Хил гааль, газрын алба, лиценз олгогч нар хамгийн их авлигад өртдөг
Ийм судалгаа олон жил гарчээ. Энэ албан тушаал дээр очиж буй хүмүүсийг "тиймэрхүү л нүдээр хардаг" гэж хэлэхэд дэгсдэхгүй байх. Хил гаалийнхантай холбоотой авлига хээл хахуулын хэрэг хамгийн олон гардаг. Гэхдээ ял авч "аавын хаалга” татдаг нь хэр олон бол.
Өнгөрсөн хавраас эхлэн авлигын хэрэгт холбогдсон зарим нэгэн албан тушаалтан, гаалийн байцаагч нарт шүүхээс ял оноосон байгаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн гаалийн байцаагч Ч.Насанбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүсэн.. Ингээд шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн иргэдээс авлига хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан нь ердөө энэ.
Харин АТГ-аас өнгөрсөн хавар Дорноговь аймгийн Замын-Үүд дэхь гааль дээр шалгалт хийж хэд хэдэн алба хаагчдыг авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн байцаалт явуулсан. Одоогоор хэрэг нь ажиллагаанд байгаа юм байна. Хамгийн гол нь гаалийн дарга, байцаагч нар авлигаа үйлдэл дээрээ авч байгаад баригддаг юм байна. Хамгийн сүүлд гэхэд наадмын үеэр газрын наймаагаар гаршсан гэх асуудлаар Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүхийг мөн л үйлдэл дээр нь барьсан. Түүний хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч хэрэгт холбогдуулан нэлээд хэдэн хүнийг мөн сэжигтнээр татан шалгаж буй.
Авилгын хэрэг дотроо нэлээд хүнд заалтад хамаарагдаж буй тухай ойрын эх сурвалж мэдээлсэн. Хятад иргэд газар худалдаж, шанд нь 200 сая төгрөг авах гэж байгаад "гардуулсан”. Тэгэхээр дан ганцаараа биш, бүлэглэлийн чанартай гэдгийг олж тогтоосон. Тэгэхээр Н.Батсүхийн хэрэгт газрын албаны жирийн мэргэжилтнүүдээс гадна, өндөр ямар албан тушаалтан татагдах вэ гэдэг сонирхол татаж эхэлсэн. Ямар ч гэсэн, газрын алба нь дээд дарга нарынхаа заавраар зохион байгуулалттай хийсэн байж болох талтай юм байна. Ийнхүү Н.Батсүхийн асуудал сөхөгдөж эхлээд удаагүй байтал, Баянгол дүүргийн газрын албаны дарга ч асуудалд орооцолдсон мэдээлэл гарсан. Тодруулбал, Баянгол дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг ЭЦГ-ынхан бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Энэ мэтээр ЭЦГ болон УМБГ-ынхан иймэрхүү төрлийн хэргийг илрүүлэхийн тулд шаргуу ажиллаж, иргэд ч "Газрын албанд бугшсан хууль бус сүлжээтэй одоо л хууль сахиулагчид сайн тэмцэж эхэллээ” хэмээн ам сайтай байгаа юм. Дээрх С.Бямбадорж дарга хэнээс, ямар хэмжээний хахууль авсан нь одоогоор тодорхойгүй ч албаны эх сурвалжууд түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэдгийг баталлаа.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.