Сонгуулийн дараа царай царайгаа яаж харах юм бол
Хэд хоногийн өмнөөс цахим ертөнцөөр Л.Эрдэнэчимэг мэдэгдэл гаргаж, түүндээ "2016 оны зургаадугаар сарын 14-ний өдрөөс өнөөг хүртэл олон хүнээс сөрөг сэтгэгдэл надад ирсээр байгаа билээ. Энэ дундаас Солонгос, ОХУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг орнуудын мэдээллийн хэрэгслээр миний зохисгүй үйлдлийн талаар бичлэг гаргаж, сонин сэтгүүлд нийтлэгдэж байна. Мөн гадаадад оршин суугаа Монгол иргэд удаа дараа өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Төрийн ордонд хийсэн үйлдлийнхээ хариуд 50 000 төгрөг төлсөндөө нийт иргэдээс уучлал гуйж байна. 2 300 000 төгрөг торгуульд төлөхөөр болсон гэдгээ хэлэх байна.
Иймээс УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч Лувсангийн Эрдэнэчимэг миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага үүрч мөн Олон улсын хэмжээнд Монгол Улсынхаа Засгийн газрын нэрийг унагаасанда хүлцэл өчиж, УИХ-ын сонгуулиас өөрийн хүсэлтээр нэрээ татан авч байгаагаа мэдэгдэж байна" гэсэн байв. Үг, үсгийн алдаатай энэ мэдэгдэл гарсаны дараа Л.Эрдэнэчимэг дээрх мэдээллийг өөрөө гаргаагүй, өрсөлдөгчдийн зүгээс санаатайгаар тараасан гээд УИХ-ын сонгуулиас нэрээ татаагүй гэсэн юм.
Сонгуулиас нэрээ татах эсэх нь Л.Эрдэнэчимэгийн асуудал мөн үү гэвэл тийм. Харин худал мэдээлэл түгэх шалтгааныг өөрөө өөртөө бэлдсэн эрхэм гишүүнд ичих нүүр алга байгаа нь гайхалтай. Яг үүнийг олж харсан өрсөлдөгчид нь эвгүйхэн төрхөө нийтэд үзүүлчисэн эмэгтэйг цэвэрхэн мушгиж сонгогчдын хүсээд байгаа үгийг өмнөөс нь хэлж орхисон хэрэг. Иргэд цахим ертөнцөөр "Эрдэнэчимэг аль эрт ингээд хэлчих байсан юм. Овоо ухаантай үг хэлчихлээ. Өөрийнхөө ирээдүйг аварлаа" гэх мэт сэтгэгдлийг түгээж байсан ч эрхэм гишүүний "Энэ бол хуурамч мэдэгдэл" гэсэн үг тэдний нүдийг дахиад л орой дээр нь гаргасан. Тэгвэл өнөөдөр Л.Эрдэнэчимэгийн УИХ-ын гишүүний бланк дээр үйлдсэн өөр мэдэгдэл цахим сүлжээнд "од" болов. Бараг "Тэгж яривал надтай хамт тэр өдөр архи уусан бүх гишүүд нэрээ тат за юу" гэх утгатай уг мэдэгдэлд "Л.Эрдэнэчимэг 2016 оны хоёрдугаар сарын 18-нд 49 нас хүрсэн. Тэр өдөр Г.Уянга намайг Ж.Батзандан гишүүний өрөөнд дуудсан. Төрийн ордонд архи ууж, тамхи татсан гишүүд хариуцлага хүлээн нэр дэвших эрхээсээ татгалзах ёстой бол Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Р.Бурмаа нар татагдана. Тэд нар ч гэсэн архи ууж, тамхи татсан бичлэг байхыг үгүйсгэхгүй" хэмээн дурджээ. Мэдэгдлийн хариуг Л.Эрдэнэчимэг дахин барьж, худлаа гэдгийг хэлээд "УИХ-ын гишүүний бланк ашиглаж, хуурамч мэдэгдэл гаргасан учраас Эрүүгийн цагдаад хандана" гэж дурдсан байв. Эмэгтэй энэ талаараа цагдаад хандаж болохыг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ хуурамч мэдэгдлүүд эрхэм гишүүний ёс бус үйлдэл өөрийг нь олны дунд нэр хүндгүй болгож байгаа. Хүмүүс түүнийг нь далимдуулаад Л.Эрдэнэчимэг гэдэг хүнийг даапаалж, тоглоом тохуу хийгээд байна гэдгийг эзэн нь ойлгож өгөхгүй яваа нь ёстой "гомдмоор".
УИХ-ын сонгуульд өрсөлдөгч эмэгтэйчүүдийг тойрсон зарга тасралтгүй дэгдэж байгаа нь энэ сонгуулийн нэг онцлог. Түүний нэг нь Дорноговь аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа яруу найраг Г.Мөнхцэцэгтэй холбоотой асуудал. Тодруулбал, яруу найрагч Ц.Хулан энэ өдрүүдэд Г.Мөнхцэцэгийг "намнах" компанит ажил өрнүүлж буй нь нэн сонирхолтой. Асуудал Ц.Хулангийн Ерөнхийлөгчид хандаж бичсэн захидлаас улбаатай аж. Тэрхүү захидлыг нэлээн хүндээр хүлээн авсан Г.Мөнхцэцэг Дорноговьд "Ц.Хулан намайг унагаах гэж асар их хичээж яваа" гээд хэлчихсэн юм уу даа. Ц.Хулан энэ талаараа "Нэгэн үе бид найзалж явсан нь үнэн. Тэрнийг би цэнгэг, тунгалаг сэтгэлээр найзаа гэж бодож явсныг "Зүгээр л нэг ам" номондоо нийтэлсэн хөрөг хүртэл гэрчилдэг. Одоо бид найз биш болсон, харамсалтай нь. Балбар ах нөхөд гэдэг ноход болдог юм гэж бичиж байж билээ. Өөрт нь хандаагүй үг өгүүлбэрийг биедээ татан, унтаж буй барыг сэрээсэн хүн бол Г.Мөнхцэцэг. Би олон жил тэссэн, сайн мууг нь өршөөгөөд. Гэтэл зохиолчид дундаас ганцхан Ц.Хулан тойрог авч чадаагүй, МЗЭ-ийн дарга болоогүйдээ өширхөөд миний эсрэг байна, бусад бүх зохиолч намайг дэмжиж байгаа гэж тойргийн сонгогчдодоо худал мэдээлсээр яваа юм. Бусад бүх зохиолч түүний талд байсан бол Ардын уран зохиолч Б.Бааст гуай тэргүүтэй хэд хэдэн зохиолч түүнд яагаад хатуу үг илгээх болов. Манайхан дэндүү бодь хүмүүс шүү дээ. Ихэнх нь дотроо л бухимдахаас ил гаргахгүй. Расул Гамзатов "Хүн хэлд ороход хоёр жил, амаа хамхиж сурахад 60 жил хэрэгтэй" гэсэн. Би хоёртой ч биш, 60-тай ч биш. Яг тэхий дунд нь яваа. Тэгэхээр хэрэгтэй үгийг хэрэгтэй цагт нь, унтаж байгаа барыг сэрээсэн үед нь хэлэхгүй бол хэзээ хэлэх вэ.
Хэрвээ тэр хүн ухаантай бол ажил төрлөө сайжруулаад, төрд гарсан хойноо ч хэдэн навсгар зохиолчдоо ингэж доош хийхгүйг миний шүүмжлэлээс олж авах биз ээ" хэмээн ярьжээ. Анзаараад байхад ийм хэл үг дуулианыг дандаа л бүсгүйчүүд дэгдээсэн байх юм. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ дургүй гэсэн олны үгийг нотлох гэж байгаа юм шиг, хэлцэн тохирсон юм шиг хэл үг дэгдээж яах гэсэн юм бол. Ядахдаа яг сонгуулийн өрсөлдөөн өрнөж байгаа халуун өдрүүдэд шүү. Сонгууль болдогоороо болоод дуусна. Түүний дараа бүсгүйчүүд хаа нэгтээ нүүр тулаад уулзах л байх. Тэр цагт бие биенийхээ царайг яаж харах гэж байгаа юм бол?.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.