Г.Отгонцэцэгийг муулахын аргагүй, үнэхээр мундаг байлаа
Дэлхийн Спортын их наадам өчигдөр эхлэн бөмбөрцөг тэр чигээрээ Олимпоор амьсгалж байна гэхэд хилсдэхгүй. Манай тамирчид ч түрүүчээсээ Олимпын дэвжээнд гарч эхэллээ.
Өчигдрийн байдлаар, манай жүдогийнхан Олимпын татамид зодоглож, оройжингоо монголчуудынхаа сэтгэл санааг хөвсөлзүүлэв. Эхний тойрог буюу Гараандаа тэд үнэхээр гялалзаж чадлаа. Хэдийгээр тэд медалийн оосроос атгаж чадаагүй ч хэр чадлаараа мундаг барилдсаныг та бид харсан. Медаль авсангүй гэж мяалаад байх ч юм бидэнд алга. Ялагдлыг аятайхнаар хүлээн авч сурцгаая.
Харин Казахстаны нэрийн өмнөөс энэ удаагийн Олимп-д оролцож байгаа Г.Отгонцэцэг маань хүрэл медаль хүртэн, казахстан төдийгүй эх орон нэгт монголчуудаа баярлуулж чадлаа. Тэр үнэхээр мундаг байж чадав. Түүний энэхүү амжилтыг ихэнх нь баяр хөөртэйгөөр хүлээн авсан бол зарим нэгэн цөөн тооны хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
Түүнийг алдар нэр, эд хөрөнгөнд шуналтан өөр улсын нэрийн өмнөөс орлоо гэж буруутгаад байгаа хүмүүст хандан ялимгүй тодруулга хийхийг хүсэв. Нэгдүгээрт, Г.Отгонцэцэг бол алдар нэр, эд хөрөнгөнд шуналтаад байхаар тийм амбицтай насанд хараахан хүрээгүй байна. Түүнд зөвхөн спортын амжилт л юу юунаас чухал байгаа. Хоёрдугаарт, тэр өөрөө хүсээд Казахстан явчихсангүй. Түүнийг ийнхүү өөр улсын нэрийн өмнөөс Олимп-д оролцуулах шийдвэрийг Жүдогийн Холбоо нь гаргаад, зуучилж өгсөн гэдэг. Учир нь, Олимпоос өмнөх амжилтын үзүүлэлтээрээ Уранцэцэг яалт ч үгүй илүү байсан тул нэг жингээс Олимп-д оролцох боломж Отгонцэцэгт байсангүй. Ингээд Хороо нь сайн тамирчныхаа чадал чансааг мэддэгийн хувьд Олимп-д оролцуулахгүй өнжөөхөд хайран санагдаад өөр улстай гэрээдсэн байж таарна.
Тэгээд ч тамирчин хүний амжилт гаргах нас хугацаа ахархан байдаг тул нэг удаагийн Олимп-д орохгүй өнжих гэдэг асар эрсдэлтэй гэж болохоор. Иймд Олимп-д орж болох ямар л боломж байна, түүнийг ашигласнаараа тамирчин буруудах ёсгүй. Тэр хэдийгээр Олимпын дэвжээнээ өөр улсын тугийг мандуулсан ч хэзээд монгол тамирчин хэвээр байх билээ. Харин ч бид түүгээр бахархах нь зүйн хэрэг.
Нэг ч атугай монгол тамирчин маань дэлхийд амжилт гаргаад, нэр алдраа ахиулж байвал түүнд маш хэрэгтэй байх болно. Наад захын жишээ дурдахад, Казахстан улс Олимпын хүрэл медаль хүртсэн тамирчнаа Астана хотноо нэг өрөө байр, 75 мянган доллар бэлнээр шагнадаг юм байна. Болж л байна шүү дээ, Монголын маань нэг ч атугай айл өрхийн амьдрал сайжирч л байвал. Харин ч, Жүдогийн Холбооны энэхүү шийдвэр их сайн нүдээ олсон зүйл болжээ гэж дүгнэж болохоор байна. Тэд сайн тамирчиндаа боломж олгож чаджээ. Мундаг гэхээс өөр хэлэх үг алга...
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.