Рио 2016-ын талаар таагүй мэдээ хөвөрсөөр
Энэ удаагийн олимпийн эхлэл сайн гэхээсээ саар мэдээгээр элбэг байгаа нь харамсалтай хэрэг. Оросын тамирчдын допингийн асуудлын дараа Олимпийн тосгон чих халууцуулаад унасан.
Тэгвэл энэ удаад далбаат завины тэмцээнд зориулж гүйцэтгэсэн байгууламжид эвдрэл гарчээ. Шалтгаан нь Атлантын далайгаас орж ирсэн 4 метр өндөр хүчтэй давалгаа байсан гэнэ
Австралийн тавцангаас үсрэлтийн 2 тамирчин олимпод бараг орохгүй болж байгаа гэнэ. Учир нь тэд хэт өндрөөс айдаг гэжээ. Гэхдээ Бразилын бүтээн байгуулалтад сэтгэл дундуур байгаа австраличууд аюулгүй ажиллагаа талыг бас бодолцсон байж мэдэх юм.
Оросын усанд сэлэгчдийг уралдаанд орохыг хориглосны дараа Морозов Лобинцев нар CAS (Олон улсын спортын арбитрын шүүх) -д давж заалдах болжээ. Тамирчид ингээд олноороо давж заалдаад байвал ОУОХ өөрөө бас таагүй байдалд орж мэдэх бололтой.
Цагийг нь тулгаж ийм шийдвэр гаргасан тэд сайн өмгөөлөгч хөлсөлсөн тамирчдын эсрэг хатуу зогсож чадах нь эргэлзээтэй гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм байна.
Морозов олимпийн хүрэл медалтай бол Лобинцев олимпоос мөнгө, хүрэл авч байсан. Өмнө нь мөн Оросын усанд сэлэгч Ефимова давж заалдах болсон гэдгээ мэдэгдээд байсан юм.
Германы найдваруудын нэг, теннисчин Александр Зверев мөн олимпод орж чадахгүй болсон байна. Энэ жил тэр хэт их тоглосон нь ачаалал өгсөн бололтой. Мөн бас вирусын халдвар авсан байж магадгүй гэнэ.
Дөнгөж 19 настай түүнийг теннисний ертөнцөд цахиур хагалах хүү гэж нэрлээд байсан юм.
Ийнхүү жаахан таагүй мэдээ л урсаад байна. Гэхдээ олимп болдгоороо болно. Харин нэмээд будлиан бага гараасай билээ гэж залбирах ёстой байх. Ямар ч байсан олимп нээлтээ хийхэд ердөө гурав хоног үлджээ.
Л.Олонбаяр
Сэтгэгдэл байхгүй байна.