П.Шүүдэрцэцэг: Эмнэлгийн нохой нь хүртэл Улаанбурхан туссан
"Улаанбурханы эсрэг хамтдаа” хандивын аяныг санаачилж, олон нийтийг уриалж байгаа Жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй уулзаж, яагаад энэхүү аяныг эхлүүлэх болсон талаар нь ярилцлаа.
- "Улаанбурханы эсрэг хамтдаа” хандивын аяныг бусдаасаа түрүүлж санаачилж, залуучууддаа үлгэр дууриал болж байгаа танд юуны өмнө талархал илэрхийлье. Мөн хандивын аяныг яг хэзээнээс, яагаад санаачлах болсоноо манай уншигчидтай хуваалцахгүй юу?
Баярлалаа. Би энэ сарын 18-ны орой зургаан цаг өнгөрөөгөөд Халдвартад очиж эцэг эхчүүдтэй уулзаж, байдал ямар байгаатай эхлээд танилцсан л даа. Тэндээс оройн 22 цагийн үед явсан байгаа. Нэлээд хэдэн цагийн турш эцэг эхчүүдтэй ярилцсан.
Намайг очиход 0-8 сартай 24 хүүхэд сэхээнд маш хүнд байгаа гэж байсан.
Булганаас ирсэн толгойныхоо боолтыг ч авч амжаагүй ээжийн хүүхэд нь өнгөрчихсөн, хүүхдийнхээ цогцосыг моргоос аваад гэрлүүгээ явах гэсэн хүргэж өгөх унаа байхгүй, өөрсдөө авч явсан байсан. Ядаж тийшээ хүргээд өгөх боломж, бололцоо манайд байдаггүй. Хүүхдээ өнгөрөхөөр эцэг, эхчүүд нь шоконд ороод, юун юм ярих л байсан. Дээрээс нь маш олон хүүхэд эндэж, үрэгдсэн, бид яг тоог нь мэдэхгүй байна, тодорхой баримт нотолгоо өгөхгүй байгаа учраас тоогоо нуугаад байна гэсэн зүйлийг эцэг эхчүүд ярьж байсан.
Эм, дархлааны тариа, дуслууд , пульс хэмжигч, уураг, утлагын аппарат, халууны шил, хүүхдийн тэжээл, хордлого тайлах дусал, утлагын бодис, халуун буулгах лаа, сироп гээд маш олон зүйлийг жагсаалт гаргаж өгсөн.
Эдгээр зүйлүүд маш их хэрэгтэй байгаа гэсэн. Тэгээд эцэг эхчүүд нь өөрсдөө л юм авч, тариулъя, хийлгэе гэж хэлэхгүй бол яг эмч нар сэтгэл гаргаад, дур мэдээд хийж өгөхгүй байна гэсэн. Тиймээс яг хэрэгтэй байгаа хүүхэд, эцэг, эхчүүдэд өгмөөр байнаа, эмнэлэгт битгий хүлээлгэж өгөөрэй гэж хүссэн байгаа. Хамгийн гол нь хүнээ олж өгөх хэрэгтэй байна, сайжирч гарч байгаа хүүхдүүдэд бол эдгээр зүйлүүдийг аваачиж өгөх шаардлаггүй юм байна лээ.
Мөн эцэг эхчүүдийн данс нь хоосорсон, хамгийн дээд тал нь эмнэлэгт сар болсон багадаа л 10 хонож байгаа хүмүүс байсан.
Мөн 30 хүүхдийн дунд нэг утлагын аппарат явдаг, тэр аппаратыг нэг хүүхдэд цаг байлгах шаардлагатай. Гэтэл 30 хүүхдийн дунд нэг аппарат, 11 хүүхдийн дунд 2 халууны шил байгаагаас хүрэлцээ маш муутай. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө мөнгө цуглааж байгаад нэг утлагын аппарат, үлдсэн мөнгөндөө 8 халууны шил авч өгсөн гээд зургаа үзүүлсэн. Ер нь бол нялх, нярай хүүхдүүд маш их эндэж байна, магадгүй мэдээллийн хэрэгслүүдээр манайд бүх юм байгаа мэтээр яриад байгаа боловч яг үнэндээ байдал хэцүүхэн л байсан.
Тэнд улаанбурханаар өвдсөн 500 гаруй хүүхдүүд байгаа.
Өдөр болгон 4-5 хүүхэд нэмэгдэж ирдэг, хүүхдүүд нь эрсдэж, эндэж байгааг эцэг эхчүүдтэй нь хамт байгаа учраас мэдээд байдаг, гэтэл эмнэлэгээс дарж хэлээд, нуугаад байдаг. Жишээ нь манайд ерөөсөө тийм зүйл болохгүй байгаа гэдэг ч юм уу, тэгж яриад байнаа яг юунд итгэхээ мэдэхгүй байнаа гэцгээж байсан. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ бодож байгаа учраас бид нар мэдээлэл өгмөөргүй байнаа, манай хүүхдэд яаж ч хандах юм билээ, эсвэл эмч, сувилагч нарыгаа нэг хооллоод, ундалчих юмсан, эд нар хоолоо ч идэх завгүй маш олон хүүхдийн дунд гүйгээд, гүйгээд амжихгүй, боловсон хүчин маш их дутмаг, ачаалал нь асар их байгаа. Тэрнээс бид яах вэ гэцгээж байсан. Тэгэхээр боловсон хүчин буюу эмч, сувилагч нар нь цөөн, эм тариа нь цөөн үнэхээр хэцүү байна лээ. Мөн манай хүүхэд гайгүй ирсэн, ирээд хүндэрчихлээ эсвэл эхлээд харшил гэж буруу оношлоод олон газруудаар явуулж байгаад бүр хүндрээд уушгаа бариад хатгаа болоод байна гэж байсан.
Тэр эмнэлгийн нохой нь хүртэл улаанбурхан тусчихсан байсан.
Би бүр гайхаад энэ нохой өвчтэй юм уу, гударга тусчихсан юм уу, яасан юм бэ гэсэн чинь хүүеээ нохой хүртэл улаанбурхан тусчихсан байсаншдээ гээд эцэг эхчүүд нь ам уралдаад ярьж байсан. Мөн ээжүүд нь 4 цаг тутамд орж хөхөө хөхүүлдэг юм билээ, зарим хүүхдүүд нь хөхөө ч хөхөж чадахгүй, тэжээлээр хооллодог. Бид нарыг бол оруулаагүй л дээ, нэг эцэг, эх хүүхдийнхээ ямар байгааг утсан дээрээ биччихсэн байсан. Үнэхээр хэцүү, дөнгөж төрөөд юугаа ч мэдэхгүй бяцхан хүүхдүүд шүү дээ. Тэгээд л тусалчих юмсан, мөн өнгөрчихсөн ч гэсэн буяных нь ажилд зориулаарай гээд хэдэн цаас өгчих юмсан, өөрөө чадахгүй юм аа гэхэд өрөөл бусдыг уриалаад, Монголын бүх хүн үүн дээр анхаараасай, яг үнэндээ сонгуулиас ч илүү том асуудал болчихоод байгаа байхгүй юу. Гэтэл үүн дээр хүн болгон санаа зовоод байдаг, тусалмаар байдаг, хэнд яаж хандаж, ямар дансанд мөнгө хийхээ мэдэхгүй байгаад байж магадгүй гэж энэхүү аянг санаачилж, очсон өдрөө бичлэг хийгээд, хүмүүсийг уриалсан байгаа. Гэхдээ өнөөдөр гэхэд миний бодсоноос хангалтгүй л байна.
Данс руу орсон мөнгөн дүн гэвэл яг үнэндээ ичмээр мөнгө байгаа.
Яг миний таньдаг, ойр тойрны найз нөхөд л 5,10 цаас хийсэн болохоос нөгөө нэг сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн хаачив аа л гэж бодогдож байна. Өнөөдрөөс би тодорхой тооны албан байгууллагуудаар орж, хандив цуглаахаар гарах гэж байна. Гэхдээ миний хувьд хамтарч ажилладаг байгууллагуудаасаа л хандив хүснэ үү гэхээс яг өөртөө зориулж, цаг хугацаа, ажлаа алдаад, гуйлга гуйгаад явмааргүй байна. Тийм болохоор хүмүүс ухамсраараа туслаасай гэж хүсч байна. Би дансыг нь нээчихсэн, мэдээж хандив өргөсөн бүх хүмүүсийг зарлана, мөнгө орсон баримт болгоныг үзүүлнэ. Тэр болгоныг мэдээллээд, яг юунд яаж зарцуулсанаа харуулна. Би тэнд байгаа эцэг эхчүүдтэй ч гэсэн байнга холбоотой байгаа.
Мөн төрөөс хандив, тусламж очсон гэсэн мэдээлэл гарсан байна лээ, гэхдээ бид нарт ямар ч тийм зүйл өгөөгүй гэж эцэг эхчүүд хэлсэн.
Зүгээр л хүмүүсийн дуу хоолойг нэгтгэх, дансыг нь нээгээд өгчихөөд байхад хүмүүс яг үнэндээ оролцохгүй, наанаа л яриад байгаа байхгүй юу. Би ямар өөртөө, хувьдаа завших гээд байгаа биш, байгууллагуудаар ороод л ингээчээ, тэгээчээ гээд гуйгаад явах хүсэл үнэхээр алга. Хүн болгон энд анхаарч байгаа, асуудал болгож байгаа. Жишээ нь би зүгээр л нэг зургаа цахим сүлжээнд хийхэд л нийгэм ийм байхад чи одоо ингээд явж байна гэсэн сөрөг сэтгэгдлүүд маш их байсан. Гэтэл ингээд нийгмийг уриалаад ирэхэд оролцож байгаа хүмүүс нь хаана байна вэ л гэмээр байна.
- Хандивын аянаа хэдий хүртэл үргэлжлүүлэх вэ, удахгүй хэвлэл мэдээллээр албан ёсны хурал хийнэ гэсэн байсан л даа?
Тиймээ, хэвлэлийн хурал хийнэ. Мөн сайтын холбооноос хамтарч ажиллая гэсэн саналыг хүлээж аваад маш их баяртай байгаа. Олон хүнд хүргэж өгч, дор бүр нь үнэн бодитой мэдээллийг өгнө гэдэгт итгэж байна. Мэдээж үүнийг дагаад сөрөг сэтгэгдлүүд, хандалтууд маш их ирэх байх. Энэ болгонд бүх зүйл баримттай байх учир ямар ч асуудал гарахгүй гэдэгт итгэж байна.
Ерөнхийдөө өнгөрсөн 5 дахь өдрөөс л энэ тухай бодсон л доо. Улаанбурхан яг ямархуу хэмжээнд байгаа юм бол гэсэн үүднээс, гэхдээ ажлын өдөр дуусаад амралтын өдөр эхэлж байсан учир эхлүүлээгүй.
Тэгээд нэг дэх өдөр эцэг эхчүүдтэй очиж уулзсан. Тэгээд гайгүй бол нээх шаардлагагүй гэж байсан ч үнэхээр хүнд нөхцөлтэй байсан. Тиймээс л хүн болгоны дуу хоолойг нэгтгэе, нийгэм, эдийн засаг ч хүнд байгаа учраас боломжгүй хүмүүстээ туслаад, ирээдүй болсон хүүхдүүдээ аврах юмсан гэсэн уриатайгаар аянаа эхлүүлсэн. Мэдээж энэ аяндаа хүмүүсийг нэгтгэхийг хүссэн. Ямартай ч аянаа энэ 7 хоногийн бүтэн сайн буюу 24-ний өдөр хүртэл үргэлжлүүлж, хаах бодолтой байгаа. Дахиж хүүхэд эндэж, үрэгдэхийг хармааргүй байна. Тэгэхээр тусламжаа хурдан шуурхай, яг хэрэгцээтэй байгаа газарт нь хэрэгцээтэй байгаа хүнд нь л хүргэж өгөхийг зорьж байна.
- Энэ аянд оролцъё, дэмжье гэсэн хүмүүс ямар утсаар холбогдож, ямар дансанд мөнгө хийх вэ. Мөн хандивын тодорхой мөнгөн дүн тогтоосон уу?
Хандивын зүйл гэдэг утгаараа тодорхой хэмжээний мөнгөн дүн хэлчих юм бол хүмүүс дургүй байдаг. Боломжтой ч хүн байна, боломжгүй ч хүн байна. Нэг хүнээс 30,000 төгрөг гээд хэлчихмээр байдаг гэтэл 3000 төгрөгний орлоготой хүн байж болно шүү дээ. Тэгэхэд тэр хүн өгмөөр байдаг, 3000 төгрөг л байгаад байдаг за гучин мянга биш юм чинь гээд өгж чадахгүй болохоор ямар нэгэн тоо болон хэмжээ заахыг хүсэхгүй байна. Ер нь хандив гэдэг бол сэтгэлийн л юм байдаг. Боломж, бололцоогоороо л хандивлааасай гэж хүсэж байна. Албан байгууллагууд бол арай илүү мөнгөн дүн хийх байх. Яагаад гэвэл би нэг хүн, нэг айл өрхийн төлөө ажиллаагүй. Маш олон хүүхдүүд, тэдний ар гэр, эцэг эхчүүдэд хандаж байгаа учраас үүнийг маань дэмжээд боломжтой албан байгууллагууд арай ахиу мөнгө хандивлаасай гэж хүсэж байна. Хувь хүн бол өөрийнхөө сайн дураар, хэдэн ч төгрөг хандивласан болно. Тэгээд 88109701гэсэн утсаар холбогдоод, мөн Хаан банкны 5447055398 дансанд мөнгөө хандивлаарай. Би энэ нэг дэх өдөр Хаан банканд хүсэлт гаргаад, "Улаанбурханы эсрэг хамтдаа” гэсэн шинээр данс нээлгэсэн байгаа.
- Магадгүй мөнгө шилжүүлэхгүйгээр хувь хүмүүс өөрсдийн зүгээс тусалъя аа, юу авч очвол зүгээр юм бол гэж бодож байж магадгүй. Тэгэхээр бодитой тусламж үзүүлье гэвэл яг юу авч очвол зүгээр вэ. Жишээлбэл сэхээнд байгаа хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл гэвэл?
Мэдээж тийм тусламжууд бол байгаа. Жишээ нь төрийн бус байгууллагынхан эцэг эхчүүдэд нь хоол цай, хүүхдүүдэд памперс, тэжээл гээд л аваачиж өгч байна л даа. Яахав хэрэгтэй ч гэсэн тэдэнд хүүхэд нь л эрүүл саруул байх хамгийн сайхан зүйл гэж бодож байна. Тэгээд халууны шил, утлагын аппарат, сүү, хүүхдийн тэжээлүүд хамгийн их хэрэгтэй байдаг гэж байсан. Яагаад гэвэл маш олон хүүхдүүд хөхөөрөө хооллож чадахгүй гуурсаар хооллодог гэж байсан. Мөн пульс хэмжигч, хордлого тайлах дусал, тайвшруулах тариа гээд л маш олон зүйл хэрэгтэй. Хүүхэд маань энд ирэхээсээ өмнө хоёр л памперс хэрэглэдэг байсан ч одоо арваад памперс хэрэглэж байна гэж байсан. Тэгэхээр памперсууд их хэрэгтэй. Хэдийгээр хүмүүсийн тусламж очиж байгаа ч гэсэн яг хэрэгцээтэй зүйлүүд нь очиж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй байгаа л даа.
- За таны хандивын ажилд амжилт хүсье. Хамгийн сүүлд хүмүүст хандаж юу гэж уриалмаар байна, таны зүгээс?
Монголчууд бид цөөхүүлээ ам бүл. Миний хувьд гурван сая гарчихлаа гэхэд маш их баярлаж байсан. Мэдээж монгол хүн бүр ам бүл нэмэгдэж байна гэхэд баярладаг байх. Гэтэл бид нарын ирээдүй болсон, тэр бяцхан хүүхдүүд энэ өвчнөөр маш их эрсдэж, эндэж байгаад маш их эмзэглэж байна. Би ганцаараа биш бүгд л эмзэглэж, харамсаж байгаа гэж найдаж байна. Тиймээс элэг нэгтнүүддээ туслаад, бид эвтэй байхдаа хүчтэй, дуслыг хураавал далай гэдэг шиг энэ аянд маань хүн болгон ямар нэгэн аргаар хандив, тусламжаа хүргээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн аянаар маань цугласан хандив тусламжаа хэрэгцээтэй эмнэлэгт нь, хэрэгцээтэй эцэг эх, хүүхдүүдэд нь заавал хүргэх болноо гэдгээ амлъя.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn