Умард Солонгост хүчтэй газар хөдлөлт боллоо
Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж буй энэ үед тус улсад таван баллын газар хөдлөлт боллоо.
Өмнөд Солонгосын "Ёнхап" мэдээллийн агентлаг үүнийг "байгалийн бус, зохиомол газар хөдлөлт байсан" гэж үзэж байна. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Умард Солонгосын зүүн хойд нутаг дахь цөмийн туршилтын талбайгаас холгүй газарт чичирхийлэл мэдрэгджээ.
Умард Солонгосын зүгээс уг газар хөдлөлтийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нь тус улс цөмийн туршилт хийсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн дөрөв дэх удаагийн туршилт явуулсан "Пүнге-ри" туршилтын талбайд хөл хөдөлгөөн идэвхжиж байгаа нь хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас харагдаж байна.
Дашрамд дурдахад, БНАСАУ байгуулагдсаны 68 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.
Умард Солонгос томоохон үйл явдлуудыг тохиолдуулан өөрийн цэргийн хүчин чадлыг харуулахыг оролддог билээ.