Хиллари Клинтоны нөхрийнх нь дүү баривчлагджээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болсон Хиллари Клинтоны нөхрийнх нь төрсөн дүү болох Рожер Клинтон Калифорни муж улсад согтуугаар жолоо барьж яваад баривчлагджээ.
Өдгөө 59 настай тэрбээр 15 мянган доллар төлөөд Редондо-Бич хотын шоронгоос батлан даалтаар суллагдсан байна.
Түүнийг шүүх хурал ирэх есдүгээр сарын 2-нд болох аж.
Цагдаа нар "хэн нэгэн этгээд автомашинаар замбараагүй давхиад байна” гэсэн дуудлага авснаар Рожер Клинтоныг баривчилжээ.
Цагдаа нар хэлэхдээ "бид түүнийг Редондо-Бичийн шорон руу аваачсан. Рожер Клинтон согтуурлын түвшинг тогтоох сорил өгөхөөс татгалзсан” гэв.
Рожер Клинтон анх удаагаа ах /Билл Клинтон/ болон бэр эгчийнхээ чихийг халууцуулж байгаа нь энэ биш юм.
Тэрбээр 2001 онд мөн согтуугаар жолоо барьж яваад саатуулагдаж байжээ. Үүнээс гадна мансууруулах бодистой холбоотой хэргээр ял эдэлж байсан түүнийг ах нь ерөнхийлөгчийн суудлаа өгөх сүүлийн өдрөө өршөөлөөр суллаж байжээ.
Хиллари Клинтоныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр батлах эсэхийг шийдэх Ардчилсан намын доторх сунгаа өнөөдөр Калифорни муж улсад болох гэж байгаа үед Рожер Клинтон ийнхүү дахин хэрэг тарилаа.
Хэрвээ Хиллари Клинтон нам доторх сунгаанд ялбал энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм.
Сэтгэгдэл байхгүй байна.