Нобелийн хороо Боб Дилантай холбоо барьж чадаагүй байна
Энэ оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон Америкийн дуучин, ая зохиогч Боб Дилантай хараахан холбоо барьж чадаагүй байна гэж Нобелийн сан мэдэгдлээ.
Тус сангийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн даваа гарагт хэлэхдээ "Нобелийн хороо түүнтэй холбогдох гэж олон удаа оролдсон. Шагналын эзнээр тодорсныг зарласнаас хойших дөрөв хоногийн хугацаанд түүнээс ямар ч сураг чимээ алга” гэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Нобелийн шагналтныг зарлахаас нэг цаг орчмын өмнө болон зарласнаас хойш Нобелийн сонгон шалгаруулалтын хороо шагнал авсан хүмүүстэй байнга холбоо барьдаг” гээд "бид түүнээс хариу хүлээсээр байна” гэлээ.
Ирэх 12 дугаар сард Шведийн Стокгольм хотноо болох шагнал гардуулах ёслолд Боб Дилан оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Хэрвээ Боб Дилан тогтсон уламжлалын дагуу Нобелийн шагналтны унших ёстой дурсгалын лекцийг уншихгүй бол мөнгөн шагнал авах боломжгүй ажээ.
Нобелийн шагналтнаар тодорсныг нь зарласны дараахан нэгэн тоглолтонд оролцох үеэрээ Дилан шагналын тухайд юу ч яриагүй гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл байхгүй байна.