Халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрт 15 мянган долларын нөхөн олговор өгнө
Казахстан улсын Актюбинск мужийн захиргааны гаргасан шийдвэрийн дагуу Актобе хотод болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд 5 сая тенге буюу 15 мянган доллар олгохоор болжээ. Өмнө нь 3 мянган доллар өгөх талаар яригдаж байсан юм.
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Актобе хотод болсон хэрэг явдалтай холбогдуулан үг хэлэхдээ, амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхийг Дотоод хэргийн яам болон орон нутгийн захиргаанд үүрэг болгосон гэдгээ мэдэгджээ.
Сануулан дурдахад, 6 дугаар сарын 5-ны өдөр хэсэг этгээд Казахстаны нутгийн баруун хэсэгт орших Актобе хот дахь /хуучнаар Актюбинск хот/ зэвсгийн дэлгүүрүүд болон Үндэсний гвардийн цэргийн анги руу халдсаны улмаас 6 хүн, тэдний дотор 3 цэргийн албан хаагч амиа алдаж, 38 хүн шархадсан байна. Дотоод хэргийн яамны мэдээллээр, терроризмын эсрэг ажиллагаа явуулах явцад 13 гэмт хэрэгтнийг устгаж, дөрвийг нь шархдуулжээ. Мөн халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан 8 хүнийг баривчилсан байна. Актобе хотод явуулж буй ажиллагааг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев биечлэн хянаж байна.
Өнөөдөр буюу зургадугаар сарын 9-ний өдрийг Казахстан улсад гашуудлын өдөр болгон зарлажээ. Улс орон даяар төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгэлийн болон спортын бүх арга хэмжээг хойшлуулсан ба радио, телевизүүд хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.