Битгий доромжлоод байгаарай
УИХ-ын сонгуулийн өмнө бүр сурталчилгаа ч эхлэхээс урьтаж, нэр дэвшигчид нь гэж нөхөд ёстой л олны элгийг хөшөөх шахаж байгаа билээ. Ерөнхийдөө УИХ-ын сонгуульд өрсөлдөөн АН, МАН-ын хооронд явагдаж, бусад жижиг нам болон бие даагчид санал хуваах байдлаар оролцсоор өнөөг хүрсэн. Энэ удаа ч ялгаагүй, ихэнх сонгогч АН-аас бас МАН-аас хэн бэ гэдэгт анхаарлаа нэлээд хандуулж буй. Жижиг намуудын тухайд бол ойлгомжтой үйл ажиллагаа нь ердөө л дөрвөн жилийн давтамжтайгаар буюу аль нэг намын нэр дэвшигчийн саналыг хуваахаар оролцоод бүр сурчихсан. Тэгээд ч онцлоод харчихаар боловсон хүчнүүд нь МАН, АН-д элсээд, батлахаа халаасалчихсан яваа.
Гэхдээ "будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгчээр мань намууд энэ жил их тууштайгаар өрсөлдөх байх гэж харж байтал харин ч бүр "сахил хүртээд шал дордов” гэдэг болж орхилоо.
Тэдэнд өөрийн гэсэн үнэт зүйл, төрдөө илгээчих олигтой боловсон хүчин ч гэж алга. Тийм зэрэгтээ тулахаараа бөхчүүдийнхээ дэвжээ, дуучин, жүжигчдийнхээ тайзыг "сольж” өгч өөрсдийн эгнээндээ оруулахыг хүсч байгаа бололтой. Урлаг, спортынхон ард олноор хүндлэгдэж, бишрэгдэж, хайрлагдаж ирсэн болохоос бохир улс төрд гараа дүрж, муу, муухайг нь үүрч дүүрэх чадвартай хамелионууд биш. Нэгэнтээ "гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж” тус хүргэсэн бол түүнийхээ төлөөх шанг битгий улс төр рүү татаж нэхээч.
Ядаж урлаг, спортынхон чинь улс төрийн буруу, явуургүй бодлого шийдвэрээс болж бухимдаж суугаа иргэдийг тайвшруулж, сэтгэлийн амгалан, баяр баясал олгодог юм шүү дээ. Энэ удаагийн сонгуулийн хувьд улс төрийн нам, хүчнийхэн иргэд, сонгогчдыг ухамсар, сэтгэхүйн хувьд хэт доройтчихсон мэт үйлдлүүд хийсээр байна. Энэ нь үндсэндээ сонгогчдыг ядуу байлгасны хэрээр улстөрчдөд ашигтай байдаг гэдэгтэй утга, агаар нэгэн гэлтэй. Иргэдийн амьдрал, ахуй ядуу, зүдүү учраас мөнгө, эд зүйлс их хэмжээгээр тараасан нь парламентад сонгогддог гэдэг байсан. Харин энэ удаа хуульд эд зүйлс, хөрөнгө мөнгө тараахыг хориглосон учраас сэтгэхүйг нь хэт ядууд тооцож, заримыг нь бүр бичиг үсгийн боловсролгүй мэт үнэлж байна.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн сүүлээр мэдээлэгдсэн ТТЭНН-аас Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшсэн П.Бямбачулуун гэгч нөхөр эцэг, эх нь хайрласан өөрийн нэрээ улс төрд хүч үзэхийн тулд Лүндээжанцан болгон өөрчлөхөөр баахан хөөцөлдсөн гэх. Үндсэндээ АН-ын дарга З.Энхболд Д.Лүндээжанцан гишүүнээс сүрдэхдээ Г.Уянгын намын нөхрийг л баахан найрч байгаад нэрийг нь хүртэл солиулж, санал хуваах арга хэрэглэх гэсэн юм байх.
Яах вэ, жаран чавганц уралдвал нэг түрүүлдэг гэгчээр өнөө цагт сонгоход ч хэцүү нэр дэвшигчдийн дундаас арай л цойлж мэдэхээр, туршлагатай хүн нь МАН-ын Д.Лүндээжанцан гэдэг нь гарцаагүй. Гэлээ гээд бүхэл бүтэн хүний нэрийг солиулах хэмжээний лобби хийж байгаа нь сонгогчдын боловсрол, эрүүл мэндийг уландаа гишгэж байна гэхээс өөр юу гэх вэ. Үндсэндээ баянголчууд Д.Лүндээжанцан, П.Лүндээжанцан хоёрыг гүйцэд ялгахгүй л гэсэн тайлбараар ийм арга хэмжээ авах гэсэн биз. Түүнчлэн тун удахгүй хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо ч сонгогчдын бүртгэл гэх мэтээр ярьж, сонгогчдын идэвхийг сайжруулахын тулд янз бүрийн сурталчилгааны арга хэмжээ авч эхэлнэ. Харамсалтай нь саналаа өгөх гэсэн сонгогчийн үнэмлэхтэйгээ хавсарч авч очих шаардлагатай иргэний үнэмлэхүүд нь хүнсний дэлгүүрүүдийн барьцаанд хэдэн сараар хадгалагдчихсан байгаа нь өнөөгийн нийгмийн амьдрал. Улстөрч, нэр дэвшигчид олон нийтийн цахим сүлжээнд амьдарч, ердөө л тэнд болж буй үйл явцыг харж, дүгнэж суух зуурт өдөр, хоногийг өнгөрүүлэх гэсэн иргэд үмх мах, ширхэг ногооны үнэд иргэний үнэмлэхээ барьцаалж байгаа. Ардчилсан Монгол Улсад ардчилсан сонгууль болно гэдэг юу л бол. Одоо анхнаасаа л биесээ хараар будах пи-арын уралдаан болж байна шүү дээ.
Намууд нь нэр дэвшигчдээ тодруулж, тэднийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаа мэдэгдчихсэн. Өнөөдрөөс 11 нам, эвслийн 416 нэр дэвшигчийн батламжийг нь гардуулна. Гэтэл гэнэт өртэй, цагдаагийн лавлагаагаар ялтай зэрэг нь илэрч байх жишээний. Тойргоо булаалгасан зарим нь эсрэг намдаа үйлчилнэ гэдгээ илэрхийлж, нөгөө хэсэг нь намын батлахаа наймаалцаж, ямар боловч хамаагүй аргаар УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрын төлөө улайран дайрч байна. Тэрхүү улайрлынхаа ард ард түмнийг дэндүү басамжилж, үгээгүй ядуу, ядаж л тархи нь ажиллахгүй, оюуны хомсдолтой мэт үнэлж байгаа нь тун харамсалтай.
Энэ жишгийг үгүй хийхгүй бол бид баялгаа ард олондоо хүртээсэнгүй гэж орилж, эсэргүүцэж амжилгүйгээр парламентад морилж буй хүмүүсийн "идэш” болох нь ээ.
Иргэдийн итгэл, үнэмшлээр тоглогсдын хүч хүрээгээ тэлсээр байгаа нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс илхэн харагдана. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороонд бие даан нэр дэвшихээр 74 хүн бүртгүүлсэн. Хэрвээ улс төрийн нам, хүчнүүдэд итгэл алдарсан сонгогчид эдгээр хүмүүст саналаа өгвөл яах бол гэдэг асуудал ч үүсч мэднэ.
Мэдээж нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрхээ эдэлж байна хэмээн чангахан дуугарах нь гарцаагүй. Тиймээс нөгөө талд нь сонгох эрхээ эдлээд гайгүйхэн хүнээ төрд илгээхдээ сонгогчид ч нэрийг нь гайгүй тодхон дугуйлаасай. Хэнийг сонгох нь сонгогчдын итгэл. Хэрхэн ажиллах нь улстөрчдийн мэдэл. Тэр их эрх, мэдлийг олгохын тулд иргэд өөрсдийн сонгогчийн боловсролыг "үзүүлээд” өгөхгүй бол намуудын найраагаар бол арай л хэтэрхий дорд үзэж, доромжлоод байгаа юм шиг ээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.