Морины хүүхдээс дэлхийн бөх болсон зам
Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин Г.Болдбаатарыг ясны сайн бөх гэж бөхийн мэргэжилтнүүд үнэлдэг. Тэгж үнэлэхээс ч аргагүй олон жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд дэлхийн аварга болсон хүн л дээ. Түүнтэй ярилцлаа.
-Өөрийн чинь бага насны дурсамжаас яриагаа эхлэхүү?
-Би жинхэнэ хөдөөний хүн. Ийм дуу байдаг биз дээ. Дуулдагсан бол хангинатал дуулахсан. Булган аймгийн Хангал суманд төрсөн. Багаасаа л ах нарынхаа уясан морийг наадамд унаж хурдлуулж байлаа. Сумынхаа бага сургуулиас Эрдэнэт хотод очиж Орхон сургуульд орсон. Тэгээд 2001 онд ангийнхаа нэг найзтай "Хангарьд” спорт цогцолборт очиж жүдогийн дугуйланд элссэн. Бат-Орших багшийн удирдлага дор жүдогийн цагаан толгой заалгасан юм даа.
-Анхныхаа амжилтуудын тухай ярьвал...?
-Ердөө дөрвөн жилийн дараа буюу 2005 онд анх залуучуудын улсын аварга болдог юм. Энэ үед би ер нь энэ замаар явах нь зөв юм байна гэж бодсон. Багш маань ч "Чамд сайн жүдоч болох ирээдүй байна” гэж зоригжуулсан. Тэгээд дараа жил нь мөн улсын аваргаа хамгаалсан.
-Олон улсын тэмцээнд бас анх очоод түрүүлсэн гэдэг байх аа?
-Тийм ээ. 2006 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд очоод алтан медаль авсан бол 2009 онд мөн түрүүлсэн.
-Улсын аварга бас хэд хэд болсон гэдэг дээ?
-2007, 2009 он түүний дараа буюу таван жил өнгөрөхөд улсын аварга гэдэг эрхэм цолыг авсан. Ер нь тэр 2014 онд би тун одтой жил байсан шүү дээ.
- Тэр жил жинхэнэ босоо бөх гэгдснийг чинь Монголчууд төдийгүй дэлхий мэдэх юм чинь дээ. Бөхдөө хайртай монголчууд таныг бүтэн 13 жил жүдодоо үнэнч зүтгэсний хүчинд Челябинскт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх өрсөлдөгчөө буулган авч дэлхийн аварга болсон гэж сайн мэднэ. Монголоос төрсөн жүдогийн гурав дахь дэлхийн аварга. Тэр жилээ жлсын аваргаар бас түрүүлж Парисын "Их дуулга"-д мөн босоо байсан гээд л өөрөөр чинь хэлүүлэлтгүй мэ.дэх байх л даа. Өөрийн чинь амжилт өөдөө л явж. Харин дээрх аварга болсон тэмцээнүүдээс өмнө азгүйтэж байсан ч юм уу тийм үе тохиолдсон уу?
-2013 онд Риогийн ДАШТ-ий барилдаан надад их сургамж өгсөн. Эхний гурван тойрогт хожоод дараа нь Д.Амартүвшинтэйгээ таарч торгуулиар хожигдож билээ. Хэдийгээр нутаг нэгт өрсөлдөгчдөө хожигдсон ч "Би медаль авах ёстой байсан” гэсэн бодол нэг хэсэг салаагүй. Тэр нь надад сургамж болсон байх. Уг тэмцээнд би тавдугаар байр эзэлсэн дээ.
-Өөрийн чинь хүчтэй өрсөлдөгчид хэн бэ?
-Монголын жүдод хөнгөн жин буюу 48, 60, 66 кг-д өрсөлдөгчид олон. Д.Амартүвшин, Ч.Болдбаатар гээд миний жингийн мундгууд бий. Тэднээсээ өмнө дэлхийн аварга болсон минь аз юм даа.
-Таны гадаадын нэг өрсөлдөгчийг Солонгосын Ким Вон Жин гэдэг дээ?
-Тийм ээ. Тэр хэцүү өрсөлдөгч. Риогийн ДАШТ-ээс өмнө гурав таарч хоёрт нь би хожигдсон. Гэхдээ сүүлийн учраанд би хожсон байсан. 2013 онд ДАШТ-ээр би дийлээгүй. Жин ихээхэн хассан байсан болоод ч тэр үү.
-Оны шилдэг тамирчнаар нэг биш удаа шалгарсан биз?
-Тэгсээн. 2014 онд дэлхийн аварга болсон гэдгээрээ мөн эмэгтэйчүүдэд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон С.Цэрэнчимэд дүүтэйгээ хоёул шилдгийн шилдэг болоод зогсож байлаа шүү дээ.
-Эрдэнэтэд сурч байхдаа Хүрэлбаатарын нэрэмжит барилдаанаас анхны медалиа авлаа гэдэг. Тэгвэл түүнээс хойших медалиа ер нь тоолж үзсэн үү?
-Медалиа тоолоогүй ээ. Ер нь тоолоод байх хэрэггүй гэдэг юм билээ.
-Хэзээ нэг цагт тоолох болов уу?
-Миний эцсийн зорилго бол олимпоос медаль авах. Энэ зорилгоо биелүүлсний дараа медалиа тоолоод төд байна гэдгийг хэлж болох юм.
-Жүдо бөхийн хамгийн гол онцлог юу вэ?
-Бусад барилдаанаас ялгагдах нь гэвэл ялалт, ялагдал секунтээр хэмжигддэгт л байдаг болов уу. Ганц секунтэд ч цэвэр ялж бас цэвэр ялагдаж болно. Миний хувьд аль алиныг нь амталж л явлаа даа.
Д.НАДМИД
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин