Солирыг "Freddiemercury" гэж нэрлэжээ
Алдарт "Queen” хамтлагийн дуучин Фредди Меркьюри амьд сэрүүн байсан бол өнөөдөр 70 насны ойгоо тэмдэглэж байх байлаа.
Түүнийг нас барсан жил буюу 1991 онд олж илрүүлсэн "Солир-17473"-ыг түүний нэрээр нэрлэсэн байна. Швейцарь дахь "Montreux” казинод цугласан 1250 орчим шүтэн бишрэгчдийн өмнө тус хамтлагийн гитарчин Брайн Мэй үг хэлэхдээ, уг солирыг "Солир-17473 Фреддимеркьюри” гэж нэрлэх болсныг зарлажээ.
Мэй хэлэхдээ "энэ нь Фреддигийн дэлхий дахинд үзүүлсэн тэр их гайхалтай нөлөөг үнэлсэн хүндэтгэл юм” гэжээ. Тэрбээр мөн "Фреддимеркьюри Солир”-ийг олон нийтэд анх удаа танилцуулж буй энэ мөчид Фреддидээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!” гэжээ.
Баруун өмнөдийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Жоел Паркер гэрчилгээ гардуулахдаа, уг солирийг алдарт дуучны төрсөн өдөрт зориулан ийнхүү нэрлэсэн гэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Фредди Меркьюри "Би огторгуйд дүүлэн оддыг буудаж байна” гэж дуулдаг байсан билээ. Энэ үг өмнөхөөсөө одоо биеллээ олж байна. Хэдийгээр та Фредди Меркьюриг огторгуйд дүүлэн явааг олж харж чадахгүй боловч тэрбээр тэнд байгаа гэдэгт итгэж болно. Тэрбээр хэдэн мянган жилийн туршид огторгуйн мандлаас "би хэт хөөрлийн дунд хөвж явна” гэж дуулах байх” гэжээ.
Тус хамтлагийн гитарчин Мэй-ийн хувьд бөмбөрчин Рожер Тэйлор, дуучин Адам Ламберт нарын хамт уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Мөн тэрбээр Лондонгийн Эзэн хааны коллежид Астрофизикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр "Montreux”-т цугласан фенүүддээ хандан хэлэхдээ, "Фреддимеркьюри" нь Ангараг болон Бархасбадь гарагийн хооронд орших солирын бүсэд байрлах бөгөөд хоёр бээрийн хэмжээтэй. Энэ биет сансарт цог шиг гэрэлтэхгүй бөгөөд хүний нүдний харах боломжоос 10 мянга дахин бүдэг учир дэлхийгээс харахыг хүсвэл маш том дуран ашиглах хэрэгтэй. Тийм учраас 1991 оныг хүртэл уг солирийг нээж илрүүлж чадаагүй байсан юм” гэж ярьжээ.