Мэргэжлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтнаас татгалзаж эхлэв
МСҮТ буюу хуучнаар ТМС нь ямагт улс орны ажиллах гол цөмийг бэлтгэсээр ирсэн. МСҮТ-ээр дамжсан залуус богино хугацаанд мэргэжил эзэмшиж ажилтай орлоготой болохоос гадна үсчин, өрлөгчин, гагнуурчин, гоо засалын чадварлаг мэргэжилтнүүд болж ажилчин ангийн эгнээг өргөтгөж баялаг бүтээгчдийг төрүүлдэг жишиг бий. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсролын салбарыг дэмжиж хөгжүүлж байж гараа хөдөлгөж баялаг бүтээдэг хүмүүсээ нэмэх учиртай. Энэ ч утгаараа МСҮТ-үүд өнөөдөр 50 гаруй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.
Гэвч шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Н.Номтойбаярын санаа өөр байгаа бололтой. Тэрээр МСҮТ-үүдийг хувьчлах талаар албан томилолт бүр дээрээ ярьж байна. Цаасан дээр албажаагүй ч алсын зорилго, төлөвлөгөө нь энэ аж. Тиймээс МСҮТ-ийн хөгжлийг сааруулж, хувьчлах асуудал ярьж яваа салбарын сайдад хэдэн зүйлийг хаяглая.
МСҮТ-ИЙН ОЮУТНУУД ХИЧЭЭЛДЭЭ ИРЭХЭЭ БОЛИВ
Монгол Улсад өнөөдөр 91 МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаагаас 37 нь төрийн өмч, 54 нь хувийнх. Нийт 42 мянган оюутан суралцдаг. Тэгэхээр шинэ Засгийн газрын гаргасан эхний шийдвэр буюу суралцагчдын тэтгэлгийг хасна гэдэг 42 мянган өрхийн амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх мөнгө гээд хэлчихсэн ч хол зөрөхгүй. Албан ёсны мэдээллээр дээрх 42 мянга суралцагчийн 60 орчим хувь нь хагас болон бүтэн өнчин, төлбөрийн чадваргүй амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд байдаг юм байна. Уг нь улс орон эдийн засгийн хямралтай байлаа гээд уршиг нь зүдэрсэн борчуудын амьдрал дээр буух ёсгүй баймаар. 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хассанаас хичээлийн ирц бүрдэхээ больсныг МСҮТ-ийн багш нар хэлж байна. 2008 онд 45 мянга, 2014 онд 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй болсноор элсэлт эрс нэмэгдэж тэр хэрээр диплом өвөртөлж, лааз өшиглөсөн залуу үе биш ажилчин ангийн арми нэмэгдэж байсан. Гэвч тэтгэлгээ алдаж гадуурхагдсан оюутнууд хичээлдээ ирэхгүй байгаа шалтгаан нь магадгүй ар гэрээ тэжээхийн тулд ажил хийж явааг ч үгүйсгэх аргагүй гэдгийг цөөнгүй сургуулийн удирдлага ярьж байна. Хэдхэн хоногийн өмнө МСҮТ-ийн хэдэн зуун оюутан тэтгэлгээ нэхэж жагссан. Энэ үеэр "Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр "Социализмын үеэс улбаатай дэлхий нийтийн жишгээр бол МСҮТ-д сурч буй залууст цалин, хангамж өгөхөөс гадна суралцсан хугацааг нь ажилласан жилээр тооцдог улс орон бий. Магадгүй зарим тохиолдолд цэргийн алба хаасанд ч тооцдог. Ингэж байж улс орны эдийн засгийн аюулгүй байдал, ажиллах хүчний залгамж халааг бэлтгэдэг.Бид ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш үүнийг мартчихсан, ор тас хаячихсан байсан ч өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн яам байгуулагдсаны хүчинд асуудал арай нааштай болж, энэ салбар өндийж эхэлсэн. Одоо хувьсах зардлыг нь танаж, хүүхдүүдийнх нь тэтгэлгийг өгөхгүй гэж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл энэ салбарт ажиллах хүн олдохгүй Тиймдээ ч тал хувь нь 70 мянган төгрөгөөрөө ахуй амьдралаа залгуулж яваа. Дээр нь хичээл сургууль, автобус унаадаа зарцуулахаас гадна хоногийн хоолоо залгуулдаг. Хүүхдүүд сургуулиа хаях явдал нэмэгдэж байна. Ерөнхий боловсролын сургууль шиг хичээлдээ суу, ингэ тэг гэж шахаж шаардаад байх боломжгүй” гэсэн юм.
МСҮТ-ҮҮДИЙГ Н.НОМТОЙБАЯР САЙДААС АВАРЪЯ
МСҮТ-ийг үе үеийн Засгийн газар, салбарын сайд нар дэмжиж, ажилтай, орлоготой мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаарч ирсэн. Суралцагчид дэлхийн ур чадварын олимпиадад улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, мөн өнгөрсөн зургадугаар сард тухайн үед Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байёан Г.Баярсайхан Япон улсад айлчлах үеэр тус улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэлэлцээрийг амжилттай хийсэн байдаг. Үүний дүнд монгол залуус хөгжилтэй орны туршлагыг хөрсөн дээр нь очиж судлах боломж нээгдсэн юм. Харин мэргэжлийн Засгийн газар, шинэ сайдын бодлого шийдвэр мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн эсрэг яваад байх шиг. Үүнийг багахан хугацаанд гаргасан тэтгэлэг танах, хувьчлах санаанаас нь тодорхой харж болно. МСҮТ бол төлбөр төлөхгүйгээр богино хугацаанд мэргэжилтэй болох. Дээр нь тэтгэлэг авч амьдралаа залгуулах боломжтой амьдралын "их” сургууль юм. Энд дээр дурьдсанчлан ихэнхдээ төлбөрийн чадваргүй, бүтэн, хагас өнчин заримдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суралцдаг. Суралцах явцдаа болон төгссөнийхөө дараа ажлын байртай, сүйхээтэй чадвартай нэг нь ажил олгогч болдог нь хамгийн том давуу тал. Ийм учраас их, дээд сургуулийн өндөр өртгийг дийлэхгүй хүмүүс МСҮТ-д хүүхдүүдээ сургасаар ирсэн. Насанд хүрсэн хүмүүс ч ажлын байрандаа тэнцэх, хамгаалж үлдэхийн төлөө мэргэжил эзэмшиж, эсвэл мэргэжлээ дээшлүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор МСҮТ-д ханддаг юм. Мөн улс орны нэр нүүрээр орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарын материаллаг баазыг чамгүй дээшлүүлсэн.
Хамгийн гол нь өчнөөн сая төгрөгөөр сурчихаад эцэг эхийнхээ гарыг харж суугаа. Эдийн засаг хүнд байгаа энэ үед албан байгууллага бүр ажилчдаа цомхотгож, цөөлж байхад диплом өвөртөлсөн дээд боловсролтнуудын дунд хадаас тэгшхэн хадчих хүн хэд байгаа бол. МСҮТ-ийн төгсөгчид баялаг бүтээж хэн нэгэн цагаан захтны голсон ажлыг 15, 16 настай хүүхдүүд хийж байна. Энэ хэрээрээ хөдөлмөрөө үнэлүүлж төрийн албаны 400-500 мянган төгрөгийн цалинг хэд нугалж авч дундаж давхарга руу мацаж явна. Залуус бүгд дээд боловсрол эзэмшээд бичиг цаастай зууралдсан дарга, цэрэг болоод байвал хэн шавар зуурч, тоосго өрөх вэ. Хэн үс засч, хоол хийж нийтийн үйлчилгээний салбарт ажиллах вэ. Зөвхөн тэтгэлгийг нь танахад л амьдралд нь хүндээр тусч байгаа хүүхдүүд хувийн болгочихвол төлбөр төлөөд сурч чадах уу. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 54 хувийн МСҮТ-ийн төлбөр 500-900 мянган төгрөг байгаа нь зарим хувийн дээд сургуулиас ялгарахгүй болж.Тиймээс тэтгэлгийг хассанаар элсэлт буурч хувьд шилжүүлбэл мэргэжлээ цөөлж, багш нараа цомхотгох, ядарсан айлын хүүхэд мэргэжил эзэмших эрхгүй болох нь. Салбарын сайд нь иргэдийнхээ амьдралыг бодитоор харж ардын хүүхдийг бодсон шийдвэр гаргах учиртай. МСҮТ-ийн хувьчлалыг эсэргүүцсэн олон захирал, багш, ажилчид байгаа ч халаа сэлгээ өрнөж байгаа энэ үед болгоомжилж байгаа нь ойлгомжтой. Салбараа мэддэг хүмүүсийн хэлж байгаагаар ядуу зүдүү борог амьдралыг үзээгүй Н.Номтойбаяр сайдаас ардын хүүхдийг гудамжинд гаргахгүй байх хүсэлтийг биднээр дамжуулж байна. Энэ дашрамд, Н.Номтойбаяр сайдын хичээлийн шинэ жилийн нээлтэд хэлсэн мэргэжлийн боловсролын салбарыг шинэчилнэ гэсэн нь МСҮТ-ийн хувьчлал биш байх гэж найдъя. Ардын хүүхдийг гудамжинд гаргахаас өөр хийх ажил энэ салбарт өч төчнөөн бий. Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлж яваа Н.Номтойбаяр сайдын санаанаас харахад Мэргэжлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэхээс татгалзаж эхлэв бололтой.
С.УЯНГА
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.