Аматти: Сарын тэмдгийн цусан дуслыг хоолонд нь хольж өгчөөд энэ үйлээ хэн ч харахгүй хэмээн өөрсдийгөө хуурдаг
Удам сайтын үр, угшил сайтын унага гэх өвөг дээдсийн үеэс өвлөгдөж ирсэн сайхан үг бий. Угийг нь мэдье гэвэл удмаар нь хөөж таньдаг гэдэг шиг нэгэн үеийн сэхээтэн, МУТШ, Ардын зураач Л.Намхайцэрэнгийн үр удам, сэхээтэн гэр бүлийн төлөөлөл болсон нууцлаг бүсгүйг "Амжилтын эзэд” ярилцлагын буландаа урьж ярилцлаа. Чухам яагаад энэ бүсгүйг сонгож ярилцах болсон нь сонирхолтой. Оросын телевизээр гардаг "Зөн билгийн тулаан” гэх нэвтрүүлгээс бид "шулам” гэх хүмүүсийн талаар олж мэдсэн. Тэгвэл удам угсаа сайтай энэхүү гэр бүлд шулам гэх тодотголтой бүсгүй амьдарч буйг цөөн хүрээний хүмүүсээс олж сонсоод түүнтэй ярилцах хүсэл төрсөн юм. Уншигч олны мэдэх /Ногоон Марал/ буюу Аматти-тай уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн тухайгаа дор сийрүүлэв.
Шулам гэж яг ямар хүн юм бэ?
Шулмын тухай түүх нь олон зуун жилийн турш үргэлжлэн ирсэн. Шулам гэдэг нь дэлхийн бүх улс үндэстэнд байдаг. Энэ нэршил нь Орос хэлээр Ведьма-ведунья (бидеть- харах гэсэн үгний үндэстэй) буюу хардаг, үздэг гэсэн утгаар хэлэгддэг. Шулмын нүдээр хардаг хорвоо дэлхийн юмс үзэгдэл нь энгийн хүний нүдээр харахад боломжгүй байдаг буюу хоёр өөр ертөнцийг хардагт оршино. Олон зуун жилийн өмнөөс шуламууд нь хүмүүнийг өөрсөдтэйгөө адилтган гэнэн итгэмтгий зангаасаа болон алдсанаас болж хүмүүст адлагдан ирснээр одоогийн шуламыг муу муухай гэсэн болгонд нэрийг нь оролцуулан ярьж байна. Хүмүүс өөрийн мэдэхгүй чадахгүй, айдаг зүйлээ хамгийн аймар муухай зүйл гэж боддог учир шулмын үйл гэж боддог. Шулам нь төрөхдөө тэнгэрээс тамгатай төрдөг ба мэлмий нь нээгдсэн үздэг, хардаг, үйл хийдэг эрдэм гүйцсэн хүн байдаг. Монголоор бол улаач гэж ойлгож болно.
Та Орос, Монголын эрлийз хүн. Энэ авьяас чадвараа аль талаасаа өвлөж авсан бэ?
Намайг яг Орос, Монголын эрлийз гэж хэлэхэд хэцүү. Харь цусны хүн гэж хэлбэл тохирох байх. Миний энэ авьяас чадвар бол харь цуснаас минь өвлөгдөж ирсэн.
Монголын бөө мөргөлөөс юугаараа ялгаатай вэ? Тэнгэрийн тамгатай гэхээр ойролцоо зүйл бий юу?
Улаач гэдэг нь Тэнгэрийн тамгатай гэсэн үг. Улаач нар нь эд эрдэм нь гүйцэхээрээ авьд, ажрай, аньхи, шулам, удган, зайран болж хувирдаг.
Шулам гэдэг нь аливаа нэг шашинд хамаарагдах уу?
Ямар ч шашинд хамаарагдахгүй. Шашин гэдэг нь хүмүүсийн өөрсдийн бий болгосон зүйл. Тэнгэр тамгатай төрсөн хүмүүс нь төрөлхийн зөн совинтой байдаг учир шулам, бөө мөргөл нь шашин биш энэ нь амьдрах ухаан. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн тэнгэр газраа дээдлэн хүндлэх ёсон бий болсон бөгөөд тэнгэр, нар, сар гээд л газар усаа тахин шүтэж эхлэсэн. Газраа шүтвээс ургац арвин хурааж авна мэтчилэн зааж зөвлөн эхлэсэнээр энэ нь шүтээн болж улмаар шүтлэг болсноор шашин бий болсон.
Та яриандаа "эрдэм нь гүйцсэн” гэж онцолж байна. Энэ эрдмийг хэрхэн олж авдаг вэ?
Би бол хөх толботны хөндийд байтугай бөөрөлдэйд ганц. Яагаад гэвэл би Хөх Толботны хөндийд төрж өссөнөөрөө Тэнгэр залаалгатай. Тэнгэрт дуулгаж, хүлээн зөвшөөрөгдөж боссон. Тийм учраас боссон үйл маань урт замыг туулж байна. Би багшаа бараг зургаан жил гаран дагаж, тэр хугацаандаа нилээдгүй цээр хийж байлаа.
Та одоо цээр хийдэг үү?
Хийлгүй яахав. Улаачийн барих ёстой таван цээр гэж бий, түүнийгээ дагана. Жишээлбэл урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд махтай хоол иддэггүй. Энэ цээрээ намрын эхэн сарын 22-ний өдөр хүртэл барьдаг. Мөн жилдээ шинийн арван тавны өдрүүдэд мах огт иддэггүй зөвхөн усаар ундаалдаг.
Заримдаа цээрээ зөрчих үе гардаг уу? Зөрчсөн тохиолдолд биед өөрчлөлт гардаг уу?
Би одоог хэрнээ цээрээ зөрчиж үзээгүй. Ер нь зөрчсөн тохиолдолд биед өөрчлөлт мэдэгддэг болохыг бусдын жишээнээс харсан. Угтаа цээр гэдэг маань ухамсрын хэрэг. Заргын Тэнгэр гэж байдаг болохыг мартаж болохгүй. Тухайн цээр хийж буй хүн бусдаас нуун байж цээрээ зөрчсөн байхад түүнийг заргын Тэнгэр харж л байдаг. Цээрээ зөрчиж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ цээрээ зөрчих аваас Та заргын Тэнгэр шүүлтэнд орох нь дамжиггүй.
Шулмаас болгоомжлох зүйл бий юу?
Байлгүй яахав. Тэнгэрээс тамгатай, эрдэм чадалтай, хүчтэй хүн. Тэрхүү хүчээ сайн, муу гээд юунд ч хэргэлэх боломжтой. Харин үүнийгээ юунд зарцуулах нь эрдэм агаад залаалгаасаа шалтгаалдаг.
Танд хэн нэгэнд муу зүйл хийлгэхээр хүмүүс хандаж байв уу?
Муу зүйл гэдэг чинь хоёр талтай. Яг ямар зүйлийг муу гэж тодорхойлохоос болно.
Хүний нөхрийг салгаж суух гээд эхнэрт нь "хараал” хийлгэж байна гэх юм?
Миний хувьд ийм үйлд эсрэг байр суурьтай байдаг. Би ийм "гуйлтыг” огт хүлээж авдаггүй. Эрдэм гүйцсэн улаач бол гал голомтоо асаасан айл өрхийг салгах үйл хийх ёсон үгүй билээ. Айлын голомтыг бусниулаад өгөөч гээд ирвэл, бусниулах гээд явж байгаа нөхрийг өөрийг нь дарах хэрэгтэй. Өнөөгийн бүсгүйчүүдийн дунд нэгэн мода дэлгэрсэн байна. Өөрт нь сэтгэлгүй хэн нэгэн эрийг өөртөө татахын тулд сарын тэмдгийн цусан дуслыг хоолонд нь хольж өгөх агаад энэ муухай үйлээ хэн ч харахгүй хэмээн өөрсдийгөө хуурдаг. Адгийн энэ үйлийг нь Тэнгэр харж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Сарын тэмдэгнийхээ дуслаас хоолонд нь хольж өглөө гээд тухайн эр сэтгэл алдрах нь үнэн гэж үү?
Үнэн. Гэхдээ энэ бол хараалаас долоон дор. Тухайн эр нэг хэсэгтээ тэр эмэгтэйд үнэхээр татагдана. Тэр хүний цусыг ууснаар хараал нь өөр дээр нь очоод, нөгөө анх хараад дурлаад байсан гоё залуу нь нүдэн дээр нь царай зүс алдаж, эдийн засгийн хувьд хүндрэлд орж, ажил үйлс нь бүтэхээ больж эхэлдэг. Энгийнээр хэлэхэд, Хийморь нь зүгээр л "өөрийгөө бодоод” зугтаад алга болдог гэж болно. Ингээд, ажил үйлс нь дэлгэрч явсан нөгөө сайхан залуу нь өвчтэй, архичин, агсам, түргэн ууртай уйваагүй нэгэн болж хувирдаг юмдаа. Харин ийн цусан үйл хийсэн бүсгүй маань хэдэн үеэрээ хараалд өртөх тавилантай "сайн дураараа” учирч байгаа нь тэр.
Энгийн хүмүүс бид хийморийн Тэнгэрээ хэрхэн баярлуулж байх ёстой юм болоо?
Хөх Толботны хөндийн хөх цустай монголчуудын гарал үүсэл нь их өндөр. Өдийг хүртэл бид өлсөж, дайн дажинд нэрвэгдэн зовж үзээгүй улс. Гэтэл өнөөдөр үүнийгээ мартчих юм. Монголчуудын маань мэндчилгээ нь хүртэл бие биедээ гэрэл гэгээ авчирдаг, арвин үгийн баялагтай, сэтгэлээ шингээсэн хүүрнэлтэй билээ. Гэтэл одоо ердөө л, "Сайн байна уу” гэж мэндлэхэд өөдөөс гайхаад хараад байдаг. Өвөг дээдсийн ёсноос их гажиж байна. Хийморийн Тэнгэрээ баярлуулахаас илүүтэйгээр өөрсдөө хийморьлог яв. Өөртөө муу зүйл битгий хий, бод. Өөрийгөө хайрла, эрхэмлэ. Энэ чинь л хийморийн Тэнгэрээ баярлуулж хийморьлог явахын үндэс юм.
Эцэг эхээс заяасан нэрнээс тань гадна Тэнгэрийн нэр байдаг гэсэн. Та Тэнгэрийн алдраа дуулгахгүй юу?
Аматти. Аматти гэдэг маань Тэргэл сар гэсэн утгатай учраас шинийн арван таван миний өдөр байдаг юм. Тийм учраас би энэ өдөр зөвхөн усаар ундаалан мацаг барьж, ёсыг сахидаг. Гэхдээ ер нь хэн хүнгүй сардаа нэг удаа мацаг барьж байвал насан уртасдаг.
Та яг ямар зан үйлийг хийдэг вэ?
Би хар, цагаан хоёр үйлийг хослуулдаг. Шулам нь хар цагаан гэж хоёр янз байдаг. Хараал арилгах, муу зүйлийг хөөх гээд миний тусламжийг хүсч ирсэн тухайн хүнийг зовлонгоос нь ангижруулдаг. Би хар үйлийг дарж цагааныг дэлгэрүүлдэг. Дурдах аваас хэдэн хүүхдийг эх барьж авсан. Хүмүүн төрлийг олон мэндэлж буй тэр бяцхан амьтныг хорвоод мэндлэхэд нь тосч авна гэдэг бол маш их ариун үйл юм. Хар цагаан үйлийг тэнцүүлж байж үйл минь гүйцнэ. Үйл хийхдээ ашигладаг гол зүйл маань гал, лаа хоёр байдаг. Лаагаа би өөрөө гэртээ чанаж хийдэг, үүндээ ч дуртай.
Маш хүчтэй сүнснүүд байдаг гэж сонсож байсан. Та тийм зүйлтэй тулгарч байв уу?
Аливаа үйлийг хийхдээ түнийхээ талаар хүнд бүрэн ярих ёсон байдаггүй юм. Надад итгээд ирсэн хүний жаргал зовлонг бусдад ярих учиргүй.
Манай Улсад таниас өөр шулам бий юу? Тийм хүн сонсогдож байгаагүй?
Байхгүй.
Таныг анх 13 насандаа шулам гэдгээ мэдсэн гэх ярилцлагыг уншсан. 13 наснаасаа сүнс харна гэдэг чинь жаахан хүүхдийн хувьд хэцүү биш үү?
Энгийн хүмүүсийн мэлмий 13 насандаа хаагддаг бол Тэнгэрийн тамгатай хүмүүсийн мэлмий 13 насанд нээгддэг юм. Анх би энэ хорвоо дээр үгүй болсон хүнийг харж байсан. Түүнийгээ ахиж харах гэж хичээж байлаа. Би шулам гэдгээ мэдэж, намайг тодруулсан тэр өдөр дотроо "тийм байлгүй дээ” гэж бодон баярлаж байсан. Нэг ёсондоо, би удмынхаа энэ үйлийг хүлээж байсан юм.
Та сүнснүүдээс юм асуудаг уу?
Үхээртэй холбогдоод тэднээс юм асууж буй хүмүүс бол хүний ирээдүйг хэлж чаддаггүй юм. Тэд бол өнгөрсөнтэй холбогддог. Тийм учраас би үхээрүүдтэй холбогдож юм яриад байдаггүй. Хэрвээ тухайн сүнсэнд нэхэл байвал түүнийг нь олж өгөөд амирлуулдаг.
Хүнд гэмгүй сүнс гэж байдаг уу?
Сүнс гэмтэй, гэмгүй дээ гол нь биш. Сүнс гэдэг зүйл айлд оршиж байвал түүнийг заавал зайлуулах хэрэгтэй. Учир нь, энэ зүйл нь хүний эрчмээр хооллож тэдний энергийг сорж байдаг. Хамаг энергиэ соруулж байгаа хүмүүс бие хаа нь өвдөх, өнгө зүс нь гундах, ажил үйлс нь бүтэлгүйтэж эхэлдэг. Эхэн үед тухайн сүнс гэмгүй мэт авч эрчим нь нэмэгдэх тусам тухайн айлд амьд хүн мэт оршиж гэрэл унтраах, ус гоожуулах гээд тэднээр тоглож эхэлдэг.
Аливаа үзэж хардаг хүн дээр очоод ирээдүйгээ асуух нь зөв үү?
Өнгөрснөө асуух дэмий. Ирээдүй бол өнөөдрөөс шалтгаалдаг. Өнөөдөр Та зөв алхамууд хийж л байвал Таны ирээдүй тэгширч байна гэсэн үг. Тиймээс ирээдүйгээ асуух нь хүн бүрт байдаг зүйл. Та өөдөө лифтээр гарах уу, шатаар мацах уу гэдэг нь Таны сонголт. Шулам Танд хурдан, лифтээр гарч болох аргыг зааж өгнө. Тухайн удмын хойч долоон үеийн төлөө, тэр хүний ирээдүйд тохиолдож болзошгүй гай зовлонгоос ангид өнгөрөөхийн төлөө, ирээдүйг нь хэлж өгч зам мөрийг нь тэгшлэх учиртай. Би хүний ирээдүйг харж, удамд угсаанд нь тохиолдож болзошгүй гай барцдаас сэргийлэх үйл хийдэг учраас үхээрүүдтэй холбогдоод байдаггүй. Хүмүүс өнгөрсөн үетэйгээ их зууралддаг болохоороо ирээдүйгээ харж чаддаггүй талтай.
Та Оросод очиж үйл хийдэг үү? Тэнд шулам гэх тодотголтой хүмүүсийг их хүндэлдэг үү?
Би Оросод очиж үйл хийдэг. Өнгөрсөн зун Байгаль далайгаа тахиад ирсэн. Шулам хүндлэх тал дээр бол манайхаас арай дээр. Ер нь удган, зайран, шулам гэх хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө суудлыг мэдэж харьцах ёстой. Миний хэлдгээр бол "араамандаа яажигнах” хэрэгтэй. Ер нь хүн хүндээ хандахдаа, болж өгвөл нэг нэгийгээ гомдоохгүй байх нь чухал. Гомдоолоо гэхэд уучлал хүсэж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхийн тулд юуны өмнө өөртөө хайртай байж, өөрөөрөө бахархаж сур. Тэгвэл түмэн олон Танаар бахархах болно. Өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг хайрлах уу?!
Монголчууд шашин харшилдана гэж ярьдаг. Таны энэ чадвар өөр шашинтай харшилдах уу?
Үгүй. Би өөрөө шашны хүн биш. Тиймээс надад хандаж байгаа хүмүүс ямар шашин шүтдэг байх нь хамаагүй. Гэхдээ зөн совинтой хүмүүс энгийн хүмүүст сориулах дургүй. Нэгнээс нь ирж юм асуучхаад тэр зүйлээ дахиад өөр хүнээс асуугаад яваад байдаг нөхдүүдийг ойлгодоггүй. Хүн бүр дээр очиж амьдралаа асуудаг хүмүүс бол мэдлэггүй харанхуйгаасаа болоод ийм үйлдэл хийдэг. Тэд удам судраа мэдэхгүй, ёсоо мэдэхгүйн тод илрэл.
Хараал хийлгэнэ, хэдэн үеэр чинь хараана гэх юм. Яагаад бие биедээ тийм зүйл хийлгэдэг юм бэ?
Яагаад зарим хүмүүс нь хүн алаад, зарим нь хүн төрүүлдэг юм. Түүнтэй яг адил. Хараал, хараал гэж ярьсаар байгаад хүмүүс өөрсдөө хараалаа дууддаг. Хорвоо ертөнц дээр сайн, муу бүх зүйл байна. Хүн бүрт өвөг дээдэс, удам угсаа гэж бий. Удмын Тэнгэр үр хүүхдээ бусдад дээрэлхүүлж, түүнийгээ дорой явуулахыг хүсдэггүй юм. Тиймээс хүмүүст муу зүйл битгий хий, хүнийг бүү доромжил. Танд хүн муу зүйл хийлээ гэхэд, түүнд тэр үйлийн хариу нь заавал ирдэг. Гэхдээ өөрийн чинь хувийн оролцоогүйгээр, харин Таны өвөг дээдэс түүнийг "шийтгэсэн” хэрэг. Тиймээс хүнийг битгий оролд. Та гомдохгүй байж болно, харин Таны өвөг дээдэс гомдох учраас...
Үгийн хүч гэж бий. Муу үг, муу санаа хүнд хараал болж очих уу?
Муу үг хэлснээр өөрийгөө муу зүйлд өртүүлж, өөрсдийгөө хөнөөдөг хүмүүс бий. Хөнөөнө гэдэг нь өөрөө өөрийгөө харааж буй хэрэг. Хараалгах заяатай удам гэж бий. Мөн өглөг дутуу хүмүүс ч гэж бий. Таны өглөг тань дутуу байна гэхээр хүмүүс гайхаж ах дүү, амраг садандаа өгсөн, тэднийг тэжээснээ ярьж эхэлдэг. Эдгээр нь яс, цусных нь хүмүүс учраас өглөг хэмээн тооцогддоггүй. Хар элгийн, үнэн сэтгэлээсээ баярлах хүмүүст өглөг өгөх хэрэгтэй байдаг. Бид нар хийж буй үйлдээ ацаг авдаг. Гэхдээ түүнийгээ өөрийнхөө амь амьжиргаа, амьдрал ахуйдаа хэрэглэдэггүй. Өрөөл нэгэнд тус болох үүднээс сайн үйлд зориулдаг. Жишээлэхэд, би саяхан таван хүүхэдтэй айлд гэр авч өглөө л дөө...
Чухам яагаад ийм заяатай удам байдаг гэж?
Тэнгэр тэгж таалсан учраас. Харин улаач нарт хэлэхэд, Тэнгэртэйгээ холбогдсон л бол цээрээ яс биелүүлэх ёстой. Лалын шашинтай хүмүүс ярьдаг даа, "хиамаа талхныхаа дор хийж байгаад идчих хардаггүй” юм гэж... Үгүй шүү дээ! Хардаг л байхгүй юу, харах байтугай бодолд нь бий болоход нь л мэддэг юм.
О.Ачиймаа