Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хувь заяаг өнөөдөр шийднэ
Өнөөдөр Өмнөд Солонгосын парламент авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон ерөнхийлөгч Пак Гын Хэг гэм буруутайд тооцож суудлаас нь зайлуулах үгүйг (impeachment) санал хураалтаар шийднэ.
Хэрвээ санал дэмжигдвэл ерөнхийлөгч Пак тэр дороо эрх мэдэлгүй болж, суудлаасаа буух юм. Үүний дараа Үндсэн хуулийн шүүх хувь заяаг нь зургаан сарын дотор шийдэх ёстой.
Өнөөдрийн 15:00 цагт (манайхаар 14:00 цагт) Үндэсний Ассамблейн хуралдаанаар уг асуудлыг шийдэх юм.
Өмнөд Солонгосын түүхэнд Пакаас өмнө ганцхан ерөнхийлөгч асан Ро Му Хюнийг 2004 онд ийм замаар суудлаас нь буулгаж байв.
Санал дэмжигдэх магадлал өндөр байна. Учир нь Үндэсний Ассамблейн 300 гишүүний доод тал нь 200 гишүүний санал авч байж ерөнхийлөгчийг хүчээр огцруулах ёстой.
Гэтэл сөрөг хүчин болон бие даагч нар нийлээд 172 суудалтай байгаа бол дээр нь эрх баригч Саенури намын 40 гишүүн дэмжихээ илэрхийлээд байгаа. Тэдний 28 нь дэмжихэд л хангалттай гэсэн үг.
Ерөнхийлөгч Пак Гын Хэг дотны найз Чой Сүүн Силд төрийн хэрэгт оролцох, нэр төрийг нь ашиглан том компаниудаас авлига авах боломж нээсэнд буруутгаж байгаа. Мөн 2014 онд далайд живсэн Севол хөлгийн ослын үеэр 7 цаг орчим хугацаанд хаа байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсанд түүнийг сөрөг хүчнийхэн буруутгажээ. ikon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.