Урамшуулал авах эрхийг боомилогсод
Г.АНУДАРЬ
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхлээд даруй 60 хоног өнгөрчээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эхний нэгдүгээр сарын байдлаар 26643 баримт хэвлэх цэгээс 10 сая 149 мянга 635 баримт хэвлэгдсэн байгаа юм. Харин хоёрдугаар сарын байдлаар 30510 баримт хэвлэх цэгтэй болж, 10 сая 702 мянга 348 баримт хэвлэгдсэн байна. Энэ хугацаанд сугалааны хонжворын санд 675 сая 900 мянган төгрөг төвлөрчээ. Урамшуулал авах иргэдийг хохироохгүйн тулд худалдаа, үйлчилгээний газруудыг татварын нэгдсэн системд холбогдохыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв холбогдох дарга нараараа дамжуулан сануулсан. Тиймээс Цагаан сарын дараагаас эхлэн дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн татварын газрын хамтарсан шалгалт хийж, зөрчил илэрсэн газруудад хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ авах эрхийг тэдэнд өгчээ.
АЙДСАА ОРХИ, ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛ
Мэдээж энэ хууль хэрэгжсэнээр хувь хүн, хуулийн этгээд болоод Монгол Улсад ямар ач холбогдолтой, үр өгөөжтэй вэ гэх асуулт урган гарна. Энэ хугацаанд таван удаа сугалааны тохирол болж 20 сая төгрөгийн гурван азтан тодорсон байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр иргэд сугалаанд оролцож азтан болохоос гадна жилийн эцэст НӨАТ-ын 20 хувь, нийт үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах юм. Мэдээж энэ нь хүмүүс санхүүгээ хянах боломжийг бүрдүүлж буй хэмээн эх сурвалж хэллээ.
Орлого ил болсноор татвар төлөх хэмжээ өсөх нь гэсэн болгоомжлол бизнес эрхлэгчдийн дунд бий. Тэгвэл сул талаасаа илүү давуу талыг нь олж харах хэрэгтэй юм. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчид ихэвчлэн санхүүгээ хөтөлдөггүй. Ингэснээр бизнесийн үр ашгаа төдийлөн нарийн гаргаж чадахгүй байгаагаа дийлэнх нь хүлээн зөвшөөрдөг. Учир нь төлөвлөхөд хүндрэлтэй, санхүү татварын байгууллагад тайлангаа гаргахад зардлаа нотолж чаддаггүй зэрэг бэрхшээл тоочдог. Мөн банк санхүүгийн байгууллагаас зээл авахад орлогоо нотолж чаддахгүй байх нь бий. Харин НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр эдгээр асуудлыг эмх цэгцтэйгээр шийдэж болохоор байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлснээр алдагдал хүлээнэ гэх айдас, болгоомжлол илүүц юм. Жишээлбэл, жижиг дэлгүүр ажиллуулдаг хүн бараагаа бөөний худалдааны төвөөс авчээ. Тэр бүртээ баримтаа авснаар зардалд тусган, улмаар зөвхөн олсон ашгаасаа татвар төлөх ёстой юм байна.
Мөн www.ebarimt.mn цахим хуудсанд байгаа дата мэдээлэл дээрээ үндэслэн анализ хийж, судалгаа шинжилгээний анхдагч мэдээлэл болгох боломжтой. Түүнчлэн маркетинг зар сурталчилгаагаа зөв төлөвлөж явуулах, менежментээ зөв хийхэд чухал эх үүсвэр болох олон давуу талтай аж.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж бүр холбогдох татваруудыг төлөх ёстой. Гэтэл зарим нь татвараа шударгаар төлдөг, зарим нь патент нэрээр цөөн хэдэн төгрөг төлөөд явдаг тэгш биш байдал өмнө нь байсан. Харин энэ хуулиар бүх бизнес эрхлэгчдэд татварын тэгш, ойлгомжтой систем үйлчилж байгаа юм.
Бид аливаа зүйлийг хийхдээ эцсийн мөчид, цаг хугацаатай уралдан, хэт ачаалал үүсгэж хийдэг зуршилтай. Өдгөөг хүртэл худалдаа үйчилгээний газруудад бар кодтой баримтыг өгөхгүй байсаар. Өнгөрсөн Цагаан сарын баярын үеэр "Миний дэлгүүр”-ийн сүлжээгээр үйлчлүүлсэн иргэд баримт авч чадаагүй тухайгаа ярьж байв. Харин тэрхүү худалдан авалт хийсэн баримтаа хадгалж байгаад 14 хоногийн дараа сугалаатай баримтыг нь өгсөн тухай эх сурвалж хэлэв. Уг нь хуульд зааснаар албан татвар төлөгч нь төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд даруй илгээх учиртай. Энэхүү мэдээллийг тухайн худалдаа, үйлчилгээний байгууллага цаад хугацаа нь гурав хоногийн дотор багтаан татварын нэгдсэн системд илгээх ёстой. Хэрэв хугацаа хэтэрвэл сугалааны дугаартай баримт гарахгүй.
Гэтэл үүнийг бизнес эрхлэгчид иргэдэд сүлжээ гацсан мэтээр ойлгуулж, хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, "Azzurro Lobby Lounge” coffee shop-оор 2016 оны нэгдүгээр сарын 22-нд үйлчлүүлэн баримтаа бүртгүүлсэн боловч одоог хүртэл баталгаажуулаагүй байгаа аж. Түүнчлэн "Нөмрөг” супермаркетынх ч мөн адил баримтаа баталгаажуулаагүй 23 хоног өнгөрчээ. Хэрэв хуулийн хугацааг хатуу, чандлан мөрдөж эхэлвэл энэ мэтчилэн иргэд хохирох нь. Хуулиар олгосон урамшуулал авах эрхийг боомилогсдыг хэрхэх ёстой вэ.
ХУВЬ ХҮНИЙХИЙГ БИШ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРЛОГЫГ ИЛ БОЛГОНО
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сард баталж энэ оны эхнээс дагаж, мөрдсөн. Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Эл хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн хүмүүс төлбөр төлөх бүртээ бар кодтой баримт авч бүртгүүлэн сугалаанд оролцон азтан болох боломжтой. НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож байгааг ГТЕГ-ын дарга С.Пүрэв онцолсон. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн хувь хүний орлогыг ил болгох нь. Тэрхүү орлогоо баталгаажуулснаар урамшууллын хоёр хувь авахаас илүүтэй орлогынхоо 10 хувийг төлөх болох нь гэх болгоомжлол бий болсон. Гэвч энэ хуулиар хувь хүний орлогыг бус хуулийн этгээдийн нууж болох орлогыг ил болгох зорилготой. Тиймээс хувь хүний тухай мэдээллийг чандлан хадгалах тухай хуульд хатуу заалт оруулж өгчээ. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар бүлэгт буюу 17.7-д Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг татварын алба, статистикийн алба, тухайн мэдээллийг дамжуулагчаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно гэж заажээ.Тиймээс иргэд, худалдан авагчид баримт болгоноо санаа зоволтгүйгээр бүртгүүлэхэд болох нь.
НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд тооцоотой, бизнесийн орчин эрүүлжин, эдийн засгийн зөв бүртгэл, хяналтын тогтолцоотой болж, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Иймд олон улс хэрэгжүүлж үр дүнг нь хүртээд буй хуулиа биелүүлцгээе.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.