АН-ын ҮЗХ-ны хурал дахин хойшиллоо
Долоо дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа өнөөдөр 14:00 цагт товлоод байсан ч дахин хойшлууллаа. Дээрх шийдвэрийг тус намын
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гаргасан байна. Учир нь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах нь илүү зохимжтой, одоогоор орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах нь зөв гэж үзжээ.Хэдийгээр намын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэрийг гаргасан ч улс төрийн хүрээнийхэн, ялангуяа Ардчилсан намын батлахыг өвөртөлсөн хүн бүр хэд, хэдэн удаа хойшилсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хүлээж байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл, тэд их ялагдал хүлээсэн Ардчилсан намд дотоод асуудлаас авахуулаад толгойноосоо хөл хүртлээ шинэчлэл хэрэгтэй байгааг ярьж, хэлж байсан.
Харамсалтай нь, намынх нь өнөөгийн дарга нар дахин хойшлуулсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа ямар асуудлыг хэлэлцэж, ямар менежментээр улс төрийн үйл явдалд оролцохоо ч өнөөг хэр нь тодорхой болгоогүй байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дахин сонгох байсан гэнэ. Учир нь, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат намынхаа үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас өөрийн хүслээр татгалзсан байна.
Тэрбээр татгалзах болсон шалтгаанаа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хальт дурдаад өнгөрчээ. Тэгээд ч үүрэг гүйцэтгэгчийн албан тушаал намын даргын сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг аж. Тиймээс л мань эр өөрийн хүслээр Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчийн суудлаас татгалзсан байна. Өөр нэг эх сурвалжийн ярьж буйгаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дагаад Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг бас томилох асуудлыг хөндөж байжээ.
Гэхдээ энэ бүхнээс илүүтэй намын дүрмээ шинэчлэх ёстой гэдгийг намын гишүүд ярьж, бүр шаардах болсон. Энэ ч утгаараа энэ удаагийн хурлаар намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг сөхөх байж. Хамгийн гол нь, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлын бэлтгэл ажлыг хэрхэн хангах тухай асуудлыг ч хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байсан гэнэ. Учир нь, намын Их хурлаар баталгаажих намын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанаас эхлүүлээд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, Г.Батхүү нарын нэр ч яригдаж байгаа. Гэсэн ч аль нэг нь намынхаа гишүүдийн дунд санал нэгтэйгээр дэмжигдэж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.