Далд эдийн засаггүй эх орныг дараа үеийнхэндээ хүлээлгэн өгье
Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг УИХ шинэчлэн баталсан. Ингэснээр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан НӨАТ-ын тухай хууль энэ оноос хэрэгжиж эхлээд байна. Эдийн засгийн харилцааг ил тод болгох, далд эдийн засгийг бууруулах нь шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулийн үндсэн зорилго гэж томъёолж байгаа. Энэ хуулийн үр дүнд эдийн засаг эрүүлжиж, санхүү, бүртгэлийн систем сайжрах, улмаар шинэ түвшинд гарах учиртай. Манай улсын хувьд хөгжлийг чөдөрлөх болсон далд эдийн засаг гэгч оршин тогтнох орон зай хумигдах юм.
Тодруулбал, дунд болон урт хугацаанд эдийн засаг тогтвортой хөгжих боломж, бололцоог НӨАТ-ын шинэ зохицуулалт олгох давуу талтай аж. НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд бараг л дөрвөн сар болох гэж байна. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилттэй холбоотой цөөнгүй асуудал шинээр гарч ирсэн. Үүнд нийтээрээ дасан зохицож, хуулийн хэрэгжилт урагшилж байна. Хууль хэрэгжүүлэх шинэ механизм нь баримт хэвлэх кассын машин болоод байгаа юм. Талархал зэрэгцээд шүүмжлэлд өртөөд буй уг ухаалаг кассын машиныг өнөөдрийн байдлаар 40 орчим аж ахуйн нэгж өргөн сонголттойгоор дотоодын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байгаа юм байна. Тэгэхээр зах зээлд хүрэлцээтэй аж. Үнийн хувьд кассын машин бүр харилцан адилгүй.
Кассын машиныг худалдаа, эрхлэгчид хамгийн багадаа 40 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой аж. Үүнтэй холбогдуулж Гааль, татварын ерөнхий газар өөрийн удирдах газрын байранд энэ чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ гаргаж, мэдээлэл, сургалт зөвлөгөөг өгч байсныг хамаатны ах хэлж байсан. Мөн ухаалаг гар утастай байхад www.ebarimt.mn цахим хуудсыг ашиглан баримт өгөх боломжтой юм. Энэ нь цаас, цаг хугацаа хэмнэх давуу талтайгаас гадна байгаль орчинд ээлтэй шийдэл. Үүнийг зарим аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллага нэвтрүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Улаанбаатарчуудын зорин очих дуртай "Хүннү” их дэлгүүрийн зарим байгууллага энэ төрлийн үйлчилгээг хэдийнэ нутагшуулжээ. Тэгэхээр заавал 1-2 сая төгрөгийн төхөөрөмж худалдан авах шаардлагагүй юм байна. Маш хямд зардлаар асуудлыг шийдэж болох нь.
Тухайн худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж өөрсдийн боломж, бололцоондоо түшиглэж кассын машиныг өөрсдөө сонгон авч байгаа. Энэ нь иргэдийн худалдан авалтад дарамт учруулах төдийгүй бараа, бүтээгдэхүүний үнэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэж байна. Хэрэв кассын машинтай холбогдуулж үнээ нэмсэн байвал хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох аж. Таны эргэн тойронд буй худалдаа, үйлчилгээний байгууллага үнэ нэмсэн бол ямар шалтгааны улмаас гэдгийг нь заавал тодруулах эрх танд бий.
Олон нийтийн дунд зарим аж ахуйн нэгж, хувь хүн өндөр үнэтэй кассын машин худалдан авч суурилуулж байгаагаас шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна гэсэн ташаа мэдээлэл гарах болсон. Энэ нь дээрх мэдээллээр үгүйсгэгдэж байна. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө санхүүгийн боломж, эрхэлж байгаа бизнесийн борлуулалтын орлоготой уялдуулж кассын машиныг сонгох боломжтой аж. Үүнийг зарим улстөрч бараа, бүтээгдэхүүн шахаж, тулгаж байгаа үзэгдэл мэтээр олон нийтэд тайлбарлаж, улстөржүүлж байгаа тал байгааг үгүйсгэхгүй. Ийм төөрөгдөл газар авах тусмаа далд эдийн засгаас татгалзах хуулийн зорилтыг унагах эрсдэлтэй. Хэдий ийм боловч дийлэнх аж ахуйн нэгжүүд үндсэндээ хуулийн хэрэгжилттэй холбоотой бэлтгэл ажлаа хангаж, жигдрэх шатанд шилжиж байна.
"Лидер Финанс” татварын мэргэшсэн зөвлөх компанийн захирал Ү.Галмандах "Татварын дүрэм, систем, түүний зохицуулалт үндсэндээ өөрчлөгдөж байна. Шинэчлэлийн үр дүнд татварын өнөөгийн тогтолцоо илүү олон улсын түвшинд ойртох томоохон алхам үүгээр хийгдэж байгаа юм. Үүнийг иргэд НӨАТ-ын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлснээр мэдэрч, ач тусыг нь одооноос ойлгож байна. Цахим байдлаар бүртгэх болсон нь шинэлэг ажил. Гол өөрчлөлт нь иргэдэд жилийн эцэст нийт худалдан авалтынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах байдлаар илэрнэ. Энэ үед хуулийн ашиг тус тод мэдрэгдэх байх. Далд эдийн засгийн хэмжээ хуулийн үр дүнд цаашдаа улам буурна” хэмээн онцолсон юм.
Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид боломж олгосон НӨАТ-ын тухай хууль зарим жижиг аж ахуйн нэгжийн борлуулалтад тодорхой хувиар эерэг байдлаар нөлөөлж эхэлжээ. Иргэд худалдан авалт хийхээсээ өмнө баримт баримт хэвлэж байгаа, эсэхийг нь лавладаг болсныг Чингэлтэй дүүргийн 17-дугаар хороонд найман нэрийн дэлгүүр ажиллуулж буй Д.Оюунжаргал хэллээ. Тэрбээр 70 орчим мянган төгрөгөөр кассын машин худалдан авсан нь дэлгүүрийнхээ үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх алхам болсон байна. Тэдний ойролцоо үйл ажиллагаа явуулж буй зарим дэлгүүрүүдийн орлого эрс багасаж эхэлсэн тул түүнээс кассын машины талаар зарим нь туршлага судалж, дэлгүүртээ авч суурилуулжээ.