Анхдугаар чуулган хуралдаж, АН-ынхан ажлаа хүлээлгэж өгсөн долоо хоног

0
 Анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ гишүүд тангаргаа өргөв
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ гишүүд тангаргаа өргөв. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалдаг ёсоор МАН-ын гишүүн Ч.Улаан чуулганыг даргалж явуулсан юм. Мөн чуулганы танхимын суудлыг хуваарилалтыг өөрчилч олонх болсон намын гишүүд чуулганы танхимын зүүн жигүүрт, харин цөөнх болсон намын гишүүд баруун жигүүрт суухаар тооцон суудлыг зассан юм.
 
УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томиллоо
Энэ сарын 5-нд хуралдсан анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж баталсан юм. Тодруулбал, УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлж, хуралд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжиж М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон юм. Санал хурал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэр дэвшигчид хандаж амжилт хүссэн бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газрыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ярьж ирсэн зүйлүүдээсээ буцахгүй, ухрахгүй байхыг уриаллаа. Мөн тэрбээр шинэ Засгийн газарт ажиллах сайдуудыг "давхар дээлгүй" байх ёстой гэдгийг сануулсан юм.
 
Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд боллоо
Энэ сарын 8-нд буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилсон. Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг томилохыг дэмжсэн юм. Түүнийг МАН-ын бага хурлаар Монгол улсын Ерөнхий сайдаар томилох санал гаргасан. Уг саналыг Монгол улсын ерөнхийлөгчид танилцуулсан. Үүний дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж Ж.Эрдэнэбатыг Монгол улсын ерөнхий сайд болохыг дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар буюу хуралд оролцсон гишүүдийн 97.1 хувь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томиллоо.
 
УИХ-ын дэд дарга нарыг томиллоо
Анхдугаар чуулганаар УИХ-ын дэд дарга нарыг томиллоо. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг, АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарыг нэр дэвшүүллээ.
 
Ингээд УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн Ц.Нямдоржийг гишүүдийн 97.1 хувиар, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг 95.8 хувиар тус бүр дэмжиж баталлаа.
 
НИТХ-ын анхдугаар хуралдаан яг одоо Хангарьд ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
Нийслэлийн МАН-ын бүлгээс НИТХ-ын хуралд Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд хэдхэн хоромын өмнө төлөөлөгчид Ц.Сандуйгаас асуулт асууж, үг хэлсэн юм.
 
Ингээд олонхын саналаар НИТХ-ын даргад нэр дэвшсэн Ц.Сандуйг томиллоо. Одоо намын бүлгүүд байгуулагдах бөгөөд хуралдаан 15 минут завсарлалаа.
 
НИТХ-ын даргаар Ц.Сандуй томилогдлоо
НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Нийслэлийн МАН-ын бүлгээс НИТХ-ын хуралд Ц.Сандуйг нэр дэвшүүлж, олонхийн саналаар НИТХ-ын даргаар томиллоо. Хуралд оролцогчид түүнээс асуулт асууж дууссаны дараа ийнхүү НИТХ-ын даргаараа сонгож, Нийслэлийн ИТХ-ын даргын тамга тэмдгийг Ц.Сандуйд Э.Бат-Үүл гардуулж өгсөн юм.
 
 
Хотын даргаар Су.Батболдыг томиллоо
НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган энэ сарын 6-нд хуралдаж хотын даргаар Су.Батболдыг томиллоо. Тэрбээр, 2002 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа МАН-ын урдаа барьдаг лидерүүдийн нэг. 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн түүнийг М.Энхболдын Засгийн газрын ЗГЭХГ-ын дарга юм уу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн оронд ажиллана гэх бор шувуу нисч байв. Тэгвэл МАН-ын УЗ-ын хуралдаанаар Нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцэж, Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Су.Батболд, нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын нэрийг дэвшүүлсэн юм.
 
АСЕМ-д 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцоно
Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох бөгөөд бэлтгэл ажил бараг хангагджээ. Тэгвэл энэ АСЕМ-ын өндөр дээд төвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болоод байна. Энэ тухай болон хурлын бэлтгэл ажил, бусад айлчлалуудын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа.
 
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаа тул энэ удаагийн уулзалтыг "Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулна. Энэ сарын 12-ноос эхний зочид ирэх бөгөөд чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэйгөөр оролцоно.
 
Тухайлбал, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссийн Ерөнхийлөгч Ж.К.Юнкер, Европын Гадаад харилцааны албаны Дээд төлөөлөгч Ф.Могерини нар хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Мөн дээд төвшний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нар зэрэг 4-5 улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм байна.
 
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татжээ
УМБГ-т бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татжээ. Түүнийг Л.Мөнхбаясгаланг МИАТ-аас их хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусадтай хуйвалдаж авсан байж магадгүй гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байгаа юм. Тэгвэл одоогоор түүнийг яллагдагчаар татсан тул 10 жилийн хорих ял сонсох дээрээ ч тулж магадгүй болчхоод байгаа нь энэ ажээ.
Т.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.