ цаг үед манай дуудлага жилээс жилд нэмэгдэж байгаа нь үнэн. Тэр болгонд 103-ынхан дотроо уялдаа холбоотой ажилладаг. Зарим тохиолдолд автомашиныхаа тоог нэмэх, ямар цаг үед ямар өвчин ихсээд байна тэр үед нь дуудлагын ачааллыг нэмж өгдөг. Ерөнхийдөө утсаар өгч байгаа дуудлага их. Өдөрт 4000-5000 дуудлага хүлээн авна. Харин дуудлаганд хүрч очиж байгаа тохиолдол бол 1500-1600 байна. Гэхдээ онцын шаардлагагүй дуудлагууд байдаг. Уг нь өрхийн эмнэлэг, дүүргийнхээ эмнэлэгт үзүүлчих дуудлагыг заавал НТТ-ийн эмчид үзүүлэх. Нөгөө талаар эдийн засгийн байдлаа хэмнэж, цагийн тарианы дуудлага өгөх ч тохиолдол бий. Иргэд ямар үед дуудлага дуудах вэ гэдэг ухамсарын асуудал дутагдаад байх шигээ.
-Ач холбогдолгүй дуудлагын цаана, ач холбогдолтой хүний амь нас эрсдэх хэмжээний дуудлага орхигдох тохиолдол гарах аюултай юм байна шүү дээ?
-Тийм. Тийм дуудлаганд хүрч амжилгүй хүний амь эрсдэх тохиолдол байлгүй яах вэ. Тэгэхээр л иргэд дуудлага мэдээлэлээ үнэн зөв бодитой өгч байх хэрэгтэй юм шүү.
-Төвийн тухайд бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн машины хүрэлцээ хэр вэ?
-Олон улсын ангилалаар А, B,C гэж гурав ангилна. Манайд B ангилалын машин олон байгаа. Энэ нь бүрэн тоноглогдсон, суурь тусламжийг бүрэн үзүүлэх чадвартай машинууд гэсэн үг. А ангиллын буюу лавшируулсан тусламжийг үзүүлэх чадвартай машинууд тодорхой тооны байна. Ерөнхийдөө суурь тусламжийг үзүүлэх машинууд хангалттай хүрэлцээтэй гэж ойлгож болно.
-Танай төвийн эмч нарын хувьд хэр чадвар чадамжтай эмч нар байдаг вэ?

-Манайд эмч нар орохдоо заавал шалгалт өгдөг. Шалгалт өгсний дараа яаралтай түргэн тусламжийн сургалтад заавал сууж бэлтгэгдэг. Долоо хоногийн лхагва гариг бүрт мэргэжлийн сургалтыг тогтмол хийдэг. Тэр нь ямар сургалт вэ гэхээр, гаднаас улирлын чанартай ямар дуудлаганд яаж явах уу, хэрхэн ямар баг бүрдүүлэх үү гэх мэтээр сургалт зохиодог.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.