Б.Гарамгайбаатарт хулхидуулсан “Тес петролиум”-ын ажилчид өлсгөлөн зарлана
-УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар төрийн нэрийг өмнөө барьж, "Тэс петролиум" компанид 506 сая төгрөгийн хохирол учруулсан ч өнөөг хэр нь төлөөгүй. Үүнээс нь болж тус компанийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалингаа авч чадаагүй бөгөөд арга мухардсан 30 ажилчин өлсгөлөн зарлахаар болжээ-
Өнөө цагт нэр цэвэр улстөрчийг олно гэдэг өвсөн дотроос зүү хайхаас ч хэцүү болжээ. Ийм цаг үед амьдарч байгаа бид сар хүрэхгүй хугацааны дараа төр түшилцэх төрийн түшээдээ сонгох гэж байна.
Гэхдээ төрийн мөнгөөр хөлжиж, түмэнд амласан амлалтадаа хүрдэггүй, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үг хэлж, үйлдэл үзүүлж суудаг нөхдөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэднийг дахин төрд гаргахгүй байх нь чухал юм. Ялангуяа төрийн нэрийг барьж, нийтийн эрх ашгийг хохироодог өндөр албан тушаалтнуудаас салах цаг нь болсон. Үүний нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар.
Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа өмнөө барьж "Тэс петролиум" компаниас нийт 506 сая төгрөгийн шатахуун авч хэрэглэжээ. Ингэхдээ олон жил хэл, амны бай болсон Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх хатуу хучилттай замыг барьж, ашиглалтад оруулах эрхийг өвөртөлсөн мань эр өөрийн 100 хувийн эзэмшлийн "Монроуд" компанийнхаа нэр дээр шатахуун зээлж, хэрэглэсэн байна. Нэг үгээр хэлбэл, улсын төсвөөр өнгөрсөн онд ашиглалтад орсон тус замын ажлыг эхлүүлэхээс нь авахуулаад ашиглалтад орох хүртэлх бүх шатахууныг "зээл"-ийн аргаар "Тэс петролиум" компаниас гаргуулсан аж. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өнөөг хэр нь "Тэс петролиум" компанид учруулсан 506 сая төгрөгийн хохирлоо барагдуулах нь битгий хэл ээлжит сонгуулийн сурталчилгаандаа бэлдэж, дахин төрд гарахыг санаархаж явна. Гэтэл мань эрд хулхидуулсан "Тэс петролиум" компанийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалинг авч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймдээ ч тус компанийн 30 ажилчин өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Нөгөөтэйгүүр арга мухардсан "Тэс петролиум" компанийн удирдлагууд саяхан Сонгуулийн ерөнхий хороонд хандаж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Б.Гарамгайбаатар гишүүний толгойлсон "Монроуд" компани нь бараг хагас тэрбум төгрөгийн шатахуун авсан ч өнөөг хэр нь нэг ч төгрөг төлөөгүй, иймд ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлж, аливаа бусармаг хууран мэхлэлт, залилангийн үйлдлийг таслан зогсоохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүсчээ.
"Тэс петролиум" компанийн гаргасан мэдэгдэлд төлбөрөө барагдуулаагүй "Монроуд" компанийн удирдлагуудыг шүүхэд өгсөн тухайгаа дурьджээ. Тодруулбал, тус компанийн нэхэмжлэлтэй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс "Монроуд"-аас 506 сая төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулах шийдвэр гарчээ. Гэвч "Монроуд" компанийн зүгээс хохирлоо барагдуулаагүй өнөөг хүрсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Гэтэл Б.Гарамгайбаатар гишүүн бяцхан заль хэрэглэж ХОМ-тээ өөрийн 100 хувийн эзэмшлийн гэж мэдүүлж байсан "Монроуд" компаниа өөрийн хүү Г.Тэнгисийн нэр дээр шилжүүлж, УИХ-ын ээлжит сонгуульд нэр цэвэр дэвшихийг санаархаж байгаа талаар эх сурвалж өгүүлэв. Учир нь, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгэхдээ "Банк, бусад хуулийн этгээд иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх...", "Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх...” зэрэг заалт бий.
Үүнээс үзэхэд мань нөхөр хуулийн "зөрчил”-тэй нь харагдаж байна. Гэсэн ч дахин парламентад нэр дэвшихийн тулд өөрийн эзэмшлийн "Монроуд” компаниа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх замаар хуулиас зугтаж, дахин эрх мэдэлд санаархаж суугааг өнөөдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулж өгөх Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд анхааралтай авахад илүүдэхгүй л болов уу. Товчхондоо, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар төрийн нэрийг өмнөө барьж, "Тэс петролиум" компанид 506 сая төгрөгийн хохирол учруулсан ч өнөөг хэр нь төлөөгүй. Үүнээс нь болж тус компанийн ажилчид сүүлийн 18 сарынхаа цалингаа авч чадаагүй бөгөөд арга мухардсан 30 ажилчин өлсгөлөн зарлахаар болжээ. Харин энэ бүхний буруутан Б.Гарамгайбаатар гишүүн хээв нэг дахин сонгуульд хүч үзэхээр "улайрч” сууна.
Сэтгэгдэл байхгүй байна.