ШУТИС–ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
Монгол Улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн түүхт ойг 2016 оны 11-р сарын 09-10-ны өдрүүдэд ШУТИС-ийн хамт олон, үе үеийн төгсөгч, багш нар тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад үндэсний инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны тогтоол, шийдвэрийн дагуу МУИС-ийн физик-математикийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудаас сонгон авч барилгын инженер, аж үйлдвэрийн инженер-эдийн засагчийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 1961 онд анхны төгсөлт болж 23 хүн Монгол улсын барилгын инженерийн дипломыг анхлан гардан авснаас хойш өнөөдөр түүхт 55 жилийн ой тохиож байна.
Энэхүү 55 жилийн хугацаанд ангиас салбар тэнхим, тэнхмээс факультет, факультетаас дээд сургууль, дээд сургуулиас их сургууль болон өргөжиж, үйл ажиллагааныхаа хүрээг тэлсээр өнөөдөр ШУТИС бүрэлдэхүүн болон харьяа 10 сургууль, 2 институт, Бизнесийн ахисан түвшний сургууль, Косен технологийн сургууль, ахлах сургууль, эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, сургалт судалгааны 43 төвтэй, 28 мянга гаруй оюутан, суралцагчид, 2000 гаруй багш, ажилтантай Монгол улсын тэргүүлэх их сургууль, шинжлэх ухааны судалгааны томоохон төв болон хөгжиж ирлээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс эх орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн барилга, эдийн засаг, эрчим хүч, геологи, уул уурхай, тээвэр, холбоо, хөнгөн, хүнсний салбарын үе, үеийн мянга, мянган төгсөгчид, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд ШУТИС 2016 онд сургуулийнхаа 70000 дахь төгсөгчийг бэлтгэн гаргажээ.
Монгол Улсын дээд боловсролын салбарын орчин үеийн өөрчлөлт, шинэчлэлийг ШУТИС манлайлж, сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, профессорын багийн зохион байгуулалт, нээлттэй их сургууль болох электрон сургалтын систем, инженерийн боловсролд олон улсын шинэ стандарт нэвтрүүлэх, байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэх зэрэг олон шинэчлэлтийн анхдагч болсон билээ.
Эдгээр бүх ололт амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсад инженерийн технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг өчигдөр "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Мөн ойн арга хэмжээний үеэр тус сургуулийн анхны төгсөгч, ууган багш Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Г.Базарыг ШУТИС-ийн "Хүндэт доктор” цолоор өргөмжилж хүндэтгэл үзүүлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.