Хөлбөмбөгийн түүхэнд анх удаа ногоон карт өгчээ
Италийн хөлбөмбөгийн лигийн Б серийн "Виртус Энтелла" болон "Виченца" багуудын хооронд болсон тоглолтын үеэр дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа тоглогчид ногоон карт өгсөн тохиолдол гарлаа.
Ногоон карт өгөх талаарх дүрмийн заалтыг өнгөрсөн оны намар баталсан боловч уг заалтыг шүүгчид ганц ч удаа хэрэглэж байгаагүй юм.
Өнгөрсөн ням гарагт болсон тоглолтын үеэр "Виченца" багийн тоглогч Кристиан Галано-д ногоон карт өгсөн байна. Тэрбээр тоглолтын 59 дэх минутад бөмбөгийг хаалганы хажуугаар цохисны дараа шүүгч "Виченца” багт булангийн цохилт хийх эрх өгсөн байна. Харин Галано өөрийгөө хамгийн сүүлд бөмбөгөнд хүрсэн гэдгээ шударгаар хэлсэн тул шүүгч шийдвэрээ өөрчилжээ.
Дүрэмд зааснаар, fair play буюу тоглолтын үеэр шударга байдал гаргасан тоглогчид ногоон карт өгдөг аж. Тухайлбал, өөрийгөө алдаа хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх эсвэл өрсөлдөгч нь бэртэл авсан үед бөмбөгийг талбайгаас гаргах зэргээр шударга байдал гаргасан гэх мэт тохиолдлуудад ногоон карт өгнө.
Сэтгэгдэл байхгүй байна.