П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг

11

П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг

 Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийг "Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа.

-Монгол ёс байна даа, та сайхан наадав уу?

-Сайхаан. Улсын баяраас хойш хөдөөгүүр явж сая л орж ирээд байна.Гурван аймгийн наадамд зодоглоод ирлээ.

-Танд хүнд сэдэв байж магадгүй. Гэхдээ ярилцлагаа энэ жилийн наадмын бөхийн барилдааны тухай, Р.Пүрэвдагва начинтай хийсэн барилдааны тань эргэн тойронд өрнүүлье.

-Миний хувьд тааруухан дурсамжтай наадам. Гэхдээ ярилцахад бол нээлттэй сэдэв дээ.

-Ерөөсөө л хүчит бөхийн барилдааны даваа болгон дараа жилийн наадам хүртэл ярих сэдэв байдаг. Ялангуяа энэ жилийн наймын давааны барилдааны тухай яриа одооч сонирхолтой хэвээрээ байна.Та бол фэйсбүүк хуудсаараа "Сүүлийн хоёр жил хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбоотой хамт барилдлаа” гэсэн тайлбар хийгээд л өөр юм хэлээгүй байгаа?

-Улсын наадамд бид бүтэн жилийн хугацаанд бэлддэг. Бүх зүйлээ зориулдаг. Гэтэл Хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбооны буруу үйлдэл, буруу шийдвэрээс болж бүтэн жилийн хөдөлмөр маань талаар болсон. Харамсахгүй байхын аргагүй, бухимдахгүй байхын аргагүй таагүй дурсамж.

-Яагаад сүүлийн хоёр жил гэж онцолсон юм бэ. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэхдээ та бас л бөхийн холбооны буруу шийдвэртэй тулгарсан юм уу?

-Үзүүр түрүүнд хүссэн хүн болгон хүрдэггүй. Маш эгзэгтэй, маш их анхаарлаа төвлөрүүлж байж л түрүүлэх боломжтой. Гэтэл өнгөрсөн жил үзүүр түрүүний барилдаан болоход миний засуул хүний засуул шиг л ажилласан. Хүний засуул ч гэсэн өөрийн засаж байгаа бөхөө давахад тусалж мэх заахаас биш, өрсөлдөгч бөхийг нь шатаах, анхаарлыг нь сарниулах гэх зэргээр аашилж болохгүй л дээ.Би тэр хүний мөрөн дээрээс гарч байгаа, тэр хүн намайг давуулахын төлөө, үнэн шударга шүүхийн төлөө л тэрзүлэг ногоон дэвжээн дээр зогсож байгаа.Үүрэг нь ердөө л тэр байдаг юм.

-Тэгэхэд таны засуул хэн байсан билээ?

-Цогзол гуайн мөрөн дээрээс би гарсан. Гэтэл үзүүр түрүүний барилдаанд Цогзол засуул миний эсрэг ажиллаж эхэлсэн. Телевизийн камерийн бичлэгэн дээр ч тод байдаг юм. Миний чихэнд юм хэлээд л байдаг нь харагддаг. Барилдах гэхээр л чихэнд тэгж болохгүй, ингэж болохгүй, чи тэгээд байна гээд байсан. Золгохоор хойноос түлхээд л… Огт барилдуулахгүй байсан. Зорилго нь ерөөсөө л намайг шатаах. Сэтгэлзүйн дайралт хийх. Би ч сүүлдээ хяналтаа алдсан. Хяналтаа алдаад уурлаж байгаа маань ч бичлэг дээр бас харагддаг. Тэрнээс цааш өөрийгөө хянаж ч чадаагүй, барилдаандаа төвлөрье гэсэн ч чадаагүй. Гэтэл дээгүүр даваанд эн тэнцүү өрсөлдөгчид л хоорондоо тулдаг. Жаахан л анхаарал сарнивал, жаахан л болгоомжгүй хөдөлгөөн хийвэл өрсөлдөгчдөө давуу байдал бий болгодог. Сумын наадмын гурвын даваанд барилдаж байгаа юм шиг барилдахгүй шүү дээ. Бүгдээрээ л бүтэн жил бэлтгэлээ базаачихсан, цолоо ахиулж, тугаа тойрох гэсэн хүмүүс байгаа. Жаахан л анхаарал сарнихад бүх юм эргэж байдаг, тийм нөхцөлд барилдаан явагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар бол өрсөлдөгчтэйгөө төвлөрч барилдах боломжийг үзүүр түрүүний барилдаанд засуулаасаа болоод алдсан.Өөрийнхөө засуултай л "барилдсан”. Энэ жил ч гэсэн засуулууд, хөлийн цэцийнхэн зүгээр барилдуулаагүй. Гэхдээ миний засуул биш шүү. Миний шуудгийг стандарт бус байна гээд шуудгаа соль гэж хүртэл шаардсан.

-Хэдийн давааны барилдаанд тэгж байгаа юм бэ?

-Өмнөх долоон даваанд зүгээр л байсан. Р.Пүрэвдагватай барилдахад тэгсэн. Би өрсөлдөгч бөхийнхөө таашаалд нийцсэн зодог шуудагтай байх юм гэнэ.

-Шинээр хийлгэсэн зодог шуудаг юм уу?

-Үгүй, өмсдөг л зодог шуудаг маань. Заалны барилдаанд би энэ өмсгөлөө байнга л өмсдөг. Ийм шуудгийг маань барилдаан эхлэхэд соль гэж хэлсэн. Надад өөр зодог шуудаг байхгүй гэхээр хохь чинь гэж байгаа юм. Надад өөр шуудаг байгаагүй, тэгээд ч надад таарах нь ховор шүү дээ. Ингээд барилдаан дунд энэ мэтээр маргаан үүсгээд л байсан. Өнгөрсөн жил өөрийгөө шатаачихсан хүн энэ жил биеэ их барьсан л даа. Өөрийгөө шатаачихгүй юмсан, хяналтаа алдчихгүй юмсан гээд их хичээсэн.

-Тэр зодог шуудгийг Та хаанаас авсан юм. Үнэхээр стандарт бус байсан юм болов уу?

-Үгүй дээ. Зодог шуудаг хийдэг, мэргэжлийн зөвшөөрөгдсөн хүний урласан өмсгөл. "Саран зодог” гээд байдаг, Монгол бөхийн өргөөнд Б.Ганбаатар арслангийн эхнэр оёно. Мэдээж бүгд хууль дүрмэнд заасан стандартын дагуу л хийдэг.Би ч зодог шуудгаа тэднээр л хийлгэсэн.

 П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг

 -Шуудаг чинь стандарт бус байна гэдэг шаардлага бол хайнцлаа гэдгээс өмнөх үйл явдал байх нь тийм үү?

-Наймын давааны барилдаан дөнгөж эхэлж байхад л Хөлийн цэцээр ажиллаж байсан Х.Түвшинсанаа начин тэгж эхэлсэн. Зодог шуудагандаа ч биш, намайг шатаачих гээд л үзээд байгаа юм л даа. Өнгөрсөн жилийн наадмаар тэрэнд нь ороод өөрийгөө шатаачихсан хүн энэ жил бол их тэвчсэн дээ.

-Бөхийн дэвжээн дээр ийм юм болдог гэдгийг тэр бүр хүн мэддэггүй л дээ. Хөлийн цэц нь, засуулууд нь барилдаж байгаа бөхчүүдэд нөлөөлдөг гэдгийг анх удаа л сонсож байна.

-Барилдах явцад их юм болно оо. Энэ жил наймын даваанд Р.Пүрэвдагва начин барилдаж байхдаа мөргөөд байсан. Манай засуул үүнийг нь Хөлийн цэцэд хэлж байгаа юм. Тэгэхээр Х.Түвшинсанаа начин "Монгол бөх мөргөлдөж барилддаг юм” гэж байгаа байхгүй юү. Хэн дуртайдаа зориулж дүрэм зохиодог ийм Бөхийн холбоо, гарын даа, хөлийн цэцтэй баймааргүй байна.

-Таны засуул утсаа өрсөлдөгч бөхөд тань үзүүлээд байгаа дүрс телевизийн камерт буусан байсан. Унаад өгчих, мөнгө өгье гэсэн мэссэж ирснийг нь харуулж байсан гээд л шуугисан, Та сонссон уу?

-Сонссоон (инээв). Тийм юм гэж юу байдаг юм бэ. Цаг харуулж байгаа л юм. Барилдаан эхлээд тэдэн минут боллоо.Шахааны барьц авахад тэдэн минут дутуу байна ч гэдэг юм уу. Цаг л харуулж, сануулж байгаа юм. Барилдах тактик гэж байна шүү дээ. Би бас өөрийн давуу талаа бодож барилдана.Золгоон дээрээс бэлдсэн юм ч байгаа. Тэрийгээ хийх хугацаа нь яаж байна гээд тэр бүгдийгээ боловсруулахад засуул цаг хэлж өгдөг.

-Хайнцлаа, дахиж барилдуул гэсэн шийдвэр Хөлийн цэц гаргасан. Харин Та барилдахгүй бараг хоёр цаг шахам болсон. Тэр хугацаанд юу болсон бэ?

-Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай, Д.Данзан гуай хоёр дээр очсон. "Дэлгэц дээр байгаа бичлэг харчих. Унасан бол хамаа алга, би элэг бүсээ тайлаад өгчихье” гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэж байгаа юм гээд очиж уулзсан.

-Тэгээд Бөхийн холбооны тэргүүнүүд Танд юу гэж байх юм. Бичлэгийг хамт үзэв үү?

-Бараг нүдээ таглах шахуу л юм болсон. Бид бичлэг үзэхгүй гэж байна лээ. Бөхийн холбооноос томилсон арван хүн байгаа, тэд л шийднэ. Бичлэг үзэх шаардлага байхгүй гэсэн.

-Тэр арван хүний хэд нь хайнцсан, дахиж барилдуулна гэсэн шийдвэр гаргасан юм бэ?

-Зургаа нь тэгж гараа өргөсөн гэнэ билээ. Тэр арван хүн арвуулаа Р.Пүрэвдагва бид хоёрын барилдааныг харж байсан юм уу. Би жаахан муухайгаар хэлж байж магадгүй, уучлаарай. Гэхдээ техник, технологи хөгжсөн ийм үед настай арван хүн суулгачихаад тэдний хараа гүйцэж байгаа эсэхийг нь ч хамаарахгүйгээр бүтэн жилийн хөдөлмөрийг минь үзэмжээрээ шийдчихэж болдог юм уу. Сүмо бөхөөс сайныг нь суралцъя л даа. Дэвжээнийхээ дөрвөн талд камер зоочихоод өсгийнийх нь үзүүр шүргэхэд л мэдэрч, шүүж чадаж байна. Гэтэл манай Үндэсний бөхийн холбооныхон өв уламжлал нь ийм юм гээд хэдэн настай хүн суулгачихаад шийдвэр гаргуулаад явж байна.Өв уламжлалаа дээдлэлгүй яахав. Гэхдээ уламжлал маань ийм юм гээд дайсан атомын бөмбөгтэй ирж байхад өөдөөс нь нум сумаар харваад сууж байх юм уу бид. Уламжлалаа хадгалах зүйл дээр нь хадгалаад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхмаар байна. Гэтэл өв уламжлал яриад л үндэсний бөхөөр барилддаг хэдэн бөхчүүдээ, үндэсний бөхөө үздэг ард түмнээ талцуулж хуваагаад баймааргүй байна.

-Нэгэнт Хөлийн цэцийн шийдвэр гарсан юм чинь шууд барилдаж болоогүй юм уу. Тэр шийдвэрээ өөрчлөхгүй нь анхнаасаа л тодорхой байсан шүү дээ.

-Тэр хугацаанд маргалдаад л байсан. Уг нь Р.Пүрэвдагва ч гэсэн унаснаа мэдэж байгаа.Тийм байхад л давах гэж улайраад, хөлийн цэцүүд нь дагаж өөгшүүлээд л. Надад бол ийм шударга бус үйлдэл нь үнэхээр таалагдаагүй.Харамсалтай ш дээ.

-Та өөрийгөө давсан гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Итгэлтэй байлгүй яахав. Угаасаа Р.Пүрэвдагва тохойлдчихоод би мултарч эргэж байгаа байхгүй юү. Би арагшаа явж байгаа ш дээ.

-Тэгээд Та яагаад тугаа тойроод гүйгээгүй юм бэ?

-Малгайгаа аваад гүйвэл гүйх л байсан. Манай засуул "Миний хүү чи давсан шүү” гэсэн. Гэхдээ төрийн наадмаа хүндлээд, тахимаа авчихаад тугаа тойръё гээд хүлээсэн.Дээгүүр даваанд барилдаж байгаа хүн байна даа. Монгол түмэн минь үзэж байхад сайхан жудагтай барилдаад ном журмаар нь тугаа тойръё гэж л бодсон. Хайнцчихлаа, дахиж барилдах нь дээ гэсэн бодол огт төрөөгүй.

-Гэтэл тийм шийдвэр гарчихаар…

-Үнэндээ шооконд орсон. Давчихаад яагаад дахин барил­дах ёстой гэж. Тийм биз дээ. Яагаад давчихаад нэг даваанд хоёр удаа барилдах ёстой юм бэ. Би шударга ёсыг нэхэх эрхтэй биз дээ.Барилдахгүй, тахимаа авна аа л гэсэн. Гэтэл Хөлийн цэцүүд ирсэн. Хотын дарга ирсэн.Монгол наадмыг үймүүлж байна, гадаадын зочдыг хүндлэхгүй байна, дахиж барилд гэсэн. Бид наадмаа үймүүлээд байгаа юм биш шүү дээ. Бөхийн холбооны энэ булхайтай шийдвэрүүд л үймүүлээд байгаа юм. Ганц энэ жилийн наадмаар ч биш. Олон удаа бөхийн холбоо наадмыг ингэж будилуулж байсан.

-Телевизээр үзэж байхад бол Улаанбаатар хотын дарга, Баяр наадмын комиссын дарга С.Батболд очоод Р.Пүрэвдагва арсланг загнаад байх шиг харагдсан.

-Дахиж барилдахгүй бол намайг хасна шүү л гээд бай­сан. Дахиж барилдахаар болоход Р.Пүрэвдагва барьц авна, шодохгүй гэсэн. Тэгэхэд нь Баяр наадмын комиссын дарга шод гэж зэмлэсэн. Би бол Ч.Гочоосүрэн заан, Ц.Баярсайхан заан, Х.Түвшинсанаа начин нарын хөлийн цэц хийж байгаа хүмүүс нүднийх нь хурд гүйцэхгүй байгаа юм бол яагаад камерын бичлэг шүүж болдоггүй юм бэ гэсэн шаардлага л тавьсан. Маш олон талаас нь олон телевиз бичлэг хийсэн шүү дээ. Би үүнийг л харахыг шаардсан.

-Үндэсний бөхийн барилдаан маргаантай болбол камерын бичлэг харж шийдвэрлэнэ гэдэг заалт, дүрэм журам байдаггүй учраас л шууд Хөлийн цэцийн шийдвэр эцсийнх байдаг юм биш үү?

-Тэгвэл дөрвийн даваанд яагаад камерын бичлэг харсан юм бол?

-Камерын бичлэг шүүсэн юм уу?

-Аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодномтой таарсан. Д.Цэвэлсодном давуулж гуядаад, О.Гантулга дээр нь унаж байгаа байхгүй юү. Тэгэхэд камераар хараад О.Гантулгын толгой цаад талдаа түрүүлж хүрсэн байна гээд Д.Цэвэлсодномыг давуулсан. Тэгээд Р.Пүрэвдагва бид хоёрын барилдааныг шүүх болохоороо тийм дүрэм журам байхгүй, би камер харахгүй гэдэг нь шударга бус биз дээ.

-Наадмын талбай дээр Р.Пүрэвдагва начин юу гэж байсан бэ. Хайнцсаан л гээд байх уу?

-Даваагаа ахиулах, цолоо нэмчих гээд л зайлуул бас зүтгэнэ ш дээ. Эхлээд гарч ирснээ "тохой чинь хүрчихсэн” гээд л. Бичлэгээ хар гэхээр "өө өвдөг чинь хүрчихсэн байна” гээд л. Тэгээд хайнцлаа гээд л. Р.Пүрэвдагвын хувьд бол боломж л гаргаад ирэх гэсэн горьдлого байгаа юм л даа. Надад бол дахиад барилдах тухай төсөөлөл ч огт байгаагүй. Би угаасаа хаяна гэж амлаж авсан, өвдөг шороодуулсан. Цаашид олон даваа надад байсан.

-Та дахиж барилдах шийдвэр яаж гаргасан юм бэ. Баянаа аваргатай уулзаад л дахиад барилдах шиг болсон.

-Зөвлөлдсөн л дөө. Аварга "Чи давчихаад байна” гээд нэлээд гүйсэн. Настай хүн зайлуул тэгээд удаан явах хэцүү шүү дээ. Арга ядаад "ард түмнээ хүндлээд миний хүү дахиад гар даа” л гэсэн. Манай засуул ч гэсэн хэлж байсан. "Би шударга ёсны талд орно. Засаж байгаа бөхийнхөө талд орно. Ийм шударга бус зүйл байдгийг мэдэх ч үгүй” гээд бүх засуулдаа хандсан.Ийм барилдаан боллоо, хэдүүлээ шударга үнэний талд зогсъё гэж байсан. Ганц ч засуул зориглохгүй байгаа юм чинь.Үндэсний бөхийн холбоо ийм л болчихоод байгаа.

-Дахиж барилдаад шоо хаясан шүү дээ. Эхний барилдаанд Та барьц сонгосон байсан. Дахиад барилдуулах боллоо гэхэд барьцтай байсан хүн нь түүгээрээ золгож барилддаггүй юм уу?

-Хайнцсан бол нөгөө тал нь барьцаа сонгодог. Гэтэл бидний барилдаан хайн биш байхгүй юү. Хаячихаад дахиад барилдана, тэгээд барьц сонгуулна. Би үгүй л гэсэн. Бүр тийм дээрээ тулбал шодоод барьц ав гэсэн. Тэгэхээр Р.Пүрэвдагва "Би шодохгүй” гээд зүтгэсэн. Яг тэр үед хотын дарга ирээд Р.Пүрэвдагвыг шодохгүй гэлээ гээд зэмлэсэн байхгүй юү. Тэгээд шодоод РПүрэвдагва барьц сонгосон.

-Сэтгэл зүй бол огт өөр болчихсон байгаа шүү дээ.

-Өө тэгэлгүй яахав. Юун дахиж барилдах. Дахиж барилдах хүртлээ би өөрийгөө давчихсан, бөхийн холбоо буруу шийдвэрээ засах байх гээд итгэж байсан. Би бол Р.Пүрэвдагвыг давчихсан гээд дараагийн хоёр том барилдаанаа л хүлээж байсан хүн. Тэгэж барилдана даа гээд тактикаа ч боловсруулсан байсан.Бүх анхаарлаа тийшээгээ л чиглүүлсэн байсан хүн жаахан л юман дээр бүдэрч байгаа юм.

-Та хоёр улсын наадамд анх удаа таарч байгаа нь энэ билүү. Заалны барилдаанд даваа унаа хэр байдаг вэ?

-Сумын заан байхаасаа л хоорондоо барилдаж байсан. Улсын наадмаар анх барилдсаан. Зааланд давж, унаж л байдаг. Гэхдээ даваа минь илүү олон байх.Нарийн тооцоогүй л дээ. Улсын наадмын дээгүүр даваанд өөрт мэдрэмж байна. Хэнийг амлавал давах вэ, цаашаа яаж барилдах вэ гээд бүх зүйлээ нарийн тооцоолно.

-Таны бэлтгэл энэ жил хэр байсан бэ. Өөрт мэдрэгддэг, багш нарт мэдрэгддэг дээ.

-Би 24-тэй улсын наадамд түрүүлж байлаа. Тэрнээс хойш бэртэл гэмтэл гээд хоёр жил алдсан. Миний амьдралын нэг жилийн цикл ерөөсөө л улсын наадамд түрүүлэхийн тулд бэлтгэлээ базааж, сэтгэл зүйгээ бэлдэж өнгөрдөг. Энэ жил ч би ялгаагүй түрүүлэх хэмжээний бэлтгэлээ хийгээд л наадамд зодоглосон. Үнэн хүчээрээ барилдаад булхай луйваргүй унавал өөр ш дээ. Өөртөө дүгнэлт хийнэ, миний бэлтгэл дутуу байна, би тийм зүйл дээрээ алдлаа даа гээд бодно.Түүндээ тааруулж ирэх жилийн наадмын бэлтгэлээ базаана.Өрсөлдөгчтэйгөө үнэн хүчээрээ үзээд бараагүй бол би бэлтгэлээ тэдэн хувиар нэмж байж энэ хүнийг өвдөг шороодуулах юм байна гэж анализ хийнэ. Гэтэл би одоо бөхийн холбооныхонд тааруулж бэлтгэлээ базаах болж байна уу. Ийм л зүйл боллоо.

-Бүтэн жилийн хөдөлмөр талаар болоход мэдээж маш харамсалтай байлгүй яахав. Р.Пүрэвдагва начинд тахимаа өгчихөөд уйлж байгаа дүр харагдсан л даа.

-Харамсана ш дээ. Миний бүтэн жилийн хөдөлмөр бөхийн холбооны хэдхэн хүний шийдвэрээр ганцхан хоромд нурчихаж байгаа юм. Улаан цайм тэгээд хийлгэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ.

-Үүний дараа энэ залуу эргээд барилдахаа больчих вий дээ гэсэн болгоомжлол бас нэлээд байх шиг байсан. Та ирэх жилийн наадмаар зодоглоно биз дээ?

-Зодоглоно оо. Бөхийн холбооны ганц нэг хүний буруу удирдлагаас болоод бөхөө орхино гэж юу байхав. Насныхаа түүх бичиж байгаа энэ ботийг ингээд хаана гэж байхгүй. Бөхийн холбооны буруугаас бөхөө орхисон өчнөөн хүмүүс байна. Манай Б.Гантогтох гарди байна, А.Сүхбат багш маань байна. Уг нь энэ хүмүүс барилдаж байсан бол өдийд ч шөвгийн барилдаанд зогсож л байх байсан. Хэдхэн хүний буруугаас тийм сайхан түүх бичиж байсан хүмүүс яваад өгсөнд би харамсдаг. Би тэгэхгүй ээ. Илүү сайн барилдана. Тэгж байж л сэтгэл амарна.

Бөхийн холбоо шинэчлэгдэж зөв удирдлага, зөв менежменттэй явахгүй бол үндэсний бөх үзэгчгүй болчих вий гэсэн болгоомжлол надад байна. Одоо бол Монголын ард түмэн бөхдөө хайртай тулдаа л бөх хөгжиж байгаа мэт харагдаж, үзэгчидтэй байгаа.

Ганц миний жишээ биш байхгүй юу. Содном харцага, Санжаа аварга хоёр яаж маргалаа. Тэр жилийн наадмаар Баасандорж заан М.Баяр­жавхлан гардитай барилдаад хаясан. Бас л хайна гээд дахиж барилдаад унаж байсан. Дараа нь М.Баяржавхлан гарди Г.Эрхэмбаяр аваргатай есийн даваанд барилдаад хаясан. Маргаан гараад дахиж байрилдаад М.Баяржавхлан гарди унаж байсан. Ийм шийдвэрүүд өчнөөн байгаа. Хаячихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэхэд сэтгэлзүйд асар хүнд тусдаг ш дээ ер нь. Анх бөхийн спортод хөл тавьж байхад бөхийн холбоо ингэдэг, засуулууд тэгдэг гээд ахмад бөхчүүд ярьдаг л байлаа.Арай ч ингэдэг гэж итгэдэггүй байсан юм. Ялангуяа улсын наадамд, дээр даваанд ингэнэ гэж бодоогүй. Нэг хөгжилтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр жишээ хэлье. Миний таньдаг нэг ахад тохиолдсон явдал л даа. Барилдаж байгаад нэлээд ойролцоо хоёр бөх унаж л дээ.Тэгээд хөлийн цэцээр ажиллаж байсан нэлээд настай арслан руу очсон байгаа юм. Тэгсэн тэр арслан "Чи хэн бэ” гэжээ. Нэрээ хэлсэн чинь, тэгвэл чи унасан гэсэн гэдэг.Ийм л маягаар хөлийн цэцүүд ажиллаж байгаа. Дахиад л өөрт тохиолдсон жишээг хэлье. 2012 онд Д.Рагчаа гардитай үзүүр түрүүнд үлдсэн. Миний засуул бас л Цогзол гуай таарсан.Сэнжигний барьцтай байж байгаад би халсан. Д.Рагчаа гарди "Яа яаая, гар эвгүй болчихлоо” гэсэн. Манай засуул надад "Чи буруу халаад байна шүү” гэж сануулсан. Сануулах нь зөв л дөө. Тэгээд Д.Рагчаа гарди яг над шиг халдаг юм. Би ч бас "Яаая гар, гар” гэж байгаа юм. Манай засуул тэгэхэд юу гэсэн гээч. "За чи битгий баашлаад бай” гэж байгаа юм даа. Хөгжилтэй байгаа биз. Ер нь барилдаж байгаа бөхчүүдээс болж маргаан нээх гараад байдаггүй. Шүүж байгаа хөлийн цэц, засуулуудаас л их шалтгаалдаг.
Дээрээс нь энэ жил арслан цолтой бөх үзүүрлэвэл цол өгөхгүй гэж байсан. Тэгсэн байж гардиас доош цолтой бөх ес давбал арслан цол өгнө гэж байгаа юм. Наадмын өмнө тийм шийдвэр хүртэл гарсан шүү дээ. Н.Батсуурь, Э.Оюунболд бид гуравт зориулж байгаа юм шиг сонин шийдвэр байсан.

-Танд наадмын дараа нутгийн зөвлөлөөс тань машин өгсөн юм уу?

-Нугийн ард түмэн намайг хангалттай сайхан дэмждэг. Намайг түрүүлэхэд машин өгсөн, үзүүрлэхэд өгсөн. Энэ жил яасан гэж надад машин өгөх юм бэ. Тийм зүйл байхгүй ээ. Огт худлаа мэдээлэл шүү.

-Наадмаас хойш Р.Пүрэвдагва арслантай уулзсан уу?

-Уулзалдаж амжаагүй л явна. Яахав эр хүн сайхан цол авлаа. Цолондоо эзэн болоод сайн барилдах байх аа л гэж бодож байна.

-Таны энэ жилийн учраанууд хэр байсан бэ?

-Гараад л барилдаад л… Нэг их өөрийгөө шавхсан барилдаан хийгээгүй шүү дээ. Дээр хоёр даваандаа сайхан гар амар гарч ирлээ гэж бодож байсан. Түрүүлэх хэмжээнд л бэлтгэлээ базаасан.

-Бэлтгэлээ яаж базаасан бэ. "Увс нуур” галынхан С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан, Н.Батсуурь арслан, Т.Баасанхүү начин, Н.Жаргалбаяр арслан нарыг тусгайлан бэлтгэл хийлгэж байна. Жишээ нь Мөнхбат аваргын жинг нь хасуулж хурд хийлгэж байна гэнэ ээ гээд л наадмын өмнө яригдаж байсан.

-Манай галыг энэ жил Б.Ганбат арслан маань ахалж бэлтгэл хийлгэсэн. Хүчний бэлтгэлээ улсын заан Одгэрэл багштайгаа хийсэн. Манай галын амжилттай яваа гол нууц нь ерөөсөө л баг хамт олон болж ажиллаж чаддагт байгаа юм. Манай галын ахлагч бол наадмын өглөө нүд нь хавдсан, шөнөжин унтаагүй хүн л сууж байдаг. Хэн яаж барилдах бол гээд бөхчүүдээсээ илүү нервт орчихдог. Тэдийн даваанд тэрийг авч барилд гээд л бүх тактикаа хамтран боловсруулдаг.

-Ам авахдаа хүртэл зөвлөлдөх үү?

-Мэдээж зөвлөлдөнө. Бас өөрийн мэдрэмж байна. Тэрийг авчихвал би баараггүй хаяна даа гэсэн мэдрэмж хүнд байдаг шүү дээ. Түүнийгээ дагана. Багш нар бол хэн ямар байгааг хараад л шууд хэлнэ. Өнөөдөр тэр тийм байна, чи тэрийг авбал давна гээд шууд хэлнэ.

-С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр аваргыг амлахад буруу ам авлаа гэсэн шүүмжлэл ч гэдэг юм уу нэлээд өрнөсөн л дөө. Нэг галын бөхийн хувьд та аваргын амыг буруу гэж бодож байв уу, зөв гэж харав уу?

-Бүрэнтөгсийг авах байсан юм, Батсуурийг авах байсан юм гэсэн яриа олон гарч байна лээ. Үгүй шүү дээ. Бид бүгдээрээ л түрүүлэхийн төлөө барилдаж байгаа. Бид нэг нэгэндээ даваа өгөх ямар ч үндэслэл байхгүй. Бүгдээрээ цолоо ахиулж, бүгдээрээ л шударга сайхан барилдаж ард түмнээ баясгая гэж барилдаж байгаа хүмүүс. Мөнхбат аварга Эрхэмээ аваргыг амлаад давлаа гэж бодоход цаана нь зургаан залуу хүлээж байгаа. Өөрт нь ашигтай хувилбар байж болно шүү дээ. Өөрөө түрүүлнэ гэж барилдаж байгаа хүн тэр бүхнийг тооцоолсон л байж байгаа.

-Та УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд явсан уу?

-Өө яваагүй. Наадамд зодоглох гэж байгаа хүн, өндөр даваа бодож байгаа хүн бэлтгэлдээ л анхаарлаа хандуулсан. Галын удирдлагуудын онцлог бас байна. Манай галын удирдлага ерөөсөө л бэлтгэлд хамаг анхаарлаа хандуулдаг. Галын удирдлага, бөхийн холбоодын удирдлагаас амжилт их шалтгаалдаг. Чөлөөт бөхийн холбоог хар л даа. Яаж унасан байлаа. Тив дэлхий, олимпоос медаль хардаг төрлөөс бараг хасагдах гэж байсан. "Гацуурт”-ын Чинбаа захирал очоод яаж өөрчлөв. Одоо бол Риогийн олимпоос чөлөөтийнхөн хэдэн медаль авах вэ гээд тооцоолоод суудаг болсон байна. Бөхийн холбоо, бөхийн галын удирдлагаас тухайн холбоо, галынхан ямар амжилт гаргах нь вэ гэдэг шууд хамаардаг.Манай "Увс нуур” гал ч гэсэн ялгаагүй. 2009 онд Б.Ганбат арслан түрүүлэхээс өмнө манай галаас тавын даваанд гардаг бөх байхгүй байсан үе байсан.Ийм цаг үе манай галынханд байсан. Зөв хүн удирдаад, зөв менежмент хийгээд, зөв бэлтгэл хийж байгаа учир манай галын бөхчүүд амжилттай барилдаад байгаа юм.

С.Ононтуул

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

11 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex