Б.Цэрэнлхагва: Хараа хяналтгүй хүүхдүүдийг бусадтай адил баяр хөөртэй, тоглож байхыг нь хармаар санагдсан
Хүний амьдрал баяр жаргалын хослол байдаг. Хэн нэгэн баяр хөөрөөр дүүрэн, аав ээжийн хамтаар элэг бүтэн, сайн сайхан амьдарч байхад өөр нэг нь сэтгэлдээ гуниг тээн, ижий аавын хайр халамжийг мэдрэхгүйгээр өсөх нь бий.
Тэгвэл "Мон сафо” компанийн хамт олон болон "Залуу манлайлагч” эмэгтэйчүүдийн клубын зүгээс хамтран "Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төв”-ийн хараа хяналтгүй, хагас, бүтэн өнчин 104 хүүхэд багачуудад нэгэн өдрийг үе тэнгийнхэнтэйгээ баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөх сайхан боломж олгох гэж байгаа тухай дууллаа. Энэхүү хүмүүнлэг үйлсийг санаачилан зохион байгуулж буй "Мон сафо” компанийн Ерөнхий захирал, ”Залуу манлайлагч” эмэгтэйчүүдийн клубын үүсгэн байгуулагч Б. Цэрэнлхагватай цөөн хором ярилцсан юм.
– Аав, ээжийн хайр халамжаар дутаж яваа бяцхан үрсэд баяр, хөөр бэлэглэсэн нэгэн өдрийг зориулна гэсэн. Яг ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна вэ?
– Манай "Мон сафо” ХХК-ийн хамт олон, мөн "Залуу манлайлагч” эмэгтэйчүүд клубын зүгээс хамтран санаачилж "Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төв”-д асран хамгаалуулж буй хараа хяналтгүй, хагас болон бүтэн өнчин 104 хүүхдийг хамруулсан "Хүүхдэд баяр хөөр бэлэглэе”
сэдэвт цасны баярыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж, өдрийн хоол, халуун ундаа, цай, мөн өөрсдийн зүгээс бэлдсэн бяцхан гарын бэлэг барих юм. Хамгийн гол нь эцэг эхийн хайр халамжинд өсч, инээд хөөр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байдаг бусад хүүхдүүдийн нэгэн адил тэднийг үеийн найзуудтайгаа тоглож, наадан, баяр хөөртэй байхыг харах л бидний зорилго юм.
-Цасны баяр хаана, хэзээ болох вэ. Нийт 104 хүүхэд бий гэлээ. Хэдээс хэдэн насныхан байна вэ?
– Цасны баяр энэ сарын 13-ны өдөр "Хандгайт” цанын баазад зохион байгуулагдана. Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төв нь хүүхдийн болон залуучуудын гэсэн хоёр бүлэгтэй юм билээ. Бүлэг тус бүрээс өөрөөр хэлбэл 4-21 насны бүх хүүхдүүд нийлээд 104 болж байгаа юм. Хөдөө орон нутаг болон, гадаадад сурч байгаа гэх мэт хүүхдүүдийг хассан тоо нь 104. Энэ гуравдугаар сарын 13-нд өглөө 10:00 цагт Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төвийн урд талбайгаас "Хандгайт” руу автобус хөдөлнө.
-Таны хувьд урьд өмнө нь ийм хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож байсан уу? Яагаад заавал цасны баяр хийх болсон юм бол?
-Манай "Мон сафо” ХХК маань анх үүсгэн байгуулагдаж байх үедээ буюу гурван жилийн өмнө "Заюу тайж” ТББ-ийн "Тамара эмээ”-гийн үйл ажиллагаанд туслаж байсан. "Тамара эмээ” нь архинд орсон хараа хяналтгүй хүмүүсийг нийгэмшүүлж, хөдөлмөр эрхэлэхэд нь мөн сургууль, цэцэрлэгт хамрагдахад нь туслаж, зохион байгуулдаг юм билээ. Ер нь нийгэм цаг үеийн давалгаанд асран хамгаалагч, харж хандах аав ээжгүй өсч яваа хүүхдүүдийг хараад эмэгтэй хүний хувьд сэтгэл их өвддөг. Тэр хүүхдийн буруу гэж юу байх билээ. Тийм болохоор бид нийгмийн тулгамдаад байгаа асуудалд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах гэсэн үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болсон доо.
-"Хүүхэд залуучуудын сургалт үйлчилгээний тусгай төв”-ийн хүүхдүүдэд өөрийн зүгээс хичээл заадаг гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Тиймээ. Миний зүгээс тус төвийн хүүхэд залуучуудад 7-14 хоногт "хувь хүний хөгжил” нэртэй сургалт явуулдаг. Учир нь амьдрах орчин нөхцөл хязгаарлагдсан эдгээр хүүхдүүдэд хараа хяналт, хайр халамж үзүүлэх, эмэгтэй хүн биеэ хэрхэн авч явах тухай зааж хэлээд өгөх хүн байхгүй. Тиймээс л тэдэнд өөрийн мэддэг чаадаг зүйлээ зааж өгдөг. Мэдээж тэдгээр хүүхдүүд өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, ирээдүйд сайн хүн болоод сайхан ажил эрхлээд явахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ хүүхдүүдийн ирээдүйн замыг гэрэлтүүлж, биеэ зөв сайхан авч явах, хувь хүний ухамсар, соёлч боловсон харилцаа зэрэг сэдэвээр сонирхолтой яриа өрнүүлж өөрийн зүгээс мэдэх зүйлээ зааж сургадаг юм.
-Цаашид энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулах бодолтой байна. Цаашдын зорилго тань юу вэ?
-Энэ арга хэмжээг зохион байгуулаад зогсчихгүй. Цаашид бидэнтэй хамтраад эдгээр хүүхдүүдийн ирээдүйн төлөө, мэдлэг мэргэжлээ сонгох, хийх ажилтай болоход нь мөн сурч боловсрох, цаашлаад хоолоо олж идэх арга замыг нь тавих нөхцөл боломжийг харгалзан тэдний гэрэлт ирээдүйн төлөө хамтран ажиллах олон сайхан сэтгэлтэй хүмүүс бий гэдэгт итгэлтэй байгаа. Тэгвэл дэм дэмэндээ эдгээр хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтүүлэх олон сайхан арга хэмжээг зохион байгуулах боломжтой гэж бодож байна.
-Тэгэлгүй яахав. Тань шиг сэтгэлтэй олон сайхан залуус та бүхэнтэй нэгдэх байх гэдэгт итгэлтэй байна?
– Баярлалаа. Та бидний ирээдүй болсон эдгээр хүүхдүүдийг нэг өдөр ч гэсэн баярлуулан инээд хөөрөөр дүүрэн байх гэгээн үйлсэд маань нэгдэх боломж хэн бүхэнд бий гэдгийг хэлмээр байна. Та бүхэн бидэнтэй нэгдье гэвэл манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү гэж хэлмээр байна. Эрхэм та буян, буяны дээд хүүхэд баярлуулах эл үйлсэд ямар ч хэлбэрээр биднийг дэмжин оролцож болох юм. Эл арга хэмжээнд оролцохыг хүссэн хэн бүхэн дараах утсаар холбоо барина уу
Утас: 99189181, 88188030, 99248989
– Хүүхэд баярлуулах гэгээн үйлсэд тань амжилт хүсье.
Ярилцсан: Х.Баяр-Угтах
Сэтгэгдэл байхгүй байна.