“Самсунг Си энд Ти” компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна
БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компанитай холбоотой "шинэ төмөр зам”, "шинэ нисэх онгоцны буудал” төслийн хуудуутай баримт нь хууль журам зөрчсөн эсэх тухай албан тушаалтнуудын гарын үсэгтэй тогтоол шийдвэрийг бид ээлж дараалан танилцуулж байгаа билээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын яамнаас зарласан 65 сая ам.долларын өртөгтэй оношилгооны төв барих тендерт монголчууд бидний сайн мэдэх алдарт БНСУ-ын "Самсунг С&Т" компани шалгарч ажлаа эхэлж буй нь олон хүнийг гайхшралд оруулаад авсан. Ийн хэлэхийн учир нь тус компанийн асуудал өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдах байх гэсэн энэ мөчид тэд яагаад дахин их хэмжээний үнийн дүн бүхий тендерийн ажлыг авах болов гэдэг нь олны анхаарлыг татсан хэрэг. Өөрөөр хэлбэл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, шинэ төмөр зам төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилд хүндрэл үүсч хуулийн байгууллага шалгаж буй үед нь Монголын төр дахин нэг том төслийг БНСУ-ын компанид хариуцуулж байгаа нь хэний ашиг сонирхол энэ бүхэнд яваад байгааг таахад бэрх юм.Өмнөх дугаартаа бид төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэлхийд алдартай "DBI” компани хяналт тавиагүй талаарх мэдээллийг хүргэж байсан. Аливаа том төслийн бүтээн байгуулалт эхэлвэл улс төр, төрийн албан хаагчдын хөндлөнгийн нөлөөг оруулахгүйн тулд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийг зайлшгүй сонгон шалгаруулж хариуцлагыг нь түүнтэй тооцдог.
Гэтэл Монгол Улсад хэрэгжсэн төмөр замын төсөлд энэхүү үйл явцыг нэр төдий гүйцэтгэсэн байдаг тухай албаны бусад хүн болон мэргэжлийнхэн хэлдэг. Тэгвэл олон улсад нэр хүндтэй "DBI” компанийг хяналт тавигчаар сонгосон ч санхүүжилтыг нь ямар нэгэн аргаар өгөлгүй явуулсан гэдгийг Хөгжлийн банкны санхүүжилтын хуулга, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтын дээрэх тайлангаас харж болохоор байна.. Яг үнэндээ монголчууд хийгээд улс төрийн хүрээнийхэн дунд шинэ төмөр замын хэрэгт нэр бүхий хүмүүс яагаад, ямар учраас холбогдсон бэ гэдэг асуулт өрнөдөг, одоо ч олон нийт энэ бүхний учрыг эцэслэн ойлгоогүй байгаа. Тэгвэл өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар бүхий л хугацаанд Ерөнхий сайдын харьяанд явж ирсэн Төрийн өмчийн хороог хөдөө аж ахуйн бодлого тодорхойлогч яаманд нэгтгэсэн юм. Ингэснээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын санхүүжилт босгох, ажил эхлүүлэх тогтоол шийдвэрийг төрийн өмчийг эзэмшдэг ТӨХ, салбарын бодлогыг тодорхойлдог ЗТЯ-аар дамжуулан гүйцэтгэх боломж бололцоо нээгджээ.
Ингээд 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ"-ний тухай тогтоол гарч Н.Алтанхуяг, А.Гансүх нар гарын үсэг зурснаар "Энержи ресурс" ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд "Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх" Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тогтоол гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг юм. Тухайн үед ТӨХ, хуучнаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар нь УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллаж байсан цаг үе.
Ямартай ч тухайн үед салбар яаманд ажиллаж байсан эрх мэдэл бүхий эрхмүүдээс өгсөн чиглэлийн дагуу "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд "Самсунг СТ" компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж ийнхүү олон тэрбум төгрөгийн асуудалд холбогдох болсон нь энэ аж. Хамгийн гол нь цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг хангалттай цуглуулж чадсан гэх мэдээлэл ч бидэнд бий.
Өөрөөр хэлбэл, "Энержи ресурс" ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, "Самсунг СТ"-тай компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн аж. Мөн "letter of acceptance"- буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн албан захидлыг гэрээ байгуулагдсан хэмээн төсвөөс болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь залилангийн шинжтэй байж болох талтай аж.
Ямартай ч эцэст нь хэлэхэд "DBI” компанийн хяналтгүйгээр мөнгө гарч байсан эсэх, "Монголын төмөр зам” ТӨХК хөндлөнгийн хяналтгүй ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн албан тоот бүхий хүсэлтээр санхүүжилтыг шийдвэрлэж байсан гэх асуудлаар нийтлэлд нэр дурдагдсан эрхмүүдээс хариу тайлбар авч эргэн мэдээллэх болно. Эцэст нь хэлэхэд бид өөрсдөд олдсон баримт буюу санхүүжилт хэрхэн гарч байсныг схемээр харуулж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.