Д.Пүрэвсүрэн: Монголчууд үнэт чулуугаар дамжуулан ХӨӨРӨЛДДӨГ ард түмэн

0
IKON.MN
 

 Урт цагааны замын урд талд "Хөөрөг” хэмээх дэлгүүр бий. Энэ дэлгүүрийг мэддэг хүмүүс хотод чамгүй олон. Учир нь "Хөөрөгний Пүрэвсүрэн” хэмээн олонд алдаршсан уран дархан энд суудаг. Монгол дархны ур ухаан, билэг авьяасаар олонд танигдаж, хийсэн бүтээснээрээ олон аавын хүү, ээжийн охиныг чимж яваа эрхэм юм. "Хөөрөг" дэлгүүрт сая гаран төгрөгөөс эхлээд 40 сая хүртэл үнэтэй төрөл бүрийн хөөрөг зарагдаж байна. Үүний хажуугаар хөөрөгний толгой, нуух, халбага, даалин гээд нэг хүн орж ирээд үйлчлүүлэхэд бүгдийг нь нэг дороос худалдаж авах боломжтойгоор худалдаалдаг ажээ. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан бид Монгол хөөрөг, түүний бэлгэдэл, ур хийцийн талаар "Тэнгэрийн Угалз” ХХК-ийн захирал Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Та хөөрөг урлаад хэдэн жил болж байгаа вэ-Монголын сайхан уламжлалт урлаг, өв соёл юм л даа. Бид эрт дээр үеэс эрдэнийн чулуугаар мэндэлдэг ёстой байсан. Энэ урлагт анх 16 настайгаасаа хөл тавьсан. Хүүхэд байхдаа Монгол Улсын алдарт уяач, улсын начин Г.Ганхүү багш дээрээ шавь орсон доо. Бид уламжлалт ёсоо дагаж идээ, хадгаа барьж очоод шавь болсон. Монголын өв соёлд багш, шавийн барилдлага хэмээх гайхалтай зүйл байдаг. Сэтгэл зүйн талаасаа бөх, уяач хүн байсан болохоор манай багш маш сайхан ёс жаягтай, өв соёлоо эрхэмлэдэг байсан юм. Би багшаасаа олон зүйл сурч мэдсэн. Мөн миний ээж, аав, гэр бүлийн хүмүүжил их сайхан нөлөөлсөн гэж дотроо боддог. Эхээс тавуулаа Монгол дархны урлагт зүтгэж, сайхан амьдарч байгаа.

-Багшдаа шавь болж ороод анх дархны ямар урлалд суралцаж эхэлсэн бэ? -Хамгийн анх аяга хийдэг байсан. Дархан хүнийг мөнгөө яаж давтахаас нь шинждэг. Үүнийг татуурга гэдэг, ингэхээр мөнгө нь сунадаг юм байна гээд л. Их сонин санагдаж байсан. Алхаа жаахан өөрчлөхөөр мөнгө маань агшдаг, сунадаг, тэлдэг, дээшээ хөөгддөг гэх мэт гайхалтай зүйлст шимтэн сурч байсан. Ээж маань үйлдвэрт чимэглэгч хийдэг байсан юм. Бид хүүхэд байхдаа ээж дээрээ очиход гар урлалын шилдэг, мастер дархчууд ойрхон. Тэдний юм хийж байгаа, урлаж байгааг харахад их сайхан санагддаг байлаа.

-Таны бүтээлээ эхэлж байсан цаг үе, өнөө цаг үеийн Монголчуудын үнэт эдлэлийн хэрэглээний ялгаа ямар байна вэ?-Бид их түүхтэй ард түмэн. Монголын уламжлалт урлаг тэр чигтээ бэлгэдэл агуулсан байдаг. Аяган дээр гэхэд бат бөхийн бэлгэдэл Батноров хийц, Ноён сэврэй хийц, Дарьганга хийц гэж бий. Би өөрөө Архангайн хүүхэд. Далай Чойнхор вангийн хошуу гэж ган хийцээрээ алдартай газар байлаа. Хүн гүрний үеэс Монголчууд чулуун эдлэлээ маш их эдэлж, хэрэглэдэг байсан. Хөөрөг бол бараг Монголоос үүсэлтэй гэж үзэж болохоор.Англиас үүсэлтэй гэж ярьсан байдаг ч нарийн судалгаа явагдаагүй.

-Англичуудын хөөрөг, Монголчуудын хөөрөг хоёрт ямар ялгаа байдаг вэ? -Англичууд шаазан хөөргийг их барьдаг байсан юм билээ. Одоо бол Англид хөөрөг барьж, хөөргөөр мэндчилдэг хүмүүс бараг байхгүй. Тодорхой хэмжээний цуглуулагчид байдаг. Тэдний цар хүрээ тэлж байгаа гэсэн. Жишээ нь 1,000 доллараар авсан хөөрөг 10 мянган доллар болох зэргээр үнэ нь өсөөд байгаа.

-Монголчуудын хувьд чулуун хөөрөг л хэрэглэж байгаа юу. Байгалийн чулууны ид шид нь юу вэ?-Манай Монголчууд мөнх тэнгэртэй их харьцдаг, байгальтайгаа хүйн холбоотой байсан. Саажилт өгөх, халуурах зэрэг гартааман хөөргөөр илээд эдгэчихдэг. Болор хөөрөг халуун буулгадаг. Хаш хөөрөг баяр баясал, тайвшрал өгдөг гэх мэт дом эмчилгээ хийж байсан баримтууд их бий. Чүнчигноров хөөрөгтэй хээр явахад могой тойрч явдаг юм гэнэ лээ. Оюу эдэлж хэрэглэхэд оюун ухаан саруулхан байж, зөнөдөггүй гэж үздэг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дан оюу эдлэл хэрэглэдэг гэсэн. Чулуугаа байгалиасаа авахдаа маш сайхан ёс заншилтай байсан юм билээ. Хүүхэд байхдаа бурханаас мөргөж байгаад чихэр аваад идчихдэг байсан шиг гуйж байгаад авдаг. Германы эрдэмтэн чулуу бол амьтай зүйл, жилд нэг удаа амьсгалдаг юм хэмээсэн байдаг. Чулуу өөрөө сайхан урлал болохыг хүсч мөрөөддөг гэсэн фэн шүй ч байна.

МОНГОЛД ХАМГИЙН ШИЛДЭГ МАНА БАЙДАГ

Д.Пүрэвсүрэн: Монголчууд үнэт чулуугаар дамжуулан ХӨӨРӨЛДДӨГ ард түмэн

 -Хөөрөг хийдэг чулуунууд хэдэн жилийн настай байдаг юм бэ? -Чулууны үүслийн талаар геологичид их сонин юм ярьдаг юм байна лээ. 100 сая жилийн тэртээ агаар мандлын ислээс үүссэн чулуу нь кварц буюу болорын төрлийн чулуунууд. Мана бол галт уулын дэлбэрэлтээс үүссэн байгаа юм. Тивүүд мөргөлдөх үед маш өндөр дулаан ялгарч хаш үүсдэг. Тэгэхээр хаш маш өндөр энергитэй, бөх чулуу гэж үздэг. Одоогийн шинжлэх ухаан хашийг хийх боломжгүй, цаашдаа ч боломжгүй гэж үзэж байгаа. Мана харин цахиурын исэл учраас тарьж, ургуулж болдог юм байна. Мөн өнгө муутай маныг улайсгаж, өнгө оруулж болдог.

-Монголын газар нутгаас ямар чулуунууд элбэг олддог вэ? -Дэлхий дээр маш олон гайхалтай чулуунууд байршсан байдаг. Жишээ нь Афганистаны номин чулуу дэлхий дээр хамгийн шилдэг нь. Монголд хамгийн шилдэг мана байдаг. Мана дотроо 200 орчим төрөл бий.

-Хөөрөгний хийцний талаар яриагаа үргэлжлүүлье. Хөөрөг хэдэн биетээс бүтэж байна, тэднийг урлахад ямар ямар онцлогтой байдаг вэ? -Хашин дээр барын цагаан гээд хэлбэр байдаг. Тэр нь хавтгайдуу хэлбэр юм. Маныг цүдгэрдүү хийдэг. Дүүрэн байхын бэлгэдэлтэй гэдэг юм. Мана хөөрөг хавтгай байвал халаасны хөөрөг гэж үздэг. Монгол хийцийн хөөрөг их өөр л дөө. Хүзүүнийг угнаас хүзүүний амсар хүртэл үл ялиг хотгор. Гуурс нь их урт байх тусмаа урлаачийн ур хийц харагддаг. Гуурсаа эвдээд ухчихсан байх тохиолдол их бий. Ёроолыг биеэ дагасан сайхан хэлбэртэй хийдэг.

 

 -Танай дэлгүүрт янз бүрийн үнэтэй хөөрөг байна. Хөөрөгний гол үнэ цэнэ нь юунд оршдог вэ? -Хөөргөнд үнэлгээ тогтоохын тулд хамгийн эхлээд чулууны үнэ буюу анхны үнэ байна. 100 орчим чулуунаас хөөрөг гарах магадлалтай 20-30 бий. Тэрнээс хоёр, гурав нь л хөөрөг болно. Яагаад гэхээр чулуу нь ямар нэг ан цав буюу хагарах магадлалгүй байх хэрэгтэй. Хэрэв хагаралтай юм уу сэвтэй бол амьдрал сэвтэй гэдэг. Хөөргөн дээр сэв гарвал амь хааж байна гэж үзээд овоондоо өргөнө. Дараа нь маш сайхан ур хийцтэй байх хэрэгтэй. Өндөр Гэгээний бүтээлүүд дэлхийд үнэлэгдэж байгаа нь гаднах гоо сайхнаас гадна дотоод сэтгэлийг илэрхийлсэнд байгаа юм. Урлалыг чин сэтгэлээсээ хийвэл маш сайхан, үнэ цэнэтэй байдаг. Би урлаж байгаа залуучууддаа хандаж "Чи аавдаа хөөрөг хийж байна гэж бодож хийж байгаарай” гэж хэлдэг. Дархан хүн буюу урлаач хүнд онгод гэж байдаг. Сайхан тайван, зөв бодолтой, зөв энергиэр хийх юм бол  маш сайхан бүтэж, жинхэнэ үнэт эдлэл болж чадна. Зарим хүмүүс маш гоё чулууг эвдээд хийчихсэн байдаг. Засах гэхээр засаж болдоггүй.

-Нэг хөөрөг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ? -Хамгийн гаршсан гар бүрэлдэхүүн 14 хоногийн хугацаанд хийж байгаа. Нэг нь гадна талын хэлбэрээ хийдэг. Чулуу сонголт, зүсэлтэн дээр маш их цаг орно. Дотор ухалтын баг гэж бий. Нэг хэсэг ухаж, нөгөө хэсэг нь өнгөлнө. Ёроол хүзүүгээ маш нарийн тааруулах хэрэгтэй. Бид стандарт тогтоох гэж үзэж байгаа. Хөөрөг хэдэн грамм байх ёстой вэ гэх мэт. Хөөрөг рүү түлхүү орсон шалтгаан нь энэ нь өөрөө үе дамждаг үнэт өв юм л даа. Аавынхаа хөөргийг барихад аавын үнэр үнэртээд байгаа юм шиг гэж ярьдаг байхгүй юу. Хүний энерги чулуунд их шингэдэг. Мөн хүний гар их тостой байдаг бөгөөд тэр тос нь чулуу руугаа шингэж ороод, мөлийгөөд улам үнэтэй болдог. 300 жил эрдэмтэй, номтой, эр бяртай хүмүүсийн барьж байсан хөөрөг гэхээр гайхамшигтай энергитэй байнабиз. Тэгэхээр хариуцлагатай хийх ёстой. 

-Хийж байгаа хүн нь хариуцлагатай байх ёстой гэлээ. Нөгөө талаас нь хөөрөг худалдаж авах гэж байгаа хүн сонголтондоо их анхаарах хэрэгтэй байх? -Хөөрөг сонгож авах гэж байгаа хүн их хариуцлагатай сонгох ёстой. Аавынх нь хөөрөг гээд шилэн, эсвэл шахмал, таримал чулуу байвал хэцүү юм билээ. Аавын минь хөөрөг гээд хэлж чаддаггүй, санаа зовсон байдалтай янз бүрийн л хүмүүс ирэх юм.Зарим хүмүүс маш гайхамшигтай юмыг өвлөж авсан байна. Нягт нямбай, барихад хүртэл гоё энергитэй сайхан байдаг. Үр хүүхдүүдийнх нь байж байгаа ч сайхан түвшин, баяр баясалтай.Цагаан сараар айлд ороход бууз жигнээд гартал 25 минут байгаа. Хөөрөгтэй хүн чинь сайхан хөөрөглөөд л ярьдаг. Нутаг орноо магтан дуулсан олон сайхан яриа энэ эрдэнийн чулуугаар дамжиж явдаг. Хөөрөггүй хүн чинь "Сонин сайхан юмгүй л гэдэг”. Тэгэхээр энэ бол гайхамшигтай сайхан өв соёл юм л даа.

-Эмэгтэйчүүд ямар хөөрөг барих нь зохимжтой вэ? -Хатан хөөрөг гээд байсан байгаа юм. Магадгүй нэг хүн хэчнээн хөөрөгтэй байсныг бодоод олдоггүй юм. Ширээний хөөрөг, хүндэтгэлийн хөөрөг гэх мэт олон янз бий. Хатан хөөрөг гэхээр их гоё донж маяг, хэлбэртэй. Уран чамин хийцтэй, чулууны сонголт нь ихэвчлэн ягаан болор, оюугаар хийсэн байдаг.

-Та өөрөө хэдэн хөөрөгтэй вэ? -Би өөрөө нэлээн олон хөөрөгтэй. Чулуунд их дуртай учраас тэр. Өвөөтэйгээ ойрхон өссөн болохоор хуучны эдлэлд дуртай. Ямарваа нэг жижигхэн шигтгээ байсан ч хамаагүй хадгалдаг хүүхэд байлаа. Ээж маань гар урлалын үйлдвэрт байсан болохоор их сонин зүйлс зүүж, эдэлж хэрэглэнэ.

 

БИДНИЙ ДАВУУ ТАЛ БОЛ ГАР ХИЙЦ
     
 

 -Монголд хамгийн үнэтэй зарагдаж байсан хөөрөг ямар хөөрөг байдаг вэ? -Үнэ цэнийн хувьд хэлэхэд их төвөгтэй. Жишээ нь Хатанбаатар Магсаржавын, Манлай баатар Дамдинсүрэнгийн хөөрөг гэхээр нэг өөр. Хөөргийг сүүлийн үед цоллодог болсон. Даян халтар, дархан  халтар, төгс халтар гэх мэт. Миний сонсохнээ сая доллараар зарагдсан хөөрөг байдаг. Тэр бол үнэхээр гайхамшигтай, төгс төгөлдөр, давтагдашгүй хийцтэй. Нуух, халбагыг нь манайх хийж байсан юм. Сүүлийн үед Англид Монгол хөөрөгнүүд дуудлага худалдаагаар их үнэтэй зарагдаж байгаа гэсэн.

-Хөөрөгний толгой хийдэг шүрний талаар ярьж өгөөч? -Хөөрөгний үнэ цэнэ толгойдоо, хүүхний сайхан гэзгэндээ бий гэж хүмүүс холбож ярьсан байдаг. Дэлхий дээр үнэ цэнэтэй болж байгаа зүйл бол шүр. Шүрний үнэ цэнэ өдөр ирэх тусам л өсч байгаа. Монголчууд хөөрөгний толгойдоо шүр тавьдаг байгаа. Гадныхан бол янз бүрийн чимэглэл хийдэг.

-Монголчууд үнэт чулуун хөөрөгнүүдээ даалинд хадгалж ирсэн. Хөөрөгний даалингийн тухайд ямар мэдээлэл байдаг вэ?          -Даалинг Монголчууд даллаганы сав гэж үздэг байсан. Хөөргөнд маш чухал зүйл. Даалин дээр бүхэл бүтэн том урлаг явж байна. Зүү ороох урлаг Монголд түлхүү хөгжсөн байдаг. Монгол эмэгтэйчүүд их уран сайхан хүмүүс байсан байгаа юм. Сайхан хөөрөг сайхан даалинтай байх ёстой.                                                                                                                                                                             -Та цаашид ямар ажил төлөвлөж байгаа вэ. Өмнө нь өгч байсан ярилцлагаас тань уншихад Англид хөөрөгний үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг гэсэн байсан? -Тэр бол том мөрөөдөл юм л даа. Гэхдээ тэр мөрөөдлийг биелүүлж чадах юм шиг санагдаад байгаа. Азийн хөгжингүй орнуудаар явахад чулууны хүйн холбоо их өндөр хөгжсөн байдаг юм. Тэдний уламжлалт хийцүүд нь бараг мөхөөд алга болж байна. Монголд бол яг гараараа урлаж байна. Заримдаа гадныхан үзчихээд "Танайх яг Хүннүгийн үеэрээ байна. Одоо өөр болсон. Бүх юмаа компьютероор хийдэг” гэж хэлдэг. Бидний давуу тал бол гар хийц гэж бодож байна. Олон сайхан урчууд эвлэлдэж нэгдээд "Түмэн-Эрдэнэс” гээд холбоо байгуулсан. Холбооныхоо шинэ жилийг сая хийлээ. "Түмэн-Эрдэнэс холбооны гишүүд бид Монголын уран дархны гайхамшигт урлагт эвлэлдэн нэгдэж, мянга мянган жилийг үл ажран өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үндэснийхээ өв соёл, зан заншил, Монгол дархны ур ухаан, ариун ёс жаягийг эрхэмлэж, өвлөн хөгжүүлж, төгс нандин хийцтэй, цагийг элээх, үлэмжийн чанартай бүтээл урлаж даяар олонд түгээн дэлгэрүүлэхийг эрхэмлэнэ”гэсэн уриатай. Одоогоор 30 гаруй гишүүн байна. Бид олуулаа олон сайхан зүйл хийж чадах байх.                                                                                                                                                                                     -Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. -Биднийг зорьж ирээд хийж байгаа зүйлийг маань түгээн дэлгэрүүлэх гэж байгаад их баяртай байна. Танай сайтаар зочилж байгаа хүмүүс болон та бүхэнд энэ бичин жилдээ аз жаргалтай, баяр баясалтай, Монгол дархчуудын маань үйл нь уран, хараа нь хурц, дөш нь мөнхөд дуутай байх билэгтэй ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй                      Эх сурвалж:Б.Ханд

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.