Б.Гарамгайбаатар, Тэс петролиум хоёрын хэн нь худал хэлж байна вэ?
УИХ-ын гишүүн, АН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарыг "Тэс петролиум” ХХК-д 500 гаруй сая төгрөгийн өртэй гэх мэдээлэл цацагдсан. Тус компани нь Б.Гарамгайбаатарыг өртэй учир УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хасч өгөхийг хүссэн албан бичгийг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн гэж буй. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар " Би ямар ч компанид өргүй. Миний нэр төрд халдах гэсэн оролдлого" гэх тайлбарыг хэлээд байгаа юм. Ингээд тэдний байр, суурийг 24VS24 онцолж байна.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр зарим байгууллагын зүгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар миний нэр хүндэд илтэд халдсан, гүжирдлэгийн чанартай, хуулийг буруу тайлбарласан, бусдыг төөрөгдүүлсэн, хууль, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилготой мэдээлэл гарсанд харамсаж байна. Миний бие Б.Гарамгайбаатар "Тэс петролиум” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд "Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй болно. Түүнчлэн надад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр байхгүй ба миний зүгээс Сонгуулийн ерөнхий хороог хуурч мэхлээгүй. Үүнийг нотлох албаны баримтуудыг олон нийтэд хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т "банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” гэсэн шаардлага нэр дэвшигч буюу иргэн Б.Гарамгайбаатарыг хэлж байгаа болно. Гэтэл "Тэс петролиум” ХХК нь "Монроуд” ХХК-тай холбоотой иргэний маргааны асуудлаа өөр хувь хүнд тохох, Б.Гарамгайбаатар авсан мэт гүтгэн гүжирдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм. Компани нь үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээд. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 128.2-т заасны дагуу хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас гаргасан лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэдэг бөгөөд хуульд заасан шаардлгагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалздаг хуультай. Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг даар хавсаргав. Дээрх бодит баримтуудаар нотлон мэдэгдэхэд миний бие нэр дэвшигчид тавигддаг хуулийн шаардлагыг хангасан учраас Сонгуулийн ерөнхий хороо намайг бүртгэсэн гэж ойлгож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111.1-т "Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 111.2.-т "Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 21.2-т заасны дагуу "иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй” ба тус хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу тухайн иргэний хохирлыг барагдуулах үүргийг хүлээдэг. Тиймээс дээрх худал мэдээллийг гаргасан, түгээсэн, тараасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ Хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим мэдээллийн сайтууд бэлтгэн гаргаж буй мэдээллийн бодит байдлыг нягтлан шалгаж, хуулийн хүрээнд хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчихгүй байхыг уриалан сануулья. |
"Тэс петролиум” ХХК "Монроуд”, "Тэс петролиум” ХХК-иуд 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 473 641 400 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсныхаа төлбөрийг төлөөгүй. Энэ мөнгийг гэрээний дагуу 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой байсан юм. "Тэс петролуим” ХХК нь Хаан банктай шугамын зээлийн гэрээ байгуулаад эргэлтийн журмаар буцаан төлдөг байсан. Гэтэл "Монроуд” мөнгөө төлөөгүйгээс болоод валютын ханшийн алдагдал 33 211 628.81 төгрөгөөр бас хохироод байна. Ингээд нийт 506 853 028. 81 төгрөгийн хохирол "Тэс петролуим” ХХК-д учирсныг шүүх тогтоосон. Б.Гарамгайбаатарын 100 хувь эзэмшдэг "Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан "Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргасан. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ удаагийн сонгуулиар Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр болоод байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан "нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан "...нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байна . Тиймээс Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүсч байна. Б.Гарамгайбаатар нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болох нь тодорхой болмогц өөрийн өмчлөлийн өртэй компаниа хүү Г.Тэнгисийн нэр дээр шилжүүлэх замаар өр төлбөргүй мэт дүр эсгэн, Монгол Улсын сонгууль, түүнийг зохион байгуулж байгаа төрийн байгууллага болох СЕХ-г, улмаар сонгогчдыг хууран мэхэлж, залилан нэрээ дэвшүүлэн бүртгүүлэх гэж байна.
|
Сэтгэгдэл байхгүй байна.