АН-ыг хэн удирдах вэ?
АН-ын даргад өрсөлдөх эрхмүүд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардана. АН-ын даргад нэр дэвшихээр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, М.Чимиддорж гэсэн 6 эрхэм бүртгүүлсэн. Нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн эрхмүүдийн нэг нь АН-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан бол, гурав нь УИХ-ын гишүүн, бас нэг нь УИХ-ын гишүүн асан, мөн эдийн засагч нэг эрхэм байна.
Нэр дэвшигчид өргөдөлдөө өөрсдийн зорилго, туршлага, намыг удирдах төлөвлөгөө зэргээсээ цухас дурджээ. Жишээлэхэд, АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр бүртгүүлэх өргөдөлдөө "Надад Ардчилсан намаа алсын хараатай, үнэт зүйл, үзэл бодолдоо үнэнч, хариуцлагатай, эв нэгдэлтэй, гишүүдээ сонсдог, нээлттэй, бодлогын бас гишүүдийн нам болгох төлөвлөгөө байна. Ирээдүйн Монгол улсаа өв уламжлал, ёс заншлаа мэдэж дээдэлдэг, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг, авьяас чадвартай, өөртөө итгэлтэй, бие даасан, ажилсаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадамжтай бүтээлч, эрх чөлөөт иргэдтэй, цэвэр чөлөөт зах зээлийн том эдийн засагтай, мэдлэгийн нийгмийг бүрдүүлсэн, жинхэнэ Ардчилсан орон болгох хүсэл, зорилго, цогц бодлого, эрч хүч, туршлага бас байна. Хувийн эрх ашигт дулдуйдаж, дарга тойрсон фракц, бүлэглэлүүдэд биш нэгэн тугийн дор үзэл бодлоороо нэгдсэн Ардчилсан намын зорилго, алсын хараа бол дөрвөн жилийн дараа зөвхөн сонгуульд ялаад зогсохгүй дөчин жилийн дараах оюун ухаант иргэдийн эрх чөлөөтэй, эрүүл нийгэмтэй,дэлхийд өрсөлдөх Монгол улс байх юм” гэдгээ онцолсон байна.
Үнэндээ ч АН-ын фракц, бүлэглэлүүд нэгэн дээвэр дор үзэл бодлоо нэгтгэн, нэгэн зүгт чиглэснээр шинэчлэл үргэлжилнэ.
Нэр дэвшихээр бүртгүүлсэн эрхмүүдийг тойрсон магтаал гэхээсээ шүүмжлэлийг цахимаар ам уралдан жиргэцгээж байна. Жишээлбэл, Н.Алтанхуягийг тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь АН-ын экс дарга Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. АН-ын Их хурлаар АН-ын дарга болох эрхэм Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгийг албан журмаар ёсчлоод байгаа. Тэгээд ч АН-ын шинэ удирдлага дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийг өрнүүлж, 2020 оны сонгуулиар ажлаа дүгнүүлэх эрхэм юм. Тодруулбал дөрвөн жилийн дараах сонгуулиар АН УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялах эсэхээр шинэ удирдлагын ажил дүгнэгдэнэ. Тиймээс шинэ он гараад л зургаахан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр бэлтгэх эрхэм хэдийдээ АН-ын шинэчлэлд бодлогоо төвлөрүүлэх вэ гэж ажиглагчид үзэж байна. Нөгөөтэйгүүр АН парламентад эрх баригч хүчин байхдаа түүнийг намын дүрэм журам төдийгүй улсын хууль зөрчсөн гээд намын дарга, Ерөнхий сайдаас нь давхар огцруулж, хариуцлага тооцсон санагдана. Гэхдээ намын даргад нэрээ дэвшүүлэх нь хариуцлага тооцуулсан эсэхээс үл хамаарч намын гишүүдэд нээлттэй юм билээ.
АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх үед "таксны 250 мянга”-ыг төлж чадахгүй хэмээж байсан Ж.Батзандан ямарт”-тай ч бүртгүүллээ. Түүнийг нэрээ бүртгүүлэхдээ зэрэгцээд УИХ-ын экс гишүүн Х.Тэмүүжин "Төрсөн ахыгаа Төрийн нарийн бичиг болгохын тулд Засгийг огцруулахад МАН-тай нийлсэн энэ хүн сайд болохы тулд АН-ын зарчихаж чадна” хэмээн жиргэлээ. Энэ мэт шүүмжлэл нэр дэвшигчдийг тойрсонгүй. Харин АН-ын даргад өрсөлдөхөө эртнээс зарласан Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга П.Цагаан нэрээ бүртгүүлсэнгүй. Ямартай ч тэрбээр АН-ын их хурлаар сонгуулийн ялагдлын алдаа дутагдлаа шүүж, шалтгаанаа олж тунгаагаагүй гэж үзэн, нэрээ дэвшүүлэхээс татгалзсан сурагтай.
АН-ын даргад нэр дэвших эрхэм наанадаж гишүүнээр элсээд 5-аас доошгүй жил болсон эрхэм байх шалгуурыг залуучуудаа дэмжээгүй, хууччуул нь суудлаа булаацалдсан бодлого хэвээр үргэжилж байна гэсэн шүүмжлэл хэвээр өрнөж байгаа.
Эдүгээ нэр дэвшигчдийн сунгаа эхэлнэ. АН VI их хурлын төлөөлөгчид намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох шийдвэр гаргасан. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор Ардчилсан намын даргын сонгуулийн хороог 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа юм. Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг, дүүрэг, сумын 339 салбар хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.
Өнөөгийн сөрөг хүчний хувьд АН-ыг хэн удирдах нь вэ. Намын дарга парламентын гишүүдээс сонгох уу эсвэл гадна талаас сонгох уу гээд татвараа төлсөн намын гишүүдийн хувьд ирэх өдрүүдэд эргэцүүлж бодох их сонголтын өмнө ирэх нь. Фракцын бодлогоо дагадах уу, бие даасан сонголт хийх үү гэдэг нь сонгогч гишүүдийн эрх хэдий ч намын анхан шатны байгууллагын удирдлагууд хэрхэн ажиллахаас хамаарах асуудал бий. Мэдээж нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгчдөдөө ч үг дайхсан байгаа. Ямартай ч парламентад суудалтай намуудын дарга нар нь УИХ-ын гишүүн байсаар ирсэн. Энэ нь сөрөг хүчний байр суурь хийгээд намын бодлогоо түмэнд хүргэхэд илүү нөлөөтэй байдаг. Тухайлбал, ИЗНН-ыг олон нийт УИХ-ын гишүүн С.Оюунаар л төлөөлүүлдэг. Тэрбээр 2016 оныг хүртэл парламентад сонгогдон, намаа удирдаж ирсэн.
Гэхдээ энэ удаагийн АН-ын даргыг сонгох явц Их хурлын төлөөлөгчдийн саналаар бус анхан шатны нэгж байгууллагуудын дунд их сунгаа явуулж байгаагаараа онцлогтой.
Ийнхүү АН-ын гишүүд шинэ даргаа Сар шинийн өмнө сонгоно. Харин дээрх эрхмүүдээс хэн нь АН-ыг удирдах бол?
Н.Энхлэн
Сэтгэгдэл байхгүй байна.