Үегүй мэт үеэлзэх 420 нугараач Геннисийн номонд бүртгүүлэв
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэглин хийд, нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уг наадам нь шашны талаасаа их зүйлийг харуулсан бөгөөд энэ жилийн наадам хэд хэдэн онцлогтой байв. Хамгийн гол онцлог нь цам харайх, цамын бүжиг байлаа. Түүнээс гадна "Уул усны домог” уран нугаралтын чуулалд уран нугараачид нэг дор нэг орой чуулж, Геннисийн амжилтад бүртгүүлэв. Тодруулбал, дэлхийн циркийн брэнд гэж нэрлэгддэг уран нугаралтын гайхамшигийг энэ сарын 06-ны орой Чингисийн талбайд үзлээ. Үегүй мэт үеэлзэн нугарах 420 уран нугараач нугарав.
Дэлхийд анх удаа 420 нугараач нэг дор уран нугарсан түүхт үйл явдал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд боллоо.
Гиннесийн номонд "Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан" хэмээн тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн зохион байгуулагчид энэ үеэр онцолсон юм. "Уул усны домог" уран нугаралтын чуулалд нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцов. Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх "Отгоо” студи, Нугаралтын "X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх "Акработын төв", Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын "Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ""Эрдэнэс”, "Увидас” дугуйлан, Дундговь аймгаас "Сондор”, Дорноговь аймгаас "Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцжээ.
О.Сайхан