Энэтхэгээс тэрбум ам.доллар зээлж төмөр зам барина
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар манай улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас нэг тэрбум ам.доллар зээлээр авч тус мөнгийг төмөр зам барихад хөрөнгө оруулах тухай хэлэлцэж дэмжсэн юм. Уг зээлийг авснаар өрийн босгыг давах юм биш биз гэсэн асуудал хурлын үеэр яригдаж үүнд Сангийн сайд Б.Болор хариулахдаа "Хуульд заасан өрийн босгод багтана" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Болор "Зээлийн асуудлыг байнгын хороогоор ярихад заавал төмөр замд хөрөнгө оруулна гэж нарийвчлан тусгах шаардлагагүй. Үүний оронд хөрөнгө оруулах салбарын нэр заалгүй дэд бүтцийн салбарт зээлийг авья гэсэн байдлаар тусгах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн” гэсэн юм.
Үүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Энэтхэгийн Засгийн газартай тохиролцсон зарчмаа хатуу барих ёстой. Төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол энэ тохироон дээрээ манай улс байх ёстой. Засгийн газар яагаад анхнаасаа тохирсон тохиролцоогоо хадгалахгүй байна вэ. Бид тохирооноосоо буцаад байвал Энэтхэг гэлтгүй хөрөнгө оруулагчдад төрүүлэх итгэлээ алдах болно" гэсэн юм.
Д.ЖАРГАЛ