Ц.НЯМДОРЖИЙН “АДЛААД” БАЙСАН Б.НАРАНХҮҮ НАМЫНХ НЬ ДАРГАТАЙ ХАМТ “НЭГДМЭЛ ОРОС” НАМЫНХАНТАЙ УУЛЗАЖ ЯВНА
УИХ-ын дарга ОХУ-д айлчлалаар явж, Ц.Нямдорж дэд даргын хувьд өнгөрсөн долоо хоногийн чуулганыг удирдав. Тэрээр хуралдаа суудаггүй гишүүдэд хатуухан үг хэлж чуулганыг эхлүүлсэн. Тэр үеэрээ "…Ардчилсан намын бүлэгт Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй. Хэвлэлд ярилцлага өгөхдөө "Ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд яриад сууж байна лээ” гэж хэлээд эрхэм гишүүн Б.Наранхүүд хоржоонтойхон үг дайгаад авна лээ.
Тэгвэл хурал тасалсан гэж элдвээрээ хэлүүлсэн өнөөх Б.Наранхүү нь УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаад ОХУ-д ажил үүргээ гүйцэтгэж явна. Тэр ч байтугай МАН-ын дарга М.Энхболдоор ахлуулсан гишүүдийн ОХУ-ын "Нэгдмэл Орос” намынхантай хийсэн зөвлөлдөх уулзалтад хүртэл оролцоод явж байгаа мэдээллийг хэвлэлүүд дамжууллаа. Тиймээс "Нямдорж дарга хөөрхий Наранхүүг хэлмэгдүүлээ. Намынх нь ажлыг хүртэл хийгээд явж байхад араар нь янз бүрээр шоглолоо” гэх яриа Төрийн ордон хавиар гарч байна. Мөн Б.Наранхүү гишүүнийг МАН-д элссэн, тэрийгээ нуугаад байсан. Одоо ил болгож байна гэх "бор шувуу” нисэв.
Дашрамд хэлэхэд уг зөвлөлдөх уулзалтаас хоёр тал улс хоорондын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд эрх баригч улс төрийн хүчин болох "Нэгдмэл Орос” нам болон Монгол Ардын Нам онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл байхгүй байна.