Ялагч нь аль эрт тодорчихсон “АН-ын даргын сунгаа” нэртэй жүжиг
180 мянга гаруй гишүүнтэй Ардчилсан намыг удирдах хүнийг зүгээр томилчихож болохгүй. Сонгууль нэртэй арга хэмжээ заавал зохион байгуулагдах ёстой. Тэгээд ч олон фракцтай нам аль нэг фракцдаа шууд л давуу эрх олгочихгүй байлгүй. Тиймээс таван нэр дэвшигчтэй намын даргын сунгаа нэртэй үйл ажиллагаа явагдаж байна.
Гэхдээ сонгогдох хүн нь аль эрт тодорчихсон гэх мэдээллийг намын гишүүд нь өгөөд эхэллээ.
Нэр дэвшигчдийг ажиглая.
Н.Алтанхуяг намаа удирдаж, 2012 оны сонгуулиар ялалт байгуулж байсан хүн. Түүнийхээ үр шимийг хүртэж, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Гэсэн ч эрх хэмжээгээ хэтрүүлсэн учраас намын нөхөд нь түүнээс урваж, нэг их удаалгүйгээр кабенитаар нь буулгасан юм. Одоо АН-д түүний нөлөө тун муу. Шинэчлэл, эрс өөрчлөлт хийнэ гэж ярьж байгаа ч өөрийн асуудлыг шийдвэрлэхээр л намынхаа даргад өрсөлдөж байна гэж хардах үндэслэлтэй. Түүнийг болоод түүний гэр бүлийг хууль хяналтын байгууллага шалгаад эхэлчихсэн. Эхнээсээ асуудлууд тайлагдаж, Ерөнхий сайд байх үедээ гэр бүлийнхэндээ давуу эрх олгож байсан тухай хууль хяналтынхан мэдээллэх болсон юм. Тэгэхээр Н.Алтанхуяг "том бүлэглэлтэй тэмцэж байна” гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ өөрийн болоод гэр бүлийнхнээ хутгалдсан асуудлаас салгаж авахаар л намын даргад өрсөлдөж байна гэж ойлгогдоод байгаа юм. Гэвч АН дахь "Алтан гадас” фракцын хүч сулраад удаж байна. Тиймээс Н.Алтанхуягийг тийм ч хүчтэй өрсөлдөгч гэж үнэлэхгүй байгаа бололтой. Тэгээд ч өмнө намын даргаар ажиллаж байсан хүнийг дахин сонгох хүсэлтэй гишүүд хэр олон байгаа бол.
Лу.Гантөмөрийн хувьд Боловсролын сайдаар ажиллаж байсан. Намынхаа залуучуудын байгууллагыг удирдаж явсан улс төрчийн хувьд бусад нэр дэвшигчидтэй харьцуулах туршлага, чадвар бага. Ер нь бусдыгаа бодвол залуу хүн гэж түүнийг онцолж болно. Намаа фракцгүй болгоно хэмээн өөрийн "нэг ардчилал” фракцийг задалсан. Гэвч 20 гаруй жил фракцийн эрх ашигт тулгуурлан хөгжсөн энэ намд өөрчлөлт авч ирнэ гэдэг бэрх. Ер нь ч Л.Гантөмөр намын лидер болж бусаддаа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэцүү. Яахав залуу хүнд хүсэл мөрөөдөл, тэмүүлэл бий. Түүнийгээ л биелүүлж яваа байлгүй дээ. Гэхдээ л Л.Гантөмөрийн ард өөр ашиг сонирхлын бүлэг байгаа гэж харагдаж байна.
Харин Иргэний хөдөлгөөнөөс орж ирсэнЖ.Батзандангийн хувьд хатуухан өрсөлдөгч байж мэдэхээр. Гэхдээ л нам дотроо гэхээсээ бусад нам, хөдөлгөөнүүдээс дэмжлэг ихээр ирж байгаа. 20 гаруй жил оршин тогтнож, бугласан системийг энэ тогоонд удаан чанагдаагүй, шинэ хүн л өөрчлөх боломжтой. Гэвч намдаа нөлөөлөлгүй хүн гишүүдийнхээ дэмжлэгийг авч, сонгогдоно гэдэг юу л бол. Үнэхээр АН-ынхан эрс шинэчлэлийг хүсч, фракцаасаа урвадаггүй л юм бол Ж.Батзанданд найдвар тун бага. Тэгээд ч Ж.Батзандангийн шинэчлэлээс АН-ын залуучуудын төлөөлөл М.Чимэддоржийн шинэчлэл илүү амьдралтай байж мэдэхээр. Гэхдээ М.Чимэддоржид намаа шинэчлэх боломж олдсонгүй.
Багануур дүүргийн Засаг даргаас намын төв аппарат руу дэвшин ирсэн Д.Эрдэнэбатынхувьд бас л найдвар муутай нэр дэвшигч. Н.Алтанхуягийг намын даргаар ажиллаж байх үед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан сайн түүхтэй. Гэхдээ үүнээс цааш түүнийг магтах, саашайх зүйлс олдохгүй. Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлд оруулсан Засгийн газарт ажиллаж байсан сайд. УИХ дахь АН-ын бүлгийн дарга гээд түүнд өндөр албан тушаалууд бүгд л байсан. Ер нь АН-ын удирдаж явсан хүмүүсийн л нэг. Тэгэхээр өмнө нь хийж чадаагүй зүйлсээ одоо хийнэ гэдэг юу л бол. Хүчтэй өрсөлдөгч байхын тулд намын гишүүдтэйгээ тулж ажиллах шаардлага гарах болов уу даа.
Эндээс л намын дарга болох хамгийн өндөр магадлалтай хүний нэр тодорч байна. Бөөрөнхийлөөд яах билээ. Улс төрийн карьер нь үргэлж өсч яваа "Баянгол”-оор овоглогддог С.Эрдэнийн тухай ярьж байна. АН дахь "Шонхор” фракц өнөөдөр ч хүчтэй оршин тогтносоор байгаа. Тиймээс энэ фракцийн төлөөлөл л намын дарга болох өндөр магадлалтай. С.Эрдэнийн сайн, муу хэлэгдэх тийм ч чухал асуудал биш. Харин түүний учраанууд л хэтэрхий сул байгаад асуудал оршиж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ялахын тулд Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ нарын сул өрсөлдөгчдийг бусад намаасаа нэр дэвшүүлж байсан шиг л С.Эрдэнийг ялуулахын тулд сул учрааг нэр дэвшүүлэх технологийг АН-ынхан зохион байгуулсан юм болов уу гэж харагдаад байна л даа. Намын даргын сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт хүртэл С.Эрдэнийн гэх тодотголтой хүн ажиллаж байх жишээтэй. Эндээс л ялагч нь тодорчихсон уралдаан зохион байгуулаад байна уу л гэж хардаж байгаа юм.
С.Эрдэнэд гай бий, гавьяа ч бий. Гэхдээ түүнээс өөр АН-ыг удирдах чансаатай хүн олдсонгүйд л гайхаж байна. АН лав л шинэчлэгдэж чадахгүй. Бугласан систем урдынхаараа оршин тогтнож, хүрд эргэдэгээрээ л эргэх нь.
Үндэстэн агентлаг