Дэлхийг холбосон гэрэл зургууд
Хүмүүнлэгийн ажилтан, гэрэл зурагчин Лиза Кристины зургууд танд өөрийн эрхгүй нэгэн дотоод мэдрэмжийг өгнө.
30 гаруй жилийн турш зургаан тивийн 100 гаруй орноор аялан ард иргэдийн ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан түүний бүтээл эгэл даруухан боловч хүмүүний гол мөн чанарыг харуулсан байдаг юм.
Тэрбээр элдэв гоц этгээд сонин гэхээсээ илүүтэйгээр хүмүүн байгаль хоёрын харилцааг тодотгож, тэдгээрийн шүтэн барилдлагыг онцолжээ.
Хүмүүн нэг нэгнээ боолчлохын эсрэг тууштай тэмцэгч түүний гэрэл зургаас олсон орлого ихэнхидээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулагддаг байна. Тухайлбал "Боолуудыг чөлөөл” зэрэг байгууллагыг нэрлэж болно.
Эквадороос Мьянмар, Хятадаас Занзибар хүртэл аялж гэрэл зурагт буулгасан ард иргэдийн төрхнөөс байгальтайгаа уусан нэгдэж нэгэн бүхэл болж амьдарч буй харагдана. Өдөр ирэх бүр байгалиас алсран тасарч буй өнөө цагийн бидний амьдралыг өөр өнцгөөс харуулсан зургуудыг хүлээн авна уу.
Гэрэл зургуудынхаа тухай тэрбээр өгүүлэхдээ: "Эдгээр гайхалтай зургууд бол миний амьдралд өгсөн бэлэг хэмээн үздэг" гэсэн бөгөөд түүнд амь дүйн байж авсан зургууд ч байдаг ажээ.
Эдгээр гэрэл зургуудыг авахын тулд олон хүнтэй багтай хамтрахаас илүү ганцаараа ажиллахыг эрхэмлэдэг Лизагийн хувьд зургийн гол дүр болгонтойгоо амьд харилцаа тогтоож итгэлцэж чадсаны дүнд эдгээр гайхалтай зургууд бий болдог гэж өгүүлжээ.
Гэрэл зурагчин Лизад түүний бүтээлүүд нь ажил амьдралын тухай эргэцүүлэх, амьдрал хийгээд байгаль дэлхий ямар өгөөмөр гэдгийг ахин дахин мэдрүүлдэг гэсэн юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна.