Ж.Эрдэнэбат: Төсвийн байгууллагууд Монголдоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өчигдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Махны салбарын тухайд:
Монголын махны холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Махны салбарын экспортыг нэмэгдүүлэх тухай тогтмол ярьдаг боловч бодит байдалд ажил хэрэг болох нь тааруухан байгааг тэд шүүмжилж байв. Тиймээс махны экспортыг уул уурхайгаас дутуугүй дэмжиж ажиллахыг сануулсан юм. Үүний тулд малын эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байгааг тус холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар хэлэв. ОХУ, БНХАУ-тай мах экспортох чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн түрүүнд малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг гэсэн юм. Тиймээс энэ хуулийг яаралтай УИХ-д оруулж өгөхийг хүслээ.
Ойн салбарын тухайд:
Ойн салбарыг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэдэг саналыг мэргэжлийн холбоодын зүгээс гаргаж байлаа. Өмнө нь Ойн газар гэж байсан ч татан буугдсан. Үүнээс хойш тус салбарынхан Засгийн газар солигдох бүрт өөр өөр төрийн байгууллагад харъяалагдаж ирснийг хэлж байв. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн уршгаар ой мод устах аюулд ойрхон байгааг энэ үеэр сануулж байсан юм. Төр засгийн зүгээс ойн менежментийн урт хугацааны бодлого хэрэгжүүлж,мэргэжлийн холбоодтойгоо уялдаа холбоотой ажиллахыг хүссэн.
Барилгын салбарын тухайд:
Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад Засгийн газрыг анхаарч ажиллахыг хүслээ. Барилгын материалын үйлдвэрлэл барилгын салбарын тулгын гурван чулууны нэг. Өнгөрсөн хугацаанд салбарууд хоорондоо уялдаатай ажилласны дүнд ноосон эдлэлээр дулаалгын материал хийж, Япон Улсад экспортод гаргасан байна. Ой мод, хуванцрын хаягдлаар шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр туршилт явагдаж байгааг хэлж байв. Барилгын материалын үйлдвэрлэлийн олонхи нь нийслэлд төвлөрч байгаа. Тиймээс орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийн тулд үйлдвэрүүдийг хөдөө, орон нутагт байгуулах шаардлагатайг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газрын урилгыг хүлээн авч, дөрвөн цагийн турш салбарынхаа жаргал зовлонг ярилцсанд баярлалаа. Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л энэ зарчмыг барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цугуулж уулзан, санал бодлыг нь сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа. Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал, НӨАТ-ын хууль дээр жижиг үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад өгсөн. Ингэснээр Татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. "Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө. Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэлээ.
Мөн тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товчхон дурдсан юм. Тухайлбал, "Өнгөрсөн Засгийн газрын үед маш их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулчихсан. Монголбанкнаас мэдээлснээр долоон их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгийг дөрөвхөн жилийн дотор Монголбанк үйлдвэрлээд эдийн засагт оруулчихсан. Үүнээс болоод валютын ханшийн өсөлтийг барьж дийлэхэд хүнд болсон. Цаашдаа хэрхэхиг хэлэхэд бэрх байна. Бид Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн талаарх мэдээллийг сонсоод ҮАБЗ-ийг хуралдуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Магадгүй цаашдаа Монгол Улс төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хэвийн авч явахад хүндрэлтэй нөхцөл байдалд руу түлхчихсэн байна. Сонгуульд зориулсан маш олон үйл ажиллагаанаас болоод Монголын эдийн засаг сэхээнд орчихсон байна. Харин энэ хүндрэлээс үндэсний үйлвэрлэлээ дэмжиж байж л гарна. Үйлдвэржилтийн болон хөрөнгө оруулалтын бодлого дөрвөн жил буруу явсан учраас Монголын эдийн засаг сөхөрчихөөд байна” гэлээ.
Дараа нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 2000 оноос хойш хамгийн хурдан хугацаанд бүрдсэн Засгийн газар болсныг онцолсон. Ерөнхий сайдаа ес, үүнээс хойш 20-иод хоногийн дотор Засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Эдийн засаг хямралтай үед шинэ Загсийн газар нэлээд хурд, санаачилгатай ажиллах зарчмыг баримталж байгааг тэрбээр хэлсэн. Мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ахалж байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгасан. Тиймээс уулзалтад ирсэн, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо Засгийн газрын үйл аижллагааны мөрийн хөтөлбөрт тусна гэдгийг хэлсэн.
ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн уулзалтыг зохион байгуулсан болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт салбарынхныхаа үгийг сонсч, багтаах болно гэдгийг хэллээ. Салбар яамны зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр туссан бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож ажиллана гэдгийг ч тодотгосон. Үүний тулд яамныхаа бүтцэд багахан өөрчлөлт оруулсан гэлээ. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг зохицуулах газар гэж оруулсан байна. Ингэнсээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг дэмжих үүднээс энэ өгүүлбэрийг оруулсан гэлээ. Мөн Хөнгөн үйлдвэрийн бодлого, худалдаа үйлчилгээний газар гэж нэмж оруулсан байна. Өмнө нь тус яаманд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ганцхан Хүнсний үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийн газар, Аж үйлдвэрийн яаман дээр Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байжээ. Үүн дээр хоёр газрыг бодлогоор нэмснээр үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ дэмжих зорилгоор бүтэцдээ хоёр газрыг нэмсэн гэлээ. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарынхаа эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг ирэх долоо хоногт хүлээн авч уулзана гэдгээ хэлээд ХХААХҮЯ хэзээд та бүхний өмнө нээлттэй байх болно.
Сэтгэгдэл байхгүй байна.