ЭЗ-ийн ил тод байдлын хуулиар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ

0

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог "Сайдын цаг" уулзалтад өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд боллоо. Өнөөдрийн уг уулзалтад Сангийн сайд Б.Болор болон ТГЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж дууссантай холбогдуулан тодорхой мэдээлэл өгсөн юм.

Уг хуулийн хугацааг УИХ-аас анх батлахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн дотор нуусан болон далд хөрөнгөө ил болгох шаардлагатай гэж баталсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард уг хуулийн төслийн хэрэгжиж дуусах хугацааг сунгах ёстой гэж үзэн хоёрдугаар сар хүртэл сунгасан юм.

Сангийн сайд Б.Болор хэлэхдээ "Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл зорьсон зорилгодоо хүрсэн. 2007 оны хуулиас үр дүн нь эрс ялгаатай гарлаа. Гэхдээ энэ тоо урдчилсан байдлаар гарсан тоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцсийн дүн гарахад төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу гэж бодож байна" гэсэн юм. Тодруулбал, 2007 онд хэрэгжсэн татварын өршөөлийн хуулиар 4.5 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрсөн бол энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлөөд байгаа аж.  Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан,89394татварынтайлан,4165нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон744 хуулийн этгээдийн бүртгэлд1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой15.6тэрбумтөгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.

Ингээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотойгоор Сангийн сайд Б.Болороос зарим зүйл дээр тодруулга авсан юм.

-Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд программ гацсан талаар зарим байгууллагуудаас гомдол ирүүлээд байна. Энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр нэлээд ярьсан. Энэ байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж үзэж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.

-Их хэмжээний нуусан хөрөнгийг ил болголоо. Яг ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нууж байгаа вэ. Энэ асуудлыг судалж үзсэн зүйл байгаа юу?

-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийг үр дүн нь сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийгдэж дуусаагүй байна. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

Г.Лхагваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.