Н.Номтойбаяр Дорнодоос дайжих нь тодорхой боллоо
ХҮН-ын генсек асан Т.Доржхандыг найрч тус намд гишүүнээр ормогцоо шуудхан даргынх нь суудалд тухласан нь цаанаасаа төлөвлөсөн тооцоо ёсоор явж байгаа жүжиг бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар чухам юуны учир намын дарга болмогцоо түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь сонин юм. Дээрх асуудал чухам юунаас үүдэлтэй нь зарим нэг талаараа тодорхой болж эхэлсэн нь намын жагсаалтаар сонгуульд нэр дэвших эрхээ таван тэрбумаар үнэлсэн гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байна. Нөгөөтэйгүүр, тус намын тамга тэмдэг алга болсон хэмээн сонин хэвлэлд зарлуулсан явдал генсек асан Т.Доржханд нь тамгаа өгөлгүй луу унжсантай холбоотой байж мэдэхээр байна.
Ийнхүү намын жагсаалт үнэд хүрч буй үед АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар жагсаалтаар бус харин тойрогт нэр дэвшихээ олноос түрүүлэн зарлажээ. З.Энхболдын хувьд Өвөрхангайд намын даргын хувиар эрхбиш өвдөг шороодчихгүй гишүүн болж, намдаа нэг суудал нэмж авах тооцоо хийсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээжийнхээ төрсөн нутаг Дорнод аймгаас нэр дэвшихээр болжээ. Түүнтэй хамт М.Зоригт сайд ч мөн ганзага нийлэн өрсөлдөхөөр шийдсэн байна.
Харин энэхүү тооцоолоогүй алхам "Дорнод гурил”-ын эзэн бие даагч Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт хүндхэн цохилт өгөв. Бие даагч Х.Болорчулууны хувьд аймагтаа хийсэн юмтай, хэлэх үгтэй нэгэн тул юутай ч атугай төрсөн нутгаасаа нэр дэвшихээс өөр гарцгүй юм. Тэгвэл Н.Номтойбаярын хувьд баахан хоосон амлаж, Дорнодын хэд хэдэн сумын ойгоор очихдоо ихээхэн хэмжээний хандив өгнө гэж амлачихаад бултсан явдал нь нутгийн зон олны дургүйцлийг хүргэжээ. Энэ жилийн сонгуулиар ямаршуухан төлөвлөгөө боловсруулж орвол гарцаагүй Дорнодоос сонгогдох эсэхдээ Н.Номтойбаяр эргэлзэж байх энэ цаг мөчид АН-ын хоёр эвгүй нөхөр тус тойргоос нэр дэвших болсон нь лантуугаар цохиулсан мэт хүндхэн байдалд оруулжээ. Тиймээс Н.Номтойбаярын хувьд намдаа үлэмж хэмжээний хандив өргөн байж гэмээнэ жагсаалтын дээгүүр бичигдсэн тохиолдолд энэ сонгуулиар дахин гарч ирэх боломж нээгдэх юм. Эс бөгөөс тэрбээр тун чиг залуухнаараа их улс төрийг орхиж, гагцхүү нам нь ялсан тохиолдолд яамны сайд болох боломж бүрдэх аж.
Эх сурвалж: сонин
Сэтгэгдэл байхгүй байна.