Төмөр зам, тэдний хэрэг мартагдах уу?
Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр зам төлөвлөгөө ёсоороо бол өнөөдөр ашиглалтад орчихсон, хэзээний ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой. Харин эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор зөв зүгээр дотоодын компанийн хийж байсан ажлыг төр мэдэлдээ авч, улмаар Солонгосын гэх тодотголтой "Самсунг СТ” компанид тендергүй үйл ажиллагаа явуулсан "Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөл өнөөдөр овоолсон шорооноос өөр гавиагүй.
Өнгөрсөн хугацаанд эрх шилжүүлэх гэрээнээс өмнө ”Энержи Ресурс” компани "Самсунг”-ийг шалгаруулахаар тохиролцсоноос бус гэрээ байгуулаагүй тухайгаа ямар нэгэн байдлаар мэдэгдэж ирсэн. Тохиролцсон төдийг "Ерөнхий гүйцэтгэгчийн эхний гэрээ” гэж тодорхойлсон нь анхнаасаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан учраас энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Гэхдээ нарийн анзаарвал "Энержи Ресурс” тохиролцож байсан "Самсунг”, МТЗ-ын гүйцэтгэгчээр тодорхойлсон "Самсунг” хоёр огт өөр компаниуд бололтой. ”Энержи Ресурс” компанийн тохиролцож байсан "Самсунг” бол өөрийнх нь тодорхой хэмжээний хувь эзэмшдэг компани байсан бололтой. Харин сүүлд тэдний тодруулсан гээд буй "Самсунг” нь огт өөр компани байсан тухай сүүлийн үеийн мэдээллээс харж болно.
Тэгвэл төмөр зам барих хөрөнгийг овоолсон шороо болгон хувиргаж, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байсан Б.Батзаяа нарын нөхдийн хэрэг өнөөдөр сураг алдрав. Энэ хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг шалгаж эхэлсэн ч бас л чимээ алдрав. Харин энэ хугацаанд энэ талаар мэдээлэл гаргасан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгсөн талаар мэдээлэл гарсан.
Гэхдээ төмөр зам барих 483 сая ам.долларын төслийн 200 сая ам.доллартой холбоотой хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгасаар байгаа аж.
Гэтэл батлан даалтад гарсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа сошиал ертөнцөөр гэм зэмгүй хүний дүр эсгэн мэдээлэл гаргаад таг чиг. Түүнийг баривчлан саатуулж, байцаалт явуулах шаардлагатай байгаагаа хууль хяналтынхан шүүхэд хандан мэдэгдсэн ч хуралд оролцогч гурван шүүгч эсвэл өмгөөлөгчид нь ирэлгүй шүүх хурал хойшилсоор буй талаар албаны эх сурвалжуууд мэдээлж байна.
Шинэ төмөр замын төслийн энэ хэрэгт нарийн судалгаа шинжилгээгүй мэдээллийг хэдэн сая доллараар зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан "Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат өнөөдөр АНУ-ын иргэн байсан гэдгээ илчилж, тохуурхсан байдалтай захиа бичсэнээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын нийтлэлийн булангаар дамжуулаад явуулаад буй.
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн энэ хэргийг шуурхай нэг тийш болгохоор ажиллаж буй ч багагүй бэрхшээлтэй тулгарч буй аж. Хэрэгт сэжиглэгдэж буй зарим этгээд нь гадаад руу оргон зайлсан, зарим талаар гүнзгийрүүлэн шалгах гэхээр сэжигтнүүд нь халдашгүй эрхтэй байх гээд олон хүчин зүйл нөлөөлж буй бололтой.
Тэгвэл шинэ Сонгуулийн хуулиар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, сэжигтнээр татагдаж буй эсэх нь сонгуульд нэр дэвших эсэхэд нөлөөлөхгүй гэсэн үг. Харин энэ хэрэгт сэжиглэгдэж буй Х.Баттулга, А.Гансүх, тэр ч бүү хэл Б.Батзаяа нэр дэвшихээр төлөвлөж буй талаар мэдээлэл байна. Хэрэвзээ тэд нэр дэвшээд сонгогдчихвол халдашгүй дархан эрхтэй болно. Наана нь асуудлыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг нь тогтоолгоё гэхнээ боломжгүй. Учир нь түр хугацаагаар баривчлах эсэхийг шийдэх шүүх хурал нь хэдэн сараар үргэлжилдэг өнөөгийн тогтолцоогоор шүүх хурлыг хэдэн жил ч дамнуулан хойшлуулах боломж нь хуульд бий. Тэгэхээр хэрэг замхарах нь гэсэн болгоомжлол бий.
Харин энэ хугацаанд мөнөөх 200 сая долларынх нь тал нь гадагшаа гараад явчихсан гэх мэдээлэл байна. Яг та баттай биш ч шууд үгүйсгэх аргагүй мэдээлэл. Хэрэвзээ энэ мэтээр удаан үргэлжилбэл монголчууд шинэ төмөр зам ч үгүй, Чингис бондын мөнгө ч үгүй хоцрох бололтой.
Л.ТӨГС