Л.Мөнхбаясгалан: Брэндийн нүүр царай болно гэж зүүдэлж ч байгаагүй
"Цензургүй яриа” нэвтрүүлгийн автор, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг бид тайрмал үс, будаггүй мэт даруухан төрхөөр нь андахгүй. Харин энэ даруу төрхний цаана өөрийн гэсэн гоо үзэсгэлэн нуугдаж байж. Саяхан тэрбээр дүр төрхөндөө томоохон тэсрэлт хийж, Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн Монголд дахь салбарын "Northern Light" нэртэй 2016 оны намар, өвлийн коллекцийн рекламны зураг авалтад орсон нь яг одоо цахим ертөнцөд шуугиан тарьж байна.
-Монголын сэтгүүлчид дунд гадаадын брэндийн нүүр царай болсон хүн танаас өөр байдаг болов уу?
-Дани Улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн ноднингийн нүүр царайгаар нэвтрүүлэгч С.Чимгээ ажиллаж байсан. Анхных нь гэсэн үг. Харин энэ жилийн нүүр царай нь би болсон.
-Брэндийн нүүр царай болж, зураг авахуулах саналыг танд хэн тавьсан бэ. Ямар шалгуураар фото модель болов оо?
-DYRBERG/KERN брэндийг Монголд оруулж ирж байгаа Э.Халиун гэдэг стилист надад анх санал тавьсан. Тэдний хамт олон мэйк-ап, зураг авалт, үсчин гээд хүчирхэг баг ажилладаг юм билээ. Шалгуурын хувьд тэд "Манай энэ брэндийг дэлхийд сурталчлахдаа хүчирхэг, нийгэмд эзэлсэн байр суурьтай, төмөр хатагтай нарыг сонгодог. Та бидний шалгуурт нийцэж байна” гэсэн.
-Монголд энэ брэндийг ямар компани оруулж ирж байгаа юм бол?
-"Супер Рубин” гэдэг компани оруулж ирж байгаа. Стилистээр нь Э.Халиун, зурагчнаар нь Энхтүвшин /Solid Studio/, мэйп-ап артистаар Э.Сэлэнгэ /SALT Studio/ ажиллаж, үс засалтыг И.Батзаяа /GOLD SALON/ хийсэн.
-Таны хувьд Данийн энэ брэндийн аксессуарыг ямар насны, ямар бүсгүйчүүд зүүвэл илүү тохиромжтой санагдсан бэ?
-Миний хувьд өөртөө итгэлтэй, манлайлагч эмэгтэй хэрэглэвэл илүү тохиромжтой, гоё санагдсан. Алт, мөнгө, цагаан алт, даймонд зэрэг хэдийнэ хоцрогджээ. Харин энэ брэнд хүч чадлын бэлгэдэл болж чадахаар юм билээ. Манайханд нэг ийм ойлголт байдаг. Хүзүүний зүүлт шар өнгөтэй бол шар ээмэг, бөгж зүүх ёстой, цагны хэлбэр ч ийм байх ёстой гэдэг. Эмэгтэй хүний цаг нарийхан оосортой, жижигхэн байх ёстой гэх мэтчилэн хэвшмэл ойлголттой. Тэгвэл энэ брэнд дээрх хэвшмэл ойлголтуудыг эвдэж чадсан. Өнгөний хослол нь ямар ч өнгөн дээр яаж ч зүүсэн хосолдог, цаг нь илүү хүчирхэг, эрэгтэйлэг хэрнээ гоёмсог гээд бусдаасаа өөр болохоор надад их таалагдсан.


-Хэвлэл мэдээллээс өөр салбарт хүчээ сориод үзлээ. Ямар нэгэн сандрал, тэвдэлт гарав уу?
-Ер нь намайг зөвшөөрүүлнэ гэдэг үнэхээр л тэр хүмүүсийн мэргэжлийн ур чадвар гэж бодож байна. Би чинь тийм стиль имиж хөөж явдаг хүн биш шүү дээ. Тэгтэл намайг зөвшөөрүүлээд, нүүр будалт хийж, зураг авалтад оруулна гэдэг нь үнэхээр надад итгэл төрүүлсэн, өөр байдлаар ярьж чадсаных гэж бодож байна. Хоёрдугаарт, миний амьдралд нэг гоё дурсамжийг үлдээж чадлаа. Би огт өөр салбарт орж, ямар нэгэн брэндийн нүүр царай болно гэж зүүдэлж ч байгаагүй. Стилист гэж ямар хүн байдаг юм, мэйк-ап, үс засалт гэж юу юм бэ, зураг авалтын гайхамшиг гэж юу юм бэ гэдгийг харуулж чадсан. Гэрэл сүүдрийн тавилт, тухайн хүнийхээ зан характерт тохируулж дүрийг гаргаж ирнэ гэдэг бол стилистийн ур чадвар юм. Мэйк-ап артист нь хүний үндсэн дүр төрхийг алдагдуулахгүйгээр будна гэдэг гайхамшиг юм байна даа л гэж бодсон. Чадварлаг залуустай ажилласандаа баяртай байна. Мэдээж айж, ичиж байсан. Зураг гарахаас хэдхэн цагийн өмнө больдог ч юм бил үү гэж бодож байсан. Зураг аваад дуусахад хүртэл "Ер нь больё оо. Дэмий юм байна” гэж хүртэл хэлж байлаа. Харин нөгөө хэд маань "Үгүй, Мөнхбаясгалан эгч ээ. Та чадна, гоё байна. Энэ гоё юмаа тодруулж гаргахгүй ийм олон жил яагаад нууж явсан юм бэ” гээд урам өгч байгаад л зургийг маань авсан. /Инээв./
-Хүмүүс ч таны энэ шинэ төрхийг маш сайхнаар хүлээн авч байна лээ?
-Тийм ээ, хүмүүс маш сайхан хүлээн авсан. Нэвтрүүлэг маань энэ зургаас хойш формат, стиль нь өөрчлөгдөж байгаа. Түүндээ ч би баяртай байна. Энэ бол хамтын бүтээл, маш их ажил байсан. Зургаадугаар сараас хойш надад санал тавьж, өөрсдөө маш их ажиллаж, зураг зурсан байсан. Тэрийгээ надад үзүүлсэн. Энэ бол зүгээр нэг зүггүйтэл биш, маш их хөдөлмөр юм байна аа гэж ойлгосон.
-Цаашид өөр газрууд санал тавибал зураг авахуулах уу?
-Үгүй байх аа /Инээв./ Одоо болох байх. Нэг удаа жаахан дүрсгүйтэж үзлээ, таалагдлаа. Гоё дурсамжтай үлдээлээ. Гоё зураг ч надад үлдлээ. Хүмүүст ч бас таалагдаж байна.
-Та гоёл чимэглэл хэр сонирхдог вэ. Ямар аксессуар зүүх дуртай вэ?
-Би ер нь чулуунд дуртай. Ялангуяа цагирган ээмэг, чулуутай алтадсан юм уу, мөнгөлсөн төмөр эдлэл сонирхдог. Зан характертай маань ч таардаг. Харин DYRBERG/KERN-ийн бүтээгдэхүүнийг хараад л "Өө, энэ миний зүүх ёстой гоёл чимэглэл мөн байна” гэж бодсон шүү.
Эх сурвалж:
