Рио-2016 Олимпын наадмын Алтан медалийг 494 грамм мөнгөөр цутгаж, 6 грамм алтаар бүржээ
Улс орны шилдэг тамирчдыг уралдуулж, тив дэлхийн шилдгүүдээ тодруулан медаль гардуулдаг билээ. 2016 оны Риогийн Олимп болон Паралимпийн медалийг шинжлэх ухаан болоод ур хийцийн хувьд гайхалтай хослуулан хийсэн талаар гадны хэвлэлийнхэн бичиж байна.
Тэгвэл уг медаль хэрхэн бүтсэн юм бол? Бразилийн 100 гаруй барималч, механикчаас бүрдсэн багийнхан Рио-2016 Олимпын наадамд зориулан 5000 хол давсан медалийг урлан хийжээ.
Шилдэг тамирчид медалиа гардаж авахад түүнийг урласан уран бүтээлчид ч бас шагнал хүртэж байгаа мэт баярладаг аж. Рио-2016 Олимпын наадмын медалийг урласан дархан Нельсон Нето Карнейро "Индэр дээр зогсоод медалиа авч байгаа тамирчныг хараад, би энэ медалийг чинь хийсэн шүү дээ гэж өөрөөрөө бахархах шиг болдог. Яг л өөрөө медаль авч байгаа юм шиг баярладаг" хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.
Карнейро Бразилийн дархчуудын холбоонд 41 жил зоос урлан хийсэн бөгөөд Олимпын наадамд анх удаагаа ийнхүү медаль урласан юм. Медалиудыг компьютер графикаар зурж хийж болох байсан ч хоёр долоо хоногийн турш Карнейро өөрөө сийлж урласнаар дизайны тал дээр илүү анхааран ажилласан бүтээл болсон байна. Рио-2016 Олимпын наадмын медальд хүн төрөлхтөн болон байгаль эхийн хоорондох салшгүй холбоог дүрслэн харуулжээ.
Рио-2016 Олимпын наадмын медалийг эхлээд гараар сийлж урлан эцсийн байдлаар бэлэн болгосон байна. Бэлэн болсон медалийг скан хийж буюу сийлбэрийн машинд уншуулан таниулж үйлдвэрлэсэн аж. Сийлбэрийн машинаас гаргасны дараа медалийн чанарыг микроскопоор шалгаж дахин үйлдвэрлэлтэд өгдөг байна. Ингээд медалийг үйлдвэрлэхдээ 550 тонн хүчээр гурван удаа даралт өгч нэг мөр бэлэн болгосон аж. Нэг медалийг хийхэд ойролцоогоор 2 хоног зарцуулсан гэж уран бүтээлчийн багийнхан ярьсан байна.
Харин түүхий эдийн хувьд Рио-2016 Олимпын наадмын бүх медалийг хийхэд 2,5 тонн алт, мөнгө ашиглажээ. Тэгвэл олимпын наадмын Алтан медалийг 494 грамм мөнгөөр цутгаж, 6 грамм алтаар бүрсэн байна. Үүнийг хайлуулаад алт мөнгөний дэлгүүрт зарах юм бол 587 ам.доллар болно хэмээн тэд үнэлжээ.
Шведийн Стокольм хотноо болсон 1912 оны зуны олимпоос эхлээд Олимпын медалиудыг цэвэр алт, мөнгөний түүхий эдээр хийх болсон билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.