Арван жилийн хүүхдүүд нэгнийхээ хоолойг шилээр зүсэж, хүнд гэмтээжээ
-ГЭМТСЭН ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙНА-
Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутагт байрлах Монгол-Туркийн хамтарсан арван жилийн сургуулийн хоёр сурагч нэгнийхээ хоолойг шилээр зүсэн, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Турк сургууль гэх нэрээр нь монголчуудын сайн мэдэх "Улаанбаатар Эмпати” дунд сургуулийн сурагч аравдугаар ангийн болон 11 дүгээр ангийн 17 настай А, 16 настай Б нар хоорондоо маргалдаж зодолдон, нэгийгээ хүчтэй түлхсэний улмаас шкафны шил хагалжээ. Улмаар тус хагарсан шилээр нэгнийхээ хүзүүн тус газар зүсэж, хүнд гэмтэл учруулсан байна. Тэдгээр хүүхдүүд шалгалтынхаа завсарлагаанаар ийнхүү маргалдан, нэгнээ хохироосон байна.
Одоогийн байдлаар гэмтсэн хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа бол хэрэг үйлдсэн 16 настай Б-г Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсээс гадуур байцаан шалгаж буй юм байна.
Уг хэргийн талаар "Улаанбаатар Эмпати” сургуулийн эх сурвалжаас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоохоор ажиллаж байгаа байх. Манай сургуулиас цагдаад дуудлага өгсөн. Ангийн багш нь хоёр хүүхдийн байдалтай очиж танилцсан байсан. Эмнэлэгт байгаа хүүхдийн бие сайжирч байгаа мэдээ байна. Харин хэрэг үйлдсэн хүүхдийн хувьд барьж хорьсон асуудал одоогоор байхгүй байна. Бид энэ хэрэгт анхааралтай хандана. Хэт их дэвэргэсэн мэдээлэл гадуур гараад байна лээ. Ингэж мэдээллэх нь эргээд хүүхдэд аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Тийм учраас цагдаагийн байгууллагаас хариу хүлээж байна. Хүүхдүүд хоорондоо юунаас болж маргалдсан нь мэдэгдээгүй байгаа” гэв.
-ХОХИРОГЧ ХҮҮГИЙН АНГИЙНХАНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖЭЭ-
Эх сурвалжийн хэлж буйгаар 11-р ангийн хүүхэд нь доод анги болох аравдугаар ангийн хүүхдийг дээрэлхэж зодсоны улмаас хагарсан шилээр нэгнийхээ хүзүүг зүсэж гэмтээсэн байна. Энэ хэргийн талаар сургууль болон гэр бүлийнхний зүгээс нууцалж байгаа бөгөөд ангийн хүүхдүүдийг нь мэдээлэл өгөхгүй байхыг сануулжээ.
Энэ хэргийн талаар цагдаагийн байгуулагаас тодруулахад "Бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэгт одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна” гэв.
Сүүлийн жилүүдэд бага насны болон өсвөр насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг нийлээдгүй их бүртгэгдэж байгаа юм. Эцэг эхчүүд анхаарал болгоомжтой хандаагүйн улмаас хүүхэд өөрийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн насан туршдаа гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тулгардаг.
Таны, бидний хүүхэд амь нас болон эрүүл мэндээрээ хохирсоор байгааг цагдаагийн байгууллагаас сануулсаар байна. Хүүхэд эрх зүйн мэдлэггүй, өөрийн хийж буй үйлдэлээ хянах чадвар дутмаг байдгаас насан туршдаа нийгмээс гадуурхагдах аюултай. Цаашилбал эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжил болон өсөх орчин, хэнтэй найзалж байгаа, хичээлдээ явж байгаа эсэх, ямар дугуйланд явдаг, хичээл хэдэн цагт тардаг вэ зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй юм.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл байхгүй байна.