“УИХ-ын халдашгүй эрхийн төлөөх дажин”-гаас ангижруулж өгөхийг Цэцээс хүсье!
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр ирэх сонгуулиар "жагсаалтын гишүүн” гэгч байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг мөн эсэхийг хэлэлцэх гэж байна. Энэ шийдвэр сонгогчдод хамгийн их хамаатай төдийгүй эгдүүцдэг асуудал юм. Жагсаалтад хэн орчихдогт, ямар аргаар багтдагт гээд хардахаас ч аргагүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Юуны өмнө эрх мэдлийн хаалгыг хаах цаг болсон, аливаа гэм зэм бүхий асуудалд холбоотой нь олны нүднээ ил болдог ч төдөлгүй шалгуулсан болоод холбогдох газраас бичиг сачиг аваад олон нийтэд харуулаад нэрээ цэвэрлэчихдэг аль аль намынхан энэ жагсаалтад багтсан байдаг. Товчхондоо Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрх зайлшгүй шаардлагатай, энэ эрхийг ямар ч үнээр хамаагүй худалдан авах боломжтой АН, МАН-ын аль алиных нь гишүүд энэ жагсаалтад орсон. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Ямартай ч "багтаж чадсан”, дахиад "багтчих вий” гэдэгт асуудал байгаа юм.
Үндсэн хуулийн Цэцийн өнөөдөр хэлэлцэх гэж буй уг асуудлын тухайд хамгийн гол нь 76 гишүүнээс тодорхой хэсгийг нь нам, намын халдашгүй эрхэд шунагсад эзэлчихээр дөрвөн жилд ганц удаа олддог, Үндсэн хуулиас олгосон "Төрөө сонгох ганц өдрийн эрх” маань эзлэн түрэмгийлэгдчихэж байгаа хэрэг. Цаана нь хэд нь ч шударгаар өрсөлдөөд ялдаг байлаа гэсэн Төрийн эрх барих дээд байгууллагыг сонгоход нэг суудлыг ч атугай ингэж хуулийн аргаар "хулгайлах” нь буруу гэдгийг сонгогчид батлан хэлнэ. Учир нь жагсаалтад багтсан тэр хүн нам дотроо хэддүгээр бичигдэх хэмжээний, хэчнээн чухал хүн бэ гэдэг нь сонгогч Доржид хамаагүй байхгүй юу. Тэгэхээр нам нь сонгогчоос эрхийг нь хулгайлаад байгаа биз? Үүнийг нь өнөөдөр Үндсэн хуулийн Цэц шүүн хэлэлцээд үнэн зөвийг тогтоож өгөх нь чухал байна.
Үндсэн хуулийн Цэц 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт дахь хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28 гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2,3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байдаг.
Энэ асуудал "даргагүй Цэц” улстөрчдийн сунгасан гар хүрэхэд хэврэг байгаа гэсэн хардлагатай тулгараад байгаа нь ч аргагүй юм. Учир нь бидний хэлж хэвшсэнээр "төрийн гурван өндөрлөг” нэг намынх. УИХ-ын дарга нь эрх барьж буй Ардчилсан намынх. Төрийн тэргүүний байр суурь угаасаа тодорхой байгаа зэргээс харахад эрх баригчид энд хүссэн хүсээгүй нөлөөлчих магадлал өндөр байна.
Уг нь хууль тайлбарлах эрх Үндсэн хуулийн Цэц, Улсын Дээд шүүхэд л бий гэх боловч өнөөдөр харж байхад УИХ-ын дарга тайлбарлаад сууж байгаатай олонтаа таарсан. Гэтэл Ерөнхийлөгч иргэнийхээ эрхийг дээдэлдэг хэдий ч эдүгээ сонгуулийн тухай хуульд гар хүрэхийн тухайд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлчихээд байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц л асуудлыг шийдэж таарах гээд байна. Гэхдээ "Төрийн өндөрлөг”-үүдийн нөлөөлөлгүйгээр шийдвэрээ гаргаж чадах эсэхэд нь ямар ч шийдвэр гарсан эргэлзсээр байх нь ойлгомжтой.
Уг нь Үндсэн хуулиа дээдэлж, сонгогчдын эрхийг хүндэтгээд нэгэнт маргаан үүсгэхээр шийдвэрлэж чадсан юм чинь УИХ-ын гишүүн бүр ижил эрхтэйгээр өрсөлдөж сонгогддог байх нь зүйтэй гэж шийдвэрлэвэл ард түмэн сэтгэл ханамжтай, амгалан тайван саналаа өгөх нь лавтай.
Тэглээ гээд сонгуулийн хугацааг хойшлуулах шаардлагагүй. Ямартай ч дараагийн сонгуулийг хэрхэн явуулах, тодруулж хэлбэл өөрсдийг нь дахин сонгох эрхийг нээх үү, хаах уу гэдгийг одоогийн Их Хурлын гишүүд өөрсдөө шийддэг, тэр хуулийг "зохиодог”, баталдаг байх нь энэ асуудлыг улам хүндрүүлж байна. Тэр тусмаа сонгууль бүрийн өмнө маргадаг. Харин одоо зүгээр л нам доторх "УИХ-ын халдашгүй эрхийн төлөөх дажин”-г үгүй болгож, төрийн эрхийг хууль зохиож авдаг байдлаас ангижруулж өгөхийг Үндсэн хуулийн Цэцээс хүсэх үлдлээ.
Г.Сүрэн