98 хүнээс 520 сая төгрөг залилж, авчээ
Хэрэг явдлыг тодруулахад, энэ хэргийг гадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх "Алтан Харилцаа" ХХК-ий захирал С.Цэвэлмаа, түүний ах С.Мягмардаш нар хөл залгуулах унаа хайсан иргэдийг мэхлэх замаар гардан хийсэн хэмээн хохирогчид мэдээллээ. Мөн цаашлаад бусад хүмүүс ч холбогдох үндэслэлтэй гэж тэд үзэж байгаа юм байна.
Дээрх нэр бүхий хүмүүс нь "Dreamcar” гэх хаягийн доор үйл ажиллагаа явуулж иргэдтэй Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээ байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогдсон гэж хохирсон иргэд мэдээллээ.
Японоос захиалсан гэх автомашин Монгол улсын хилээр огт орж ирээгүй төдийгүй автомашинаа хүлээсэн иргэдийг "гааль дээр асуудал гарсан", "замдаа яваа" гэх зэргээр аргацаасаар хагас жилийн нүүрийг үзжээ.
Хамгийн гол нь хохирсон иргэд хэрэг эхэлж байхад Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандсан байдаг боловч, хууль хяналтынхан үүргээ үл ухамсарлан эл үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэн өнөөдөр хагас тэрбум төгрөгийг даваад байна гэж хохиросон иргэдийн төлөөлөл хэлж байна.Тодруулбал энэ оны 5-р сард эхний хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, анхааруулсан ба тухайн үед хохирогсдын тоо харьцангуй цөөн, хугацаандаа ирээгүй машин асууж сураглах хүмүүсийн тоо 10 гаруй байсан талаар хохирогчид хэлж байгаа юм.
Гэвч хэрэг хариуцсан холбогдох албаныхан ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас гэмт этгээдүүд давран гэмт үйлдлээ лавшруулж дахин 60 хүнийг ганцхан сарын дотор залилсан байна. Ингэхдээ асуудал үүсгэж буй иргэдээс зугтаж дараагийн иргэдийг хохироохдоо өөр өөр байршил ашиглан төөрөгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, эхний хохирогчид шинэ хохирогчидтой тааралдалгүй байсаар энэ оны долдугаар сартай золгожээ. Хэрэв хэргийг цаг тухайд нь таслан зогсоож чадсан бол хохирлын хэмжээ ийм өндөрт хүрч нийгмийг цочроох өргөн хүрээний залилан гарахгүй байлаа хэмээн тэд халаглаж байна.
Дээрх мэдээллээс харахад гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу зохион байгуулалттайгаар онц, их хэмжээний хохирол учруулсан учир 10-15 жил хоригдох ял авах үндэслэлтэй аж.Гэтэл хэрэг явдал ийнхүү хүндрээд байхад өнөөдөр цагдаагийн байгууллага асуудлыг шийдэх чиглэлд дорвитой алхам хийхгүй байна гэж хохирогчид үзэж байна. Хэдийгээр хэргийг гардан үйлдсэн гэх ах дүү хоёрыг түр саатуулаад байгаа ч зохион байгуулалттай залилангийн хэрэгт оролцсон байж магадгүй, оролцоогүй юм гэхэд болсон үйл явдлыг маш сайн мэдэж буй /иргэдтэй гардан гэрээ байгуулсан/ менежерүүдийг огт байцаагаагүй аж. Мөн өнөөдрийг хүртэл иргэдийн 520 сая төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй байна.
Тиймээс Хууль зүйн яам болон цагдаа, прокурорын байгууллага ба өндөр дээд албан тушаалтнууд дэзрх хэрэгт анхаарлаа хандуулахгүй бол өнеөдөр шударга хөдөлмөрөөрөө эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан суугаа 100 орчим иргэн ба тэдгээрийн гэр бүлийнхэн хэдхэн гэмт этгээдүүдийн үйлдлийн хохирогчид болж хэдэн жилийн хөдөлмерөө салхинд хийсгээд зогсохгүй энэ хэргийг үйлдсэн этгээдүүд хуулийн дагуу Монгол улсын иргэдийг хохироосныхоо хариуцлагаа хүлээхгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа тул анхааралдаа авч, яаралтай шийдэж өгөхийг хүслээ.
Сэтгэгдэл байхгүй байна.