Сири-Иорданы хил дээр террорист халдлага боллоо
Сири-Иорданы хил орчмын бүсэд автомашинд нуусан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас Иорданы зургаан цэрэг амь үрэгдэж, 14 хүн шархаджээ.
Эл үйл явдал нь Сирид дэгдсэн иргэний дайн хөрш орнууд руу нь тархаж хүрээгээ тэлж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна.
Мягмар гарагт болсон уг халдлагын хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэгдсэн ямар нэгэн террорист бүлэглэл одоогоор алга байна. Халдлага болсноос хойш хэдхэн цагийн дараа Иорданы эзэн хаан Абдула мэдэгдэл хийж "Иордан улс болон түүний хил хязгаарт халдахаар завдсан хэнийг ч боловч "төмөр нударга” хэрэглэн зогсооно” гэж анхааруулжээ.
Зургадугаар сарын эхээр тус улсын нийслэл Амман хотын ойролцоо орших Палестины дүрвэгсдын хуарангийн хажууханд байх аюулгүй байдлын албаны байрыг террористууд дайрах үеэр Иорданы тагнуулын албаны таван ажилтан амиа алдсан юм.
Дээрх автомашинд нуусан тэсрэх бөмбөг дэлбэрэх чимээ Сирийн нутагт орших цэргийн баазад сонсогдсон байна.
Иорданы "Рабкан” гэдэг шалган нэвтрүүлэх цэгээр цөөн тооны Сирийн дүрвэгсдийг нэвтрүүлэхийг саяхан зөвшөөрсөн ажээ. Гэтэл Иордан-Сирийн хил дээр хэдэн арван мянган хүмүүс дайн тулаанаас дайжин ирж бөөгнөрөөд байна.
6,5 сая хүн амтай Иордан улс одоогийн байдлаар 600 мянга гаруй дүрвэгсдийг хүлээн аваад байгаа учраас цаашдаа тэднийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлах бодлого барьж байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.