Индонезид халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
Индонез улсын хоёр дахь том хот болох Сурабаяд тэсрэх бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан гурван этгээдийг тус улсын цагдаа нар баривчилжээ. Цагдаа нарын хэлснээр, сэжигтнүүд "Лалын улс” бүлэглэлийн нөлөөнд автсан байж магадгүй.
Цагдаа нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ "сэжигтнүүд лалын ариун Рамадан сарын үеэр хөл хөдөлгөөн ихтэй газрууд, цагдаагийн газар болон засгийн газрын барилгуудыг онилон террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан” гэжээ. Рамадан буюу лалын шашинтнуудын мацаг барих сар өнгөрсөн даваа гарагт эхэлсэн бөгөөд ирэх сарын эхэн үе хүртэл үргэлжилнэ.
Сэжигтнүүдийн гэрт гар хийцийн тэсрэх төхөөргүүд, тэсрэх бодис болон автомат буунууд байсныг цагдаа нар хураан авчээ. Сирид "Лалын улс”-ыг хамгаалан байлдаж буй нэгэн индонез залуутай баривчлагдсан этгээдүүдийн нэг нь холбоотой байж магадгүй аж.
Энэ оны нэгдүгээр сард "Лалын улс”-ыг дэмжигчид Индонезийн нийслэл Жакарта хотод тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсний улмаас 4 хүн амь үрэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.