УБЕГ-ын Гадаад паспортын хэлтсээр өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлж байна
100 айл дахь УБЕГ гэж байнга ачаалалтай байдаг байгууллага билээ. Ялангуяа зуны улиралд ачаалал нь илүү ихээр нэмэгддэг байна. Учир нь амарсан иргэд аялал зугаалгаар гадагшаа дотогшоо явахаар гадаад паспорт захиалах, сунгуулах, мөн байшин барилга барих ч юмуу байрандаа завсар хийхийн тулд эд хөрөнгийн баталгаа гаргуулах зэргээр ачаалал нь эрс нэмэгдсэн байна.
Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ачаалал нь хоёр дахин нэмэгдсэн байгаа гэдгийг тус газрын дарга Д.Энхцэцэг ярьжээ.
Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт харьяа агентлагууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар удирдлагуудтай санал бодлоо хуваалцаж солилолцлоо.
Улсын бүртгэлийн ерөнхий газар 2009 оноос хойш өнгөрсөн оныг хүртэл 120 мянга орчим иргэнд гадаад паспорт олгожээ. Гэтэл өнгөрсөн онд шинээр гадаад паспорт авах хүсэлтэй иргэдийн тоо 70 мянгаар өссөн байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 122 мянга гаруй иргэнд шинээр гадаад паспорт олгочихоод байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ачаалал хоёр дахин өссөн гэсэн үг. Мөн тус төвийн байрны багтаамж бага байдгийг албаныхан хэллээ. Жирийн өдрүүдэд шинэ гадаад паспорт авахаар 350 гаруй иргэн, сунгалтын үйлчилгээ авахаар 200 гаруй иргэн үйлчлүүлдэг байсан бол өнгөрсөн сараас өдөртөө 1000 орчим иргэн шинээр гадаад паспорт авч, сунгалт хийлгэхээр 600 гаруй иргэн хандаж байгаа аж. Зарим тохиолдолд 2000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна гэдгийг тус газрын дарга нар онцолсон юм.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.