Хосуудынхаа сэтгэл хөдлөл, догдлол, сандралыг мэдэрч байж гэрэл зургаа авдаг
Хурим бол хүний амьдралын хамгийн мартагдашгүй нандин мөчүүдийн нэг. Амьдралд ганц тохиох энэ мөч гал голомтоо асаасан хосуудын сэтгэлд хоногшиж, насан туршид нь сайхан дурсамж үлдээдэг. Энэхүү аз жаргалтай үеийг өнөөдөр мэт хадгалж үлдэх цорын ганц дурсамж нь хуримын гэрэл зураг гэдэгтэй хэн ч маргахгүй.
-Манайд өмнө нь хуримын гэрэл зургийн төрөл ямар байв. Энэ чиглэлээр ажиллах санаагаа хэрхэн олов?
-Хуримын гэрэл зураг гэдэг ойлголт өмнө нь Гэрлэх ёслолын ордны хаалганы өмнө хосууд зургаа авахуулахаас хэтэрдэггүй байсан. Миний хувьд 2008 онд танил хоёр дүүгийнхээ хуримын зургийг авч өгөхөөр болоод, хуучны хэв маягаар авахыг хүсээгүй, нэлээд эрэл хайгуул хийж судалсан. Ингээд гадаадын орнуудын хуримын гэрэл зургуудыг судалж үзээд байгалийн гэрэл зураг, сурвалжилгын гэрэл зураг шиг бие даасан тусгай төрөл байдгийг олж мэдсэн. Тухайлбал, хуримын гэрэл зураг Европт өөр, Хятад, Солонгост арай өөр байх жишээтэй. Ингэхдээ Солонгосын хуримын гэрэл зургууд Европтойгоо нэлээд дөхүү тал руугаа. Анхны хуримын гэрэл зураг олон хүнд таалагдаж, 2008 оноос хуримын гэрэл зургаар захиалга авч эхэлсэн.
-Сүүлийн жилүүдэд олон студи хуримын гэрэл зураг авдаг болжээ. Харин таны хувьд тэднээс ялгарах онцлог нь юу вэ?
-Үнэхээр сүүлийн хоёр жилээс хуримын гэрэл зураг эрчимтэй хөгжиж байна. Залуу гэрэл зурагчид ч гарч ирж байна. Харин миний хувьд тэднээс ялгарах онцлог нь туршлага юм уу даа. Намайг "Хуримын Сайнаа” гэхээр хүмүүс анддаггүй. Бас миний авсан гэрэл зургуудыг нүд нь илүү, амьд харьцаатай харагддаг гэдэг юм билээ. Гэрэл зураг авах үедээ хосуудтайгаа ойр дотно харилцаж, тэднийхээ сандрал, догдлол, баяр хөөрийг давхар мэдэрч байж ажилладаг болохоор амьдлаг, уншууртай зураг болдог байх.
-Хуримын гэрэл зургууд байгалийн болон бусад гэрэл зургаас юугаараа ялгаатай вэ?
-Объектыг зөв сонгох нь чухал байдаг. Тухайлбал, хосуудын хувьд анх танилцсан, уулзсан гээд дурсамжтай газруудыг илэрхийлж авахыг боддог. Ер нь нэг хосын нандин дурсамжтай гэрэл зургийг авахад дор хаяж 2-3 хоног шаардагддаг.
-Энэ хугацаанд нийт хэдэн хосын дурсамжтай мөчийг гэрэл зураг болгон мөнхлөв. Нөгөөтэйгүүр "Нандин” гэрэл зургийн үзэсгэлэнд нийт хэчнээн зураг тавьсан бол?
-Хуримын гэрэл зургаар дагнаж ажилласан энэ найман жилийн хугацаанд нийт 300 гаруй хосын зургийг авсан. Үүнээс үзэсгэлэнд 40-өөд хосын 50 гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн..
Сэтгэгдэл байхгүй байна.