Төрийн өмчит хоёр үйлдвэрийн газрыг нэгтгэв
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төрийн үйлчилгээ”, "Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоов.
Ингээд тус хоёр үйлдвэрийн газрын гүйцэтгэж байсан чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн "Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. Мөн тус газрын дүрмийг баталлаа.
Ирэх дөрвөн жилд 259 хуулийг шинэчилнэ
"Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан байна. Ирэх дөрвөн жилд өөрчлөх 260 хууль, тогтоолын төслийг санаачлагчаар нь үзвэл Засгийн газар 238, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төслийг санаачлахаар тус тус тусгажээ.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог батлав
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
Гадаад ажилчдын тоо нь тухайн байгуллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.
2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.